Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой!

Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой!

Хариуцлагыг даргаас нь ч, цэргээс нь ч нэхэх ёстой!

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаас чөлөөлөх үүрэг өгсөн. Гэвч дээрх шийдвэрийн дагуу ердөө гурван албан хаагчийг ажлаас чөлөөлж, НМХГ-ын зарим мэргэжилтнүүдэд цалингаас нь хасаад өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, нэг нь хариуцлага тооцсон, нөгөө нь тооцуулсан дүр эсгээд "Эмээлт"-ийн махны дуулиан дуусав.

Улс төрийн томчуудтай нэр холбогдсон "Эмээлт"-ийн махны хэргийн ард илүү том авлига байгаа нь худлаа биш. Энэ хүртэл явсан байхад мэргэжлийн хяналт, АТГ нүдээ аниад өнгөрсөн нь бүр их эргэлзээтэй юм.  Гэвч харамсалтай нь, дунд, доод шатны хэдэн ажилчдаар туг дахиад дарга нар хоолтойгоо, ажилтайгаа, авлигатайгаа үлдлээ.  Хариуцлагын тогтолцоо Монголд алдагдсан, дуулиан болонгуут л хэдэн дунд, доод шатныхныг халсан болоод өнгөрдөг нь бичигдээгүй хууль болжээ.  Монголоос өөр улс оронд бол Шадар сайд С.Амарсайхан нь, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нь МХЕГ-ын дарга Б.Баасандоржтойгоо хамт "зайлах" ёстой асуудал л даа. Өөрөө өргөдлөө өгдөггүй юм аа гэхнээ өөрөөр нь өргөдлтийг өөрөөр нь өгүүлэх ёстой том асуудал мөн үү гэвэл мөн.

Тиймээс хариуцсан нэгжийн удирдлагын шатныхан хариуцлага хүлээдэг, түүнийг шаарддаг байх нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол энэ мэт авлига, албан тушаалтай холбоотой дуулиан дуусахгүй.

Зөвхөн доод шатныхан хариуцлага хүлээдэг, дээд, дунд шатныхан гэмгүй өнгөрдөг асуудал ганц махны хэрэг дээр гарч байгаа юм биш. Манай улсад бол бүр бугшсан үзэгдэл гэж хэлж болно. Тухайлбал, багш нарын ёс зүйн асуудал дээр ч энэ байдал давтагдаж байна. Сайд нь, салбарын удирдлагууд нь, нийслэлийн боловсролын газрынхан, захирал бүгд л "багш руу буруугаа чихээд", багшийг халаад санаа амардаг. Гэтэл энэ нь боловсролын салбарт бугшсан асуудал болсоор байгаа юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД Ч ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ НЬ ОЛШИРСОН

 Кейс 1: 2021 оны арванхоёрдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын ахлах В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хариуцлага тооцох албан бичиг хүргүүлсэн бол аймгийн Засаг дарга "Ёс зүйн хорооны дүгнэлт гарч, цэцэрлэгийн удирдлагуудад  болоод М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авсан” гэсэн юм.  Тус торгуулийн арга хэмжээнд зөвхөн тухайн багш л хамаарсан. Да

Кейс 2: Энэ оны тавдугаар сард Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодсон хэрэг гарсан. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад "Тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, багшийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр багшид өмнө нь бас сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Иргэний боловсролын багш хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах байсан" гэв. Мөн өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охины гарыг улайж, хавдтал цохисон гэх мэдээлэл цацагдсан. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, тус сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадамыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Энэ мэт боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл гээд салбарт бүрд зөвхөн дунд шатныхан буюу ажилчид хариуцлага хүлээгээд өнгөрч байна. Угтаа бол багшаас гадна сургуулийн захирал, нийгмийн ажилтан, боловсролын газрын дарга, төрийн нарийн бичиг гээд шат шатны удирдлагуудад асуудал хамаарах ёстой.

Тухайн үед салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өгөхдөө "2022 оныг салбарын "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан нь сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаатай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байна. Үүнийг бид харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй. Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавих болно. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэж хэлж байв. Тийм, хүүхэд зодсон багш нарыг өрөвдөх хэрэггүй. Гэхдээ тэдний ажилд авсан, тэдэнд ёс зүйтэй байхыг шаардах ёстой удирдлагууд нь яагаад гэм буруугүй үлдэх ёстой юм бэ. Дарга, сайд, захирлууд үүнд хариуцлага хүлээдэг байж л багш нар хүүхэд зодохоо болино, боловсролыг салбарт ёс зүй бий болох юм.

МХГ-ЫН БАЙЦААГЧДААР ТУГ ТАХИХ НЬ ЗОХИМЖГҮЙ

Ажил үүргээ гүйцэтгэх шатандаа алдаа дутагдал гаргасан бол улсын байцаагчдад хариуцлага тооцохоос аргагүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн нэр бүхий гурван байцаагчийг ажлаас нь халж, АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Цаашдаа удирдлагын түвшинд хяналт шалгалт хийнэ” гэсэн.

Одоогийн байдлаар дулааны аргаар мах бэлтгэх, экспортлох үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуй нэгжийн 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Нийлүүлэлт, экспортын тухайд 2023 оны нэгдүгээр сар хүртэл зогсоосноо мэдэгдээд буй. Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаас гадна экспортын зөвшөөрөл олгодог, дүгнэлт гаргадаг төрийн албан хаагчдад ч  хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөхөө ам гарсан. Гэвч, экспортын зөвшөөрөл олгодог, дүгнэлт гаргадаг хүмүүстэй хариуцлага тооцсон юм одоогоор алга. Цаашдаа иргэд нь , дарга нь ч хоолтойгоо холиод идэх байлгүй. Гэхдээ энэ хэрэг зөвхөн гурван байцаагчийн асуудал биш МХЕГ-ыг үндсээр шинэчлэх шаардлагатай болсны дохио. Үүнд Шадар сайд ч буруутай.  Ажлын хариуцлага алдсан бол дарга, цэрэг адилхан хүлээх ёстой  биш үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж