Хуучирсан мэдээ: 2022.06.16-нд нийтлэгдсэн

Шүд шүтэгсэд

Шүд шүтэгсэд

 

Бурхан багш ийн айлджээ. Энэ ертөнцөд хэн ч өөрчилж үл чадах таван зүйл буй. Нэгдүгээрт, өтлөх хууль байхад үл өтлөх, хоёрдугаарт, өвдөх жам байхад үл өвдөх, гуравдугаарт, үхэх жам байхад үл үхэх, дөрөвдүгээрт, эвдэрч өмхрөх жам байхад үл мөхөх, тавдугаарт, шавхагдаж дуусах жам байхад үл шавхагдах эдгээр болно. Буй биеэрээ үүнийг батлаад хоёр мянга таван зууныг элээсэн ч харамсалтай нь түүний сургаалийн мөн чанарыг ойлгосонгүй. Төөрөгдөлгүй бол гэгээрэлгүй, гэгээрэлгүй бол төөрөгдөлгүй юм хойно монголчуудын нэг хэсэг нь бурхан багшийн дүйчин өдрөөр түүний чандарт мөргөж өнжив. Шүдийг нь сүсэглэж хонов. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг залсан нь Ганданг тийн хөлд даржээ.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм. Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна"

Хамба ингэж тайлбарласан болохоор бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг Батцагаан дуганд залах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд хууль тогтоогчид, Соёлын сайд Ч.Номин оролцсон төдийгүй “бузар” гэж цоллуулсан гишүүн ч баганы цаанаас цухалзана. Гэхдээ бузар гээч бас хоосон. Бид л бий болгосон тэрхүү ариун болоод бузар харьцангуй. Үнэндээ ариун, бузар хоёр буй гэж үздэгээс хүн бүх юмыг ариун, бузар хэмээн хуваана. Гэтэл хэрэг дээрээ ариун, бузрын аль нь ч үгүй, тэдгээр нь хүний сэтгэлээс үүдсэн буруу ташаа төсөөлөл гэдгийг бурхан багшийн сургаалд сургадаг.

Тиймээс Бурхан багш өөрийн чандарыг шүтүүлэхийг хүсээгүй нь лавтай бөгөөд харин буруу сургаалын нөлөөн дор буруу бодох нь буруу тайлбарлахад хүргэдэг гэсэн нь гарцаагүй. Өмнө нь,  1995 онд Бурхан багшийн чандрыг манай улс залж байхад бас сүйд болж байсан төдийгүй 2012 онд гэхэд Ерөнхий сайд Сү.Батболд Богдын хааны музейд очин бурхан багшийн шүдэнд нь мөргөж байв. Бид бурхан багшийн хоосон чанарыг бус хэлбэр төдийд л анхаарлаа хандуулж ирсний нотолгоо нь энэ болов. Бурхан багшийн шүд, Чойжин ламын сүмд буй ёонзон хамбын шарил байсаар атал бид Итгэл хамбын шарилыг харах гэж жилдээ хэдэн тэрбумаар нь аваачиж өгөөд тусыг эс олжээ. Өөдрөгөөр харвал, Энэтхэг руу бурхан багшийн шарилыг үзэх гэж өчнөөн мөнгөө манайхан зарлагадахгүй, эндээ үлдээх нь ээ. Шашинд хиймлээр, мухраар автаад бид төөрөгдөхөөс цаашгүй гэдгийг Төвдийн байгаа байдал, бидний өнөөгийн байдал харуулаад байна.

Гэтэл бүгд л зовлонгоос ангижирах хүсэлтэй. төгс гэгээрсэн бурхны чандарт мөргөхөөр очсон байх юм. Харамсалтай нь, бурхан багш эл үйлдлийг харсан бол ичиг байсан буй за.

Учир нь зовлонгоос салахын тулд гэгээрсэн хүний чандарт мөргөж бус найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэйг тэр буй ахуйдаа бидэнд сануулсан байх юм. Тэр нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрах, зөв тэмүүлэх, зөв санаж дурсах, ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.

Гэтэл суварга босгоод нүглээсээ салчихна гэсэн гэмтнүүд тал нутгаар нэг суварга босгожээ. Одоо бурхны хөшөө барьж бузгай мөнгө олох гэсэн этгээдүүд хүслээ түр хойш тавьчихсан хүлээж л байна. Монголын бурхны шашинтнууд байгаа байдал эл болохоор бурхан багшийн дүйчин өдрөөр мэндэлсэн нэгэн лав зүгээргүй хүн байж таарна.

Бурхан багштай нэг өдөр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрсөн болой. Ерөнхийлөгчийн ертөнцөд ирэх агшинд ер бусын өдөр тохиож тэнгэрээс солир, долир нь мэдэгдэхгүй зүйл унасан учраас Хүрэлсүх гэж нэр хайрласан тухай үлгэр домог шиг яриаг дэмжигчид нь түгээгээн сошиалаар хүүхэд, нохой шуугиулаад сүйд, майд.

Гэтэл сүсэг бишрэлгүй нэг хэсэг нь баталгаагүй махнаас айхдаа бурхан багшийн дүйчин өдрөөр  шинэ шөл уухын тулд амьтны амь тасдуулахаар Эмээлтэд очоод мал шүдлээд манаргаж явав. Бурхны шашинтай улс л гээд байдаг. Бидний байгаа мөн чанар ийм аж.

“Миний номлолыг гадны номтон бус миний шавь нар эвдэнэ” хэмээн бурхан багш хэлжээ. Юутай үнэн бэ? Тэдний шавь нар өнөөдөр өргөл барьцаар бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуураас эхлээд хэдэн зуу дахин нугалсан хөлс нэхдэг "даатгалын" байгууллага болчихсон нь нууц биш. Угтаа зовлонгийн шалтгаан нь бид өөрсдөө болчихлоо.

Шүдэнд мөргөөд яваа хуваргууд, мал шүдлээд яваа "мунхагууд" хоёрыг жингийн туухайд тавьбал хоёр дахь арай илүү бага нүгэлтэн байхыг үгүйсгэх арга алга. Адаглаад тэд алаг үрсдээ аюулгүй хүнс цуглуулахаар явсан өмгөөлөл бий.

Хүн гээч аливаад ижилдэн, дасахаараа төөрөлдөж эхэлдэг аж. Хэлбэр бус мөн чанар, төөрөгдөл бус гэгээрэлд хэзээ тэмүүлэх бол оо?

Л.Халиу 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж