Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих, улсын байцаагчдад хариуцлага тооцох үүргийг өгсөн. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
Тэрбээр "Манай газраас ганц Эмээлт гэлтгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэн нийлүүлдэг компаниудад хяналт шалгалтын ажлыг хийж байна. Ялангуяа дулааны аргаар мах бэлтгэдэг компанитай холбоотойгоор холбогдох аж ахуй нэгжүүдэд зөрчлийн хэргийн дагуу шалгаж байна. Эхнээсээ компаниудын үйл ажиллагаа цуцлаад эхэлсэн. Дараа нь прокурорын байгууллагад танилцуулна. Манай байгууллагын байцаагчид хариуцлага алдсан тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн нэр бүхий гурван байцаагчийг ажлаас нь халж, АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Цаашдаа удирдлагын түвшинд хяналт шалгалт хийж байгаа" гэв.
Мөн Эмээлтэд нийтдээ 32 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Үүний 15 аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үлдсэн компанийг мөн шалгах юм. Төрийн хяналт шалгалт нээлттэй байж, олон нийтэд мэдээлэх болно гэлээ.
Холбоотой мэдээ