Арилжааны банкууд ам.долларыг дөрөвдүгээр сараас эхэлж тодорхой хязгаартай олгож эхэлснээр зах зээлд хоёр ханш үүссэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос валютын зах “Найман шарга” болон Монголбанкны ханш тэнцсэн юм. Гэсэн ч арилжааны банкууд ам.долларын хязгаарлалтыг цуцлаагүй байна. Тодруулбал, зөвхөн нэн шаардлагатай валютын гүйлгээг хүсэлтийн дагуу лимиттэй хийж байгааг банкууд мэдээллээ.
Арилжааны төвүүдэд ам.доллар 3120-3140 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3120 төгрөгт хүрсэн байна.
Өнгөрсөн 3-4 дүгээр сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950-3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ өдрийн лимитийг банкууд өсгөсөн ч хязгаарлалт тогтоосон хэвээр байна. Валютын зах дээр ам.долларын өнөөдрийн ханш 3130 төгрөгт хүрчээ. Гэхдээ дээд тал нь 10 мянга хүртэлх ам.долларыг л зарж байгаа нь хэвээр байна. Арилжааны гол захад ам.доллар өмнө нь 10 хоногийн дотор 300 төгрөгөөр хэлбэлзэж, өдөр ирэх бүрд ханш өсч байсан нь ховор. Үүнээс болж Монгол Улсад валютын хоёр ханш тогтох нь гэдгийг ч сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болоод эдийн засагчид хэлж байв. Харин Засгийн газраас анхаарч ажиллаж, Монголбанк албан мэдэгдэл банкуудад хүргүүлснээр хоёр ханшийн зөрүү арилж эхэлсэн. Гэвч анхны ханш дээр эргэж очих эсэх нь өнөөгийн нөхцөл байдалд хугацаа их шаардахыг эдийн засагчид хэлж байна.
Банкуудаас асуухад өдрийн лимитийг 5000 мянгаас дээш болгож нэмсэн. Шаардлагатай иргэд өргөдөл бичиж, өдрийн лимитийг өсгөх боломжтой. Эм импортлогч болоод эмчилгээний зардал төлөх иргэдийн хувьд валютын гүйлгээ нээлттэй байгаа гэсэн юм.
Харин валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш 3100 төгрөгөөс буухгүй гэв.
МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГТ 3120 ТӨГРӨГ БАЙНА
Монголбанкнаас өнөөдөр /2022.06.15/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3120 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-тай тэнцлээ. Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж 10 сая төгрөгөөс дээш ам.долларын шилжүүлгийг ч хийж эхэлсэн. Гэхдээ энэ сарыг дуустал хязгаарлалтыг цуцлах мэдэгдэл ирээгүй гэв.
Холбоотой мэдээ