Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд буй. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүйгээс наадмын ажил цалгардаж буйг уран бүтээлчид хэлсэн юм.
Энэ талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар "Үндэсний их баяр наадмын төсвийг баталсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүй байна. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Уран бүтээлчид өчнөөн долоо хоног хүлээлээ шүү дээ.
Хил гааль хаалттай, бараа материалын үнэ хэд дахин өссөн байна. Үйлдвэрлэл хийх гол мэргэжилтэн болох зураач, гагнуурчин, хувцас дизайны хүмүүс мөнгөгүй учраас хөдлөхгүй байна. Ядаж урьдчилгаа авмаар байна гэдгээ хэлж буй. Бид аргаа бараад өнөөдөр пост бичлээ. Өмнөх жилүүдэд өдийд хамаг ажлаа нугалчихсан байдаг" гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Гэтэл өнөөдөр Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өгөхдөө "Тухайн жүжигчин наадмын нээлт, хаалтын концертод хэрхэн оролцож байгааг мэдэхгүй байна. Ер нь манай төрийн байгууллагууд ард иргэддээ үйлчлэх гэж олон жил ажиллаж буй. Тиймээс тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг хийгээд явж байдаг юм. Наадмын уран бүтээлчдийн зардалд нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ байгуулсан уран бүтээлчдийнхээ 70 хувийн санхүүжилтийг шилжүүлчихсэн" гэв. Баяр наадам дөхөхийн хэрээр төрийн албаныхан болоод уран бүтээлчдийн ажил давхцаж, ам ажил нь зөрж байгааг үүнээс харж болохоор байна.
Холбоотой мэдээ