Л.Оюун-Эрдэнэд зөвлөх нь: Хийвэл бүү ай!

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэд зөвлөх нь: Хийвэл бүү ай!

Л.Оюун-Эрдэнэд зөвлөх нь: Хийвэл бүү ай!

Ерөнхийдөө улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал нэгджээ. Өнгөрөгч долоо хоногт улс төрийн 24 намын удирдлага Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурсан талаар парламентад суудалтай намуудын төлөөллүүд мэдээлсэн юм. Тунхаг бичигт  Үндсэн хуульд арван чиглэлээр  нэмэлт өөрчлөлт оруулах агаад үүнийгээ ойрын хугацаанд олон нийтэд мэдээлэх юм гэсэн.

Үнэндээ Үндсэн хуульд ямархуу өөрчлөлт оруулах гэж байгаа талаар олон нийт мэдээлэл багатай, иргэд өөрсдөө ч  элдэв янзын хэрүүл, зодоон, дуулиан, шуугианыг л олж уншдаг, сонсдог болжээ. Уг нь Үндсэн хууль бол төр, ард түмэн хоёрын  хоорондын “тоглоом”-ын дүрэм юм.  Гэтэл иргэдэд энэ нь огтоос чухал биш Эмээлтийн махны хэрүүлд илүү ач холбогдол өгч суух.

 Эрх баригч МАН гурван жилийн дотор хоёр дахь удаагаа Үндсэн хуульд гар дүрэх гэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2019 онд шинэчилсэн Үндсэн хуулийн шинэчлэлтийг дутуудуулснаас болоод эрх мэдлийн зодоон ч эрх баригч МАН-д өрнөх болсон. Одоохондоо “олгой хагаравч тогоон дотроо” байгаа болохоос. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлуулсан бүтцийн өөрчлөлтөө хийж чадахгүй, өнөөг хүртэл танхимынхаа хоёр сайдаа өөрөө мэдээд томилохгүй яваа нь эрх мэдэл нь хүрэхгүй байгаад юм шүү дээ. Хэдийгээр Ардын намын автор бүхий, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад эрх мэдэл өгсөн ч гэлээ сандал суудал нь парламентдаа барьцаалагдсан, эмзэг хэвээр байгаа билээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу У.Хүрэлсүх ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч адилхан, өөрөө танхимынхаа сайдыг чөлөөлөх нь бүү хэл томилох эрх мэдэл байгаагүй, намын Удирдах зөвлөлтэйгөө зөвшилцөхгүйгээр. Ганц Н.Уртнасантай хариуцлага тооцсоныг нь эс тооцвол Л.Оюун-Эрдэнэд танхимаасаа хөөгөөд явуулмаар сайд ганц, хоёроор тогтохгүй л байгаа байх. Даанч намын тохироо наймаа, сандал суудлын хэрүүл, засаглалын хямралаа бодоод тэвчиж байгаа биз. Түүнээс "мал бол …" гэмээр сайдууд түүний засагт байна, байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цаазын ялыг халах, цэцийг улс төрөөс хараат бус болгох, парламентын гишүүдийг тоог нэмэх, холимог системээр сонгуулийг явуулах, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, төрийн сүлдийг шинэчлэх талаар улстөрчид, улс төрийн намууд санал бодлоо хэлж, хэлэлцүүлэг, маргаан ч ид өрнөж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн парламентаас сонгох, УИХ-аа тараах эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөхгүйгээр Монголын улс төрд нүүрлэсэн засаглалын хямрал дуусахгүй ээ.  Мэдээж, нутгийн дүүдээ намын болон засгийн тамгаа шилжүүлсний хувьд одоогоор, наанаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр эрх мэдлээ булаацалдахгүй л байх шиг байна. Цаашдаа хэрэвзээ Х.Баттулга шиг нөхөр Ерөнхийлөгчөөр  томилогдвол Засгийн газартайгаа эрх мэдлээ булаацалдах нь гарцаагүй. Дээр нь парламентын гишүүд нь тойрогтоо мөнгө хуваарилах гээд төсвөөс “авлига” нэхээд суудаг тогтолцоогоо өөрчлөхгүй бол юун Япон лугаа хөгжих, хөмөрсөн тогоондоо үлдэх нь байна.

Намуудын байр суурийг харахад сонгуулийн тогтолцоог холимог болгох,  үүнийг Үндсэн хуульд суулгаж өгөхийг хоёр гараа өргөөд дэмжиж байх шиг.  Жижиг мажоритори тогтолцооны гажуудал нь сонгогчдын санал гээгддэг, МАН гэхэд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар ердөө нийт сонгогчдын 44 хувиар л засгийн эрхэнд гарах жишээний. Нөгөөтэйгүүр гишүүдийн тоог нэмэх нь нийгмийн захиалга болсон. Ядаж л хоёр, гуравхан хүнд багцлагдаад, худалдагдаад, ЖДҮ хуваагаад хусахгүй байх.  Товчхондоо, УИХ-ын гишүүдийн нөлөөлийг буруулахын тулд гишүүдийн тоог нэмэхийг улстөрчид ч, улс төрийн намууд ч дэмжиж байх шиг байна. Гэхдээ явж, явж, нөгөө муу “фортуна” Н.Батбаярын гаргаж ирсэн 99 тоон дээр буух бололтой.  Гишүүдийн тоог 99 болгоё, тэднийг таван жилээр сонгоё гэсэн биш ерэн есөн тэнгэр шүтдэг энэ тэр болгоод элдвээр нь шоолсон доо.

Тогтвортой засаглал гэж амлаж гарч ирсний хувьд МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийг суудлаас нь огцруулчихалгүйхэн тэвчиж байх шиг. Үндсэндээ, түүний сандлыг зүүдэлж, мөрөөдөж яваа, боломж олдвол бухах нөхдүүд Л.Оюун-Эрдэнийн намд цөөнгүй. Л.Оюун-Эрдэнийн засагт сайн нь ч саар нь ч бий.  Гэхдээ түүний хувьд хөл хорьсноор цар тахлыг хохирол багатайгаар давах боломжгүй болохыг эртнээс ойлгосон нь "аврал" нь болсон. Нэмээд иргэдээ яаралтай дархлаажуулсан нь нөлөөлсөн юм.  Тиймгүй бол өдийд Монгол аль хэдийнээ дампуурлаа зарлачихсан байхыг хэн мэдлээ. Аз болоход Оюутолгойн асуудлаар "Рио Тинто"-той хэл амаа ололцсон нь бас нэг давуу нөхцөл үүсгэсэн биз. Үгүй байсан бол өдгөө намынхных нь сэлэм гялсхийж, түүний толгой “бөндөсхийсэн” байхыг ч үгүйсгэхгүй. Ханцуйндаа жижиг тонгорог нуусан  журмын "нөхөр-дайсан"-ууд түүнд олон байгаа ч биз. Гол нь институци хоорондын зөрчил үүсээгүй тулдаа л Л.Оюун-Эрдэнийн засаг тогтвортой байгаа юм.

Энэ удаагийн Үндсэн хуулийн реформоор яригдах ёстой чухал асуудал нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгож,  Ерөнхий сайд нь парламентаа тараадаг эрх мэдлийг өгөх ёстой.  Ингэж байж л эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчил арилна. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалынхаа ажилд хуруу, хошуу дүрэхээ болино. Засаглалын хямрал бол эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчил юм. Давхар дээлийн тоог нэмэх, Ерөнхий сайдын засаглалыг бий болгох нь зөвхөн Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл олгох гэж байгаа юм биш. Гүйцэтгэх засаглал тогтвортой байх тухай л асуудал хөндөгдөж байгаа юм.

Ардчилсан шинэ Үндсэн хуультай болсноос хойш тоолбол Монгол Улсад 17 дахь Засгийн газар нь үйл ажиллагаа явуулж байна. Ердөө 30 жилийн хугацаанд 17 засаг сольсон гэхээр нэг Засгийн газрын наслалт дунджаар 1.5 жил. Ийм нөхцөлд Монгол Улс уйдахгүй улстөржинө үү гэхээс улсаараа хөгжихгүй нь ойлгомжтой шүү дээ.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөд Үндсэн хуулийн реформ үнэхээр л хийе гэж байгаа юм бол Ардын намынхан 2019 онд гаргасан алдаагаа ахин, дахин давтахгүй  байх ёстой. Айвал бүү хий гэдэг.  Хийвэл бас хэн нэгнээс айх хэрэггүй. Гүйцэтгэх засаглалдаа эрх мэдэл өгсөн шиг өг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж