Европын орнууд энэ оны эхний таван сард Оросын нүүрснээс татгалзахын тулд Өмнөд Африкаас нүүрс импортложээ. “Reuters” агентлагын мэдээлснээр, 2021 оноос 40 хувиар илүү их хэмжээний нүүрс импортолсон байна.
Москвагийн эсрэг хориг арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлээд Оросын нүүрсний импортыг Европын холбооны орнуудад хориглох болсон.
Өмнөд Африкийн нүүрсний гол экспортын төв нь "Ричардс Бэй" терминал юм. "Ричардс Бэй" энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар Европын орнуудад 3,2 сая гаруй тонн нүүрс нийлүүлсэн нь нийт экспортын 15 хувь юм байна. Үүнд, Нидерланд, Итали, Франц, Испани, Дани, Польш, Герман, Украин гэсэн улсууд багтана.
Нидерланд улсын хувьд гуравдугаар сараас эхлэн "Ричардс Бэй" терминалаас нүүрсээ импортлох болсон. Импортын хэмжээ нь сүүлийн гурван сарын хугацаанд 1.27 сая тонн болсон ба улам нэмэгдэх төлөвтэй байна.
Харин Франц улс энэ онд 464 мянга гаруй тонн нүүрс импортложээ. Испани, Польш, Герман улсууд "Ричардс Бэй" терминалаас өнгөрсөн жил огт нүүрс импортолж байгаагүй. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар Испани 355 мянган тонн, Польш 181 мянган тонн, Герман 157 мянган тонн нүүрс тус тус импортлов.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ