Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Их үйлсийн эзэн

Бид урьд өмнө нь Монгол улсын дархан хилийн тухай, хилчдийн тухай сонин хэвлэлийн булан нүүр, аль нэг телевизийн нэвтрүүлгээс үзэж, мэдэж авдаг байлаа. Өдгөө цахим технологийн эрин үед ч мөн чанартай нэвтрүүлгээс дархан хилийн тухай сонин сайханг сонсож харж чадахаар болжээ. Үүний тод жишээ нь нийгмийн сайн сайхан, тэнцвэртэй байдлын төлөө Монгол улсын дархан хилийн түүх соёл, хилийн заставийн алба хаагчдын амьдралын зам мөрийн тухай “амьд” сурвалжлага бэлтгэж, асуудал шийдлийг эрэлхийлэн, олонд хүргэж буй “Эх түүхийн жимээр” нэвтрүүлэг. Уг нэвтрүүлгийн санаачлагч нь ШУТИС-ын БУХС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, Түүхийн ухааны доктор, боловсролын байгууллагад хоёргүй сэтгэлээр 23 жил зүтгэж яваа эгэл даруу, эрхэмсэг бүсгүй М.Жавзансүрэн юм. Тэрбээр өөрийн мэргэжилдээ эзэн байж, олон мянган оюутанд эрдэм мэдлэгээ түгээхийн зэрэгцээ “Эх түүхийн жимээр” нэвтрүүлгээрээ Монгол Улсын дархан хилээр 30000 гаруй километр замыг туулан явахад түүнд очоогүй нэг ч хилийн анги, застав үлдээгүй аж. Түүний энэ үйл хэрэг олонд хүрч өдгөө 138 мянган хүн сошиал хуудсыг нь дагаж, нэвтрүүлгийг нь шимтэн үздэг болсон байна.

Олон мянган бээр замыг туулан эх орныхоо торгон хилийг эргэж, эх түүхийн баримтаа зузаалж яваа. Том үйл хэргийг эхлүүлэн бүтээхэд хөрөнгө мөнгө, хүн хүч хүлээх хэрэггүй гэдгийг ч тэр өөрөөрөө баталж яваа бөгөөд нэвтрүүлгийнхээ зураглаач, сэтгүүлч, жолоочийг өөрөө гардаж хийдэг байна. Түүний ажил амьдрал нэгэнтээ Монгол улсын дархан хилийн зурвастай, ямарваа нэгэн гүн холбоосоор бэхлэгдсэн аж. Түүний эх түүхийн жимээ өөрийн мөрөөр тодруулж яваа үйлсийг нь алдаршуулан “Энхийн шагнал”-д нэр дэвшүүлж байгаа билээ. Энэхүү шагнал нь монголчуудын эв нэгдэл, амар амгалан, нийгмийн амьдралын тэнцвэртэй байдалд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо хөгжил, бүтээлч амьдралдаа Эзэн болсон эгэл жирийн хүмүүсд олгодог шагнал юм. Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтод сөхөрч биш зүтгэж, давж гарч чадсан бүтээгч хүмүүсээрээ бахархаж, тэднээсээ сурч, тэднийгээ алдаршуулж байхыг уг шагналаар дамжуулан залуу хойч үедээ уриалах нь энхийн шагналын гол зорилго билээ.

-Та түүхийн багш мэргэжлийг сонгож, амьдралынхаа замналд оруулсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

-Тавдугаар ангийн охин байхдаа л түүхийн  багш болно гэж мөрөөдөж ирсэн. 1994 онд миний үеийнхэн улс төр, эдийн засаг, хууль, Олон улсын харилцаа руу хошуурч байхад би түүхийн багшийн мэргэжлийг аль хэдийн сонгосон байлаа. Үеийнхэн минь тэнэг юм уу, хэнд ч хэрэггүй, уйтгартай түүхийг сонгоод гэж дуу алдаж байсан ч энэ надад саад болоогүй юм. Ингээд 1998 онд МУИС-д түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсөж, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд дунд сургуулийн түүхийн багшаар ажилласан. Буйдхан сумын сургуулиас их, дээд сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч хүртлээ  бүх шатны боловсролын байгууллагад 23 жил эрхэм хүндтэй албыг хашсан байна. Одоо ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш, түүхийн ухааны доктор зэрэг цолтой ажиллаж байна.

-"Эх түүхийн жимээр" нэвтрүүлгээ бүтээхэд юу таньд нөлөөлөв. Эх орноо тойроод хичнээн мянган километр замыг туулаад байна вэ?

-Хамгийн анх 2017 онд Монголын археологичдын судалгааны багтай хамт нэвтрүүлэг хийж, эхлэлээ тавьж байлаа. Монгол орныхоо 21 аймаг, 120 сумаар гороолж, Ховд аймгийн 17 сум, Завхан аймгийн 24 сум, Увс, Хөвсгөл аймгийн 15 сумаар дөрөө мултлан явсан байна. Монгол Улсын дархан хилээр бол 30 гаруй мянган километр явж ойролцоогоор 280 гаруй нэвтрүүлэг бэлтгэж, олны хүртээл болгосон байна. Өдгөө "Эх түүхийн жимээр" дөрвөн цуврал ном гаргасан байна. Одоо хоёр цуврал ном минь шинээр гарах гэж байгаа. Хүмүүс миний нэвтрүүлгийг ихэвчлэн төсөл хэрэгжүүлж яваа гэж андуурдаг. Төсөл гэхээр мөнгөтэй хийж буй зүйлийг хэлэх байх. Миний хувьд төсөл биш өөрөөсөө илүүчлэн, гэрийнхэн найзуудаасаа мөнгө зээлж , цалингийн зээл авч хийж буй ажил. Мэдээж зарим аймгуудад тодорхой хэмжээнд хамтран ажиллагчид байсан.  Гэвч дундаас нь хэзээ ч ашиг харж байсангүй. Нэвтрүүлэг бэлтгэх шалтагийн тухайд олон бий. Шалтгаан нь гэвэл хэзээ нэгэн цагт устаж үгүй болох өв соёл, түүхээ хойч үедээ үлдээх, баримтжуулан авах, 100 жилийн дараа гарч ирэх үнэ цэнийн төлөө ёстой л чөмгөө дундартал зүтгэж явна гэж боддог. Монгол Улсынхаа дархан хилээр 3 жил 30 гаруй мянган километр явахад 4 машинаа эвдэлж байгаагаас хоёрыг нь хилийн замд  эвдэлсэн, 1000 хуудастай ном гаргасан гээд хилд лавтай 100-аад сая төгрөг зарцуулжээ. Жирийн нэгэн түүхийн багш энэ бүхний ард гарсан гэхээр заримдаа өөрөө ч итгэдэггүй. Хөдөө хээр хил хязгааараар явахдаа олон асуудалтай тулгарч л явлаа. Хоёр сарын өмнөхөн Овоотын хилээс буцаж явахдаа осолд ороод, амьд үлдсэндээ талархаж сууна. Зарим хүмүүс хийсэн ажлыг минь үгүйсгэн, зарим нь муухайгаар хэлж, доромжилж байсан ч ухрахыг бодоогүй.

-Монгол орныхоо дархан хилийг өөрийн биеэр тойрч яваа хүнийхээ хувьд хилийн тухай ойлголтын талаар их зүйл хэлэх болов уу?

– Монгол Улсын хил халдашгүй дархан байх учиртай. Хилийн бүс нутгийн ширхэг чулуунаас ч эх орон минь бүрэлддэг жамтай.

"МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТҮҮХИЙГ ҮЛДЭЭХ, ХИЛИЙН ХАРИУЦСАН ХЭСЭГТ БАЙХ ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛУУДЫГ ТОЙРОХ ЮМ"

-Жилийн дараа түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй хил хамгаалах байгууллагын түүхэн замнал баян. Эх нутагтаа газар шороого бүрэн бүтэн үлдээхийн тулд дайн тулааны тэмцэл түүх хил дээр ихэвчлэн өрнөсөн байдаг. Ер нь хилийн торгон шугаман дээр дөрвөн  цагийн эргэлтэд хилчид л манаанд зогсож байдаг. Холын хол  ч гэсэн хилийн ангид машинаа барин очиход ахмад хилчдийн амьдрал сэтгэлийн утсыг минь хөндөж сэтгэлийг минь ихэд татдаг.  1970, 1980-аад оны үед жаалхан хүүхэд байхад дөрөв, найман айлын орон сууц гэж баригдсан хэдэн навтгар байшингууд сумын төвдөө л гоёхон харагддаг байсан бол одоо цагт хүний нүдэнд торохооргүй жижигхэн бас өнгө муутай үзэгддэг. Тэр хилээр байрлах хуучин гэрүүдийн гадаа очиж, хичнээн олон ахмад хилчидтай дөрөө нийлэн хилээр явсан юм бүү мэд. Тоогоо алдсан байх. Даанч өрөвдмөөр. Тэртээх 20 жилийн өмнө ажиллаж байсан заставаа харан нулимс нь мэлмэрэх ахмад хилчдийнхээ хамт явж, тэднийхээ хайраар хичнээн олон нэвтрүүлгүүдийн ард гарсанаа би мартахгүй. Халуунд халж, хүйтэнд хөрж яваа эгэлээс эгэл хүмүүс бол манай хилчид. Хилийн нэг багана дээр очоод үзэхэд гэмгүй. Тэнд очсон монгол хүн бүрийн нулимс мэлмэрнэ. Бас огшино. Үүнээс цааш хүний нутаг байгаа гэж бодоод дархан хилийн шугаман дээр зогсож байхдаа тусгаар тогтнолын үнэ цэнэ амар хялбар олдоогүй юм гэдгийг түмэнд түгээх их үйлсдээ эргэлт буцалтгүй зүтгэсэн надад очоогүй нэг ч анги үлдээгүй. Тийм л гэгээн зам, тусгаар тогтнол минь амар олдоогүй юм шүү. Аминаас илүү эх орноо хайрлаарай гэж хойч үедээ захимаар байна.

Сулинхээр хилийн заставын алба хаагчдын хамт 2022.06.06.

-Та “Эх түүхийн жимээр” нэвтрүүлэг бүтээхдээ өөрөө жолооч, эвлүүлэгч, сэтгүүлч гээд бүх зүйлээ өөрөө ганцаараа хийдэг байсан шүү дээ. Одоо өөрийн нэвтрүүлэг дээр баг бүрдүүлж амжив уу?

-Би ажлын өдрүүдэд хичээлээ заана, шөнө нь номоо бичиж суудаг.  Амралтын өдөр дөхөхөөр л аль ч хамаагүй нэг хил рүү зүглэмээр болно. Тэгээд бензиний мөнгө олоод л явдаг даа. Багаа томруулж, техникээ сайжруулах юмсан гэж мөрөөддөг ч түүхээр ашиг олохыг хүсээгүй,  алдар нэрийн төлөө яваагүй учир, хүн ажиллуулахгүй л байна даа. Бензиний мөнгө л байвал амжуулж болохоор учир том багтай болж амжаагүй явна. Хүмүүс түүхээ ойлгож, түүнийг дэмжиж, хамтран ажиллах цаг ирнэ гэж найдаж байгаа. Ухаантай хүмүүс их бий. Харин түүхийг минь ашиг олно гэж харж байгаа хүмүүст эх оронч үзэл огт байхгүй байна гэсэн үг. Саяхан говийн аймгаас буцаж явахдаа хачин их гуниглах сэтгэл төрж явсан юм. Тухайн аймгийн засаг даргын өрөөгөөр орж, өөрийн ажлаа үргэлжүүлэн дэмжих талаар санал тавьсанд манай дээр түүх, өв соёлын том төсөл хэрэгжиж байгаа. Тэр төслийн дагуу сум бүрээс 3 сая төгрөг гарч, бас төрөөс төдий хэмжээний мөнгө гарч байгаа. Манай аймгийн 15 сумаас хийх нэвтрүүлгийн төсөл нь 65 сая орчим болж байгаа гэхэд нь байж боломгүй санагдлаа. Нэг аймгаар явахад тийм их мөнгө ерөөсөө орохгүй л санагдана. Өнгө мөнгө хардаггүй эх оронч хүнийг олоход бас ялгаж харахад ихэд хэцүү болсон цаг аж. Даанч дээ хэмээн харуусаж ирлээ дээ.

-Таны хувьд хилийн ангиудад ном хандивладаг гэж байсан. Номнуудаа хэрхэн цуглуулж, яаж очих ёстой газар нь хүргэдэг вэ?

-Одоогийн байдлаар хилийн цэргийн хэд хэдэн ангиудад нийт 1448 ном хандивлаад байна. Ах нар, найз нөхдөөсөө л ном цуглуулж, хандив босгож явна. Номын хандивт маань сэтгэлийн өглөгөө харамгүй хүртээдэг олон байгууллага, танил нөхөд минь бий. Тухайлбал Жиком пресс хэвлэлийн газар, Үндэсний номын сан, хууль зүйн ухааны доктор П. Амаржаргал, Чойномын “Өд” сангийн тэргүүн, доктор Д. Ганболд ах, яруу найрагч С. Оюунчимэг эгч, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш Б. Дэлгэрмаа, Түмэнгийн Эрдэнбат хурандаа агсаны тухай нэвтрүүлэг хийлгэж буй Алтанбат эгч, ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш нар болох доктор Д. Наранцацрал, доктор Д. Сэрдарам, доктор Л. Эрдэнэболд гээд олон бий. Сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан номнуудаа ачаад л машинтайгаа, эсвэл замын унаанд дайгдаад аваад явдаг. Тэд нарынхаа сэтгэлийн өглөгийг хүрэх ёстой газар нь хүргэж, түүчээлж явахдаа талархалтай ханддаг даа.

-Таны хувьд саад бэрхшээлтэй тулгарсан үелдээ юунаас урам зориг, эрч хүч авч урагшилж байна вэ?

-Бэрхшээлгүй зам гэж юусан билээ. Олон мянган километр замыг туулахдаа бие сэтгэлээрээ өчнөөн удаа өвдөж хохирч явсан. Дэгээ голд явж байхдаа мориноос унаж хавиргаа гэмтээж, буцахдаа өвчин намдаах эм ууж, арай гэж машинаа барин ирсэн түүх ч бий. Өвчин намдаах эм уухаар шөнө нойр хүрээд машин барихад их хүндрэлтэй болж замдаа 2 хоног саатаж байж, арай гэж ирдэг юм билээ. Халхын гол уг нь 2,3 хоног явах газар биш л дээ. Мөн Сулинхээрийн отряд руу явж байхдаа шөнийн 04 цагт нойрмоглож явж байгаад аваарт орж байлаа. Тэшигийн хилийн анги руу явахдаа хамаг дугуйгаа хэгз цохиод, Хутаг-Өндөр суманд 4 дугуйгаа солиулаад,  шөнөжин давхиад, төөрч байж арай гэж ангиа олж очиж байв. Тэр зам бүр бартаатай их хол юм шиг санагддаг байлаа. Гэвч их үйл хэргийн зам мөр минь энүүхэнд л гэж санаж явсан. Хамгийн сэтгэл өвтгөм байсан үе бол Дорнодын  Баян-Уул руу явж байхад дээрээс дарамт шахалт ирэн, юу ч хийж чадаагүй буцаж байсан. Нилээд их мөнгө зарцуулсан л даа. Хавар гэрт гал гараад, гэртээ засвар оруулаад, хүргэн ахындаа амьдарч байх үедээ  Алтайн хил  рүү яван,  машинаа эвдлээд, банкаа цоолоод, 2 өдөр говьд ангаж үхэхийн даваан дээр амь аврагдаж байлаа. Тэгсэн атлаа  юунд ч санаа зовсон шинжгүй, хилээ дуусгасан минь жаахан ч болов урам зоригийн галыг асаадаг юм даа. Хаана хүрч зогсохыг үл мэднэ. Саяхан бие өвдөхдөө, нэг их харамсах юмгүй байгаагаа мэдэрсэн. Хүүхдүүддээ л санаа зовж байлаа. Хүн хийсэн юмтай байна гэдэг нь  амьдралд хорогдох шалтгаангүй байлгадаг юм уу даа. Зургаан  жилийн өмнөөс эх орныхоо төлөө гэсэн хүндхэн атлаа сайхан ажлыг нуруундаа үүрч эхлэхдээ өнөөдрийг хүртэл нэг ч өдөр сэтгэл тайван тогтвортой байсангүй. Хаанаас мөнгө олохоос эхлэн  яаж явах, ямар саад бартааг туулах бол, очихоор хилчид хэрхэн угтах бол, очсоныхоо дараа юуг нь гаргах,  яаж хүнд хүргэх гээд л санаа зовних зүйл их. Гэвч би нэг тийм засрашгүй өөдрөг хүн л дээ. Манай аав гэж Хангайг сүрлэг уул шигээ амгалан тогтуун нэгэн. “Болно доо” хэмээн ханцуй шамлаад л урдах ажилдаа зүтгэдэг хүн байсан. Би аавыгаа л дуурайсан байх. Тэр битгий хэл манай том хүү намайг дооглодог юм. “Ээж та минь хүнд битгий гомдож бай, муу хүмүүс зөндөө байдаг шүү дээ” гэж хэлж байлаа. Хэт их сэтгэл гаргахаар хэтэрхий их шаналдаг. Мэдээж нэг эмэгтэй бор зүрхээрээ зүтгээд л байдаг зүтгээд л байдаг. Яагаад түүнийг нь эерэгээр хүлээж авах, сайн сайхан зүйлийг нь олж харж болдоггүй юм болоо гэж гайхах үе зөндөө. Энэ их замын бэрхшээл, саадыг даван туулахдаа аавыгаа тэнгэрээс харж байгаа гэж бодож, эрч хүч авдаг. Аавыгаа хамгийн сүүлд асарч байхад “Миний охин сайн явна, та нар харж л байгаарай. Эцэг эхээ ачилсан хүн муу явдаггүй” гэж билээ. Тэрүүхэн дээ л  Аавтайгаа хол замд хамт яваа даа хэмээн сэтгэлээ цайлгадаг даа.

"ГЭТЭЛ БИ ХЭНД Ч ӨРГҮЙ, ЭХ ОРОНДОО Л ӨРТЭЙ БАЙХ"

-Та аль нутгийн хүн бэ. Сүүлд нутгаараа хэзээ очив?

– Миний аав, ээж хоёр хуучнаар Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын хүмүүс. Би Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Нутагтаа байнга очно. Өвөл ч очно. Зун ч очно. Жилд хэд хэд очно. Учир нь миний хоёр багыг ээж минь нутагтаа хардаг. Би гурван хүүхэдтэй. Бид дөрөв сая л сурагчийн амралтаар халуун ам бүлээрээ нэг цуглалаа. Охиноо 2 настай байхад өвөө эмээд нь үлдээсэн одоо хоёрдугаар ангид хөдөө сурч байна. Миний хүүхдүүд “Ээжийгээ санахгүй, санасан ч тэвчинэ” гэсэн тангарагтай. Гэр бүлээрээ эх орныхоо төлөө зүтгэж явна.

-Таны хувьд гэр бүлдээ зарцуулах цаг хэр байдаг вэ. Яаж энэ бүхнийг зохицуулж байна?

-Ээж хүний хувьд би муу ээж. Хааяа нэг очиж уулзана. Том хүүтэйгээ хамт амьдардаг. Хоёр багыг ээж минь нутагтаа харж байгаа. Миний ээж охиноо хүсэл мөрөөдлөөр нь амьдруулахын төлөө энэ насаа зориулж яваа хүн. Саяхан миний пэйж дээр нэг хүн “эхийгээ хайрлаагүй байж, эх орноо хайрлана гэж юу байсан юм. Хүүхдүүдээ эхээрээ харуулчихаад тэнэг хүүхэн” гэж бичсэн байна лээ. (инээв) Харин миний ээж надад хэлэхдээ “Эх орноо хайрлаагүй хүн эцэг, эхээ хайрлаж чадахгүй шүү. Эхлээд эх орноо хайрла, дараа нь намайг хайрла” гэж өсгөсөн. Энэ биеийг минь төрүүлж өсгөөд одоо ч миний төлөө амьдарч байгаа ээж бурхандаа л мөргөж явна.

-Таны хувьд цаашдаа хэрэгжүүлэхийг зорьж байгаа зүйл бий юу. Сүүлд "Түүхийн жимээр" дөрөвдүгээр цуврал дэвтэрээ хэвлэлтээс гаргасан байна. Энэ номоо үргэлжлүүлэх үү?

-Байлгүй яахав. Би буй байгаа цагт, хаана хэзээ дуусах энэ зам, хэзээ үхэх тэр хүртэлээ эх орноо тойрч явнаа. Монголын түүх аугаа. Би ганцаараа ч барахгүй. Түүхгүй хүн, түүхгүй газар, түүхгүй байгууллага нэгээхэн ч үгүй. Түүхийн жимээр дөрвөн цуврал ном гарсан. Одоо хоёр нь гараас гарсан ч хэвлүүлж хараахан чадахгүй байна. Ивээн тэтгэгч олддог бол хэвлүүлмээр санагдах юм. 4 дэх цуврал нь “Түүхийн жимээр Монгол Улсын дархан хил” хэмээх 1000 хуудастай өнгөт ном гаргасан. Уг номонд хилийн хариуцсан хэсэгт байх түүх, соёлын дурсгал,байгалийн үзэсгэлэнт газрууд, хилээс төрсөн 14 баатар, хилээс төрсөн генералууд, байлдагчаас генерал хүртэл 580 хүний ярилцлага багтаасан том бүтээл гарсан. Нэвтрүүлгийг, ярианы хэлийг бичгийн хэлэнд буулгана гэдэг их амаргүй ажил. Гэвч энэ бүхний ард гарсан нь бахархалтай сайхан. Жолоочоо хийнэ, буугаад дээлээ өмсөөд хөтлөгч хийнэ, найруулна, эвлүүлэгээ шөнөжин хийнэ, номоо бичнэ,  ажлаа хийнэ, хичээлээ заана, ганц бүсгүй хүнд ахадхаар их ажилд ханцуй шамлан зүтгэсэн байна. Ёстой л чөмөгөө дундартал зүтгэж байна гэдэг үг санаанд буугаад байгаа. Гэхдээ одоохондоо шантраагүй л байна. Бие жаахан өвдөнгүй байна. Өмнөх 7 хоногт Овоотоос буцаж яваад суусан машин минь онхолдоод аваарт орлоо. Харин азаар амьд үлдлээ. Олон түмний буян заяа түшсэн байх. Хааяа нэг биеэ чимхэж үзээд би амьд байна гэж бодохоор сайхан. Эцэст нь нэг л үг хэлье. Эх орон аминаас үнэтэй юм шүү гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж