Covid-19-ийн хоногт батлагдах тохиолдлын тоо буурсан ч ханиад томуугийн тархалт оргилдоо хүрч буйг эмч мэргэжилтнүүд сануулж буй. Тухайлбал, Монголд томуугийн тархалт 10-12, 3-4 дүгээр сард болдог. Энэ жилийн хаврын дэгдэлт хожуу эхэлсэн. Аймгуудад ч томуугийн тархалт өөр өөр түвшинд ангилагдаж байгаа аж. Дэлхий нийтээр ажиглавал Covid-19-ийн дараах томуугийн өвчлөлийн дүр зураг А хүрээний H3N2 илүү давамгай тархалттай байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй адил байгааг ХӨСҮТ-өөс анхааруулсан. Мөн амьсгалын замын вирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. Тиймээс цар тахлын дараа өвөрмөц онцлогтой томуугийн улирал үргэлжилж буйг анхааруулж байгаа юм. Томуугийн тархалттай холбоотой ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандах хүүхдүүдийн тоо нэмэгдэж эхэлжээ.
Тодруулбал, сүүлийн гурван сар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачаалал нэмэгдсэн байна. Яаралтай тусламж авахаар ирж буй хүүхдүүдийн дийлэнх хувь нь H3N2 томуугийн шинж тэмдэгтэй хүүхдүүд байгаа аж. Энэ нь Covid-19-ийн омикрон хувилбарын шинж тэмдэгтэй төстэй. Гэхдээ 1-3 дугаар сартай харьцуулахад эмнэлгийн ачаалал 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. Үүнийг өдрөөр нь авч үзвэл хоногт 250-450 хүүхэд эмнэлгийн тусламж авахаар хандаж байгаа аж.
Зургадугаар сараас томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр болж байна. Өмнөх хоёр жилийн Covid-19-ийн үетэй харьцуулахад буурахгүй, ижил түвшинд байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж томуу, томуу төст өвчин дэгдэж байгаа. Цар тахлын давалгаа дууссан гэж иргэд тайвширч болохгүй. Хүүхдийн өвчлөл цаашид ч өсөх эрсдэлтэй байна гэдгийг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хэлсэн юм.
ЭХ НЯЛХАСААС ГАДНА ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД Ч АЧААЛАЛТАЙ БАЙНА
СҮХБААТАР ДҮҮРГИЙН “ЭНХ СҮНДЭР” ӨЭМТ-ИЙН ДАРГА Г.ЭНХТУЯА:
-Covid-19-өөр өвдсөн, хүүхдүүд нь томуугаар хүндэрсэн гээд эмч ажилчид хомсдолтой байна. Иргэд уцаартай, бухимдалтай харилцаж байгаагаас үүдэж эмч, сувилагчид стресстэх, олон дахин нэг зүйлийг нь тайлбарлаж өгөх, үл ойлголцол гарах гээд бэрхшээл их. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол ачаалал. Хүн хүч багатай байгаа ч өрх дээр үндсэн үлэг оношилгоог хийх ёстой. Мөн эрт илрүүлэг эхэлсэн учраас хоёр эмч өдөр бүр сургуулиуд дээр очиж үзлэг хийж байна.
Өмнө нь өдрөөс өдөрт Covid-19-ийн тохиолдол ихсч бол одоо томуугийн тархалт эрчимтэй тархаж байна. Уг нь жил бүрийн гуравдугаар сард томуугийн идэвхжилт дуусдаг. Харин энэ жил тавдугаар сараас томуугийн тархалт идэвхжиж байна.
Тиймээс иргэд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Манай хорооны тухайд нийт 11 мянга гаруй хүн амтай. Үүний тал хувь нь хүүхдүүд. Тавдугаар сар гарснаас хойш 0-17 насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын тохиолдол эрс ихэссэн. Энэ удаагийн томуугийн онцлог нь хүүхдүүд маш хурдан хүндэрч, хатгаа болж байна.
Эмнэлэг дээр ирж байгаа хүүхдүүдэд гол төлөв хоолой барих, халуурах шинж тэмдэгтэй байгаа. Хүндэрсэн тохиолдолд бие нь сульдаж, унтаа болох идэвхгүй болох зэрэг шинжүүд ажиглагдаж байна.
Гол төлөв 4-9 насны хүүхдүүд томуугаар хүндрэх нь их байгаа. 10-аас дээш насныхан өвдсөн ч эдгэрэх нь хурдан байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь хүүхдэд олон төрлийн эм өгөөд, анагааж байна гээд гэрээр эмчлэх нь зөв гэж ойлгож болохгүй. Мөн хүүхдүүдээс гадна Covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн гээд түргэвчилсэн тест барьж ирж байгаа хүмүүс байна. Бидний зүгээс тестээ аваад ирвэл үзэж өгнө. Гэхдээ ихэнхдээ Covid-19 биш шинэ төрлийн томуугаар өвдсөн байгаа. Бидний зүгээс антибиотик гэхээс илүү халуун уух зүйл хэрэглэж, дархлаагаа сайн дэмжихийг зөвлөж байна.
Холбоотой мэдээ