НҮБ-ын ЕНБД-ын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

НҮБ-ын ЕНБД-ын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Монголд айлчилна

НҮБ-ын ЕНБД-ын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Монголд айлчилна

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруа энэ сарын 16-19-ний өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийх юм байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд оролцох аж. Үүний зэрэгцээ “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, хэлсэн үгэндээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулахаа зарласан билээ. Энэхүү мэдэгдлийн дагуу Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

Хурлын үндсэн зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорил, бэрхшээл, түүнийг даван туулах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон туршлага солилцоход чиглэгдэж байгаа аж.

Бага хуралд Нэгдсэн үндэстний байгууллага, Европын холбоо болон дэлхийн 30 орны 60 төлөөлөгч, Монгол Улсаас Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 25 энхийг сахиулагч эмэгтэй алба хаагч оролцох юм байна. Түүнчлэн дэлхийн зарим улс орнуудад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах бүхий л ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн төлөөлөл цахимаар нээлттэй оролцох ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж