"Тэнэг зориг"-той Х.Нямбаатар

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

"Тэнэг зориг"-той Х.Нямбаатар

"Тэнэг зориг"-той Х.Нямбаатар

Монголын улс төр, парламентад Х.Нямбаатар гэж “тэнэг зориг”-той хүн байна. Хуульчийн зарчим уу? хувь хүнийх нь өгөгдөл үү? хэлж мэдэхгүй юм. Галтай сэдэв болгоныг барьж авна. Бас болоогүй эцсийг нь үздэг гэмтэй. УИХ-ын гишүүнээр сонгогдсон бүрэн эрхийнхээ эхний жилд Эрүүгийн, Зөрчлийн болон просессын хоёр, нийт дөрвөн том хуулийг барьж авах үүрэг хүлээж байв. Ард нь ч гарсан. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Х.Тэмүүжингээр "амилж", Ч.Сайханбилэгийн танхимын сайд Д.Дорлигжаваар дамжин зүсээ хувиргасан эдгээр хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдүүлэхээр З.Энхболд алх цохиж байсан юм.

Гэвч Эрүүгийн болон Зөрчлийг хянан шийдвэрлэх гэсэн процессын хоёр том хуулийн эцсийн найруулгыг хийгээгүй, ёсчлоогүй орхисон нь эрх зүйн салбарт бүхэлд нь доголдол үүсгэх нөхцөлийг бүрдүүлснээр М.Энхболдын даргалсан парламент хэрэгжилтийн хугацааг сунгаж, холбогдох шинэчлэлийг эхлүүлсэн. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын гэсэн гурван Засгийн газар, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, С.Бямбацогт нарын Хуулийн сайдын гараар орж, хоёр парламент дамнан эх хуулийнхаа утга санаанаас ухарсан алдааг Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг засч, суурийг тавьсан гэсэн үг.

Баргийн Засгийн газар, салбарын сайд, парламентын гишүүний барьж авдаггүй, бардаггүй суурь болон процессын хуулийн реформ ингэж л эхэлсэн түүхтэй. Шүүх тогтолцоо олигархижиж, шүүгч нар толгой бизнесмэнүүдийн энд хүрэхүйц хөрөнгөтэй, хадгаламжтай болсон тухай шүгэл үлээхэд түүн шиг популист улстөрч Монголд байсангүй. Шүүх байгууллага руугаа дайрлаа л гэсэн. Шүүгчийн хараат бус байдал руу халдлаа л гэж байв. Эцсийн дүндээ Х.Нямбаатарын зөв болж таарсан. Эл тогтолцоонд шинэчлэл хийхээс нааш шударга ёсны талаар яриад нэмэргүй болсныг нийтээрээ, нийгмээрээ, хууль тогтоох дээд байгууллагынхаа түвшинд мэдэрч, ойлгосон. Шүүгчийг томилох эрхтэй Ерөнхийлөгч нь хүртэл Төрийн ордны гурван давхраас хэнийг яллах, яллахгүйгээ үүрэгдээд суух болтлоо, шүүх байгууллагын статус шалдаа буусныг тэр л илчилсэн, тэр хэрээрээ хараан зүхүүлж, чичлүүлж л байлаа. Тэглээ гээд алдаагүй. Дахиад л Х.Нямбаатарын зөв байж таарсан.

Оюу Толгойд Монголын талын Ажлын хэсгийг ахлаад ороход нь олон ч хүн түүнд эргэлзсэн, бас бассан л юм. Олон сарын турш хийсэн хэлэлцээрийн дараа Оюу Толгой тойрсон олон учгийн зангилаа тайлагдаж эхэлсэн нь саяхных. Анхлан гэрээ үзэглэсэн 2009 оноос өчигдрийг хүртэл хугацаанд гэдийж, зургаан Ерөнхий сайд, Засгийн газрыг ирээдүйд хуримтлагдах өрөөр нь барьцаалж, мөн басамжилж ирсэн хөрөнгө оруулагч талынхан бодит үнэнтэйгээ нүүр тулж, бас буулт хийж эхэллээ. Монгол Улсад ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, 2013 оноос таг гацсан гүний уурхайн бүтээн байгуулалт хөдөллөө. Үндсэндээ Монголын Засгийн газар, Рио Тинто хоёр ТЭГ гараанаас дахин эхэлж, тоглоомын дүрэм тодорхой, төлөвлөгөөтэй, бодитой болж байна.

Монгол Улсын засаглалын тогтолцоо дан ганц Оюу Толгойгоор хэмжигдэхгүй учраас одоо тэрбээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийг цэгцлэхээр дараагийн ТУГАА хатгалаа. 1996 онд буюу Ерөнхийлөгч асан Н.Багабанди УИХ-ын дарга байхдаа алх цохиж, ёсчилж асан эл хуульд өнгөрсөн 26 жилийн хугацаанд “косметик хагалгаа” хийж ирснийг эс тооцвол, сууриар нь шинэчлэл хийж, салхи оруулаагүй. Харин сайд Х.Нямбаатарын үед Засгийн газраас өргөн мэдүүлсэн нь, парламентын босго давж, хэлэлцэж эхлээд байгаа юм. Тогтолцооны хувьд том өөрчлөлт хийх зохицуулалт тусгасан болохоор түүнийгээ дагаад том дайралт энэ Засгийн газар, Х.Нямбаатар сайдыг чиглэх нь мэдээж. Ялангуяа Н.Багабанди тэргүүтэй нэгэн цагийн МАН-ын лидер, нөлөө улстөрчид нь Хуулийн сайдыг ажлыг нь хийлгэхгүй, тал талаас нь холгож таарна.

2005 онд Төрийн тэргүүний суудлаас бууснаар тэтгэвэртээ гарч, “Титэм үг” тэрлэх болсон Н.Багабандийн хувьд 2010 онд Оюу Толгойн анхны ТУЗ-д багтаж, одоо ч сууж буй дархан эрхтэй нэгэн. Энэ хооронд Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг ТУЗ-д төлөөлөх гурван хүний хоёр солигдож ирснээс бусдаар бул хар чулуу шиг болтлоо шигдсэн хүн тэр. Ямар шалтгаанаар яагаад тэнд шигдээд байдаг нь тодорхойгүй ч лав 10 гаруй жил тэнд суухдаа Оюу Толгойн гэрээний тухай ганц ч үг ганхийлгэж үзээгүй албан тушаалтан. Нэгэн цагт Ерөнхийлөгч явсны хувьд улс орны эрх ашигтай холбоотой асуудлаар хөрөнгө оруулагч талыг шахаж, шаардах хангалттай л хугацаа. Харин Хуулийн сайдын өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн хуулийн өөрчлөлтөөр хамгийн түрүүнд ажлаа өгөх хүн нь Н.Багабанди тэргүүтэй тэтгэвэртээ гарсан улстөрчид болж таарах гээд байгаа юм.

Энэ талаар “Оюу Толгойд Монголын 34 хувийг төлөөлдөг ТУЗ-ийн гурван гишүүний босго өндөрсөнө. Улс төрийн гэхээсээ мэргэжлийн боловсон хүчнийг томилдог болно” гэж сайд Х.Нямбаатар өөрөө хэлнэ лээ. Тодорхой нэр цохож хэлээгүй ч Төрийн өмчит компаниудад томоохон өөрчлөлт оруулах мессеж. Цаашлаад зөвхөн Н.Багабанди бус УИХ-ын гишүүн, сайд нарын хамаарал бүхий этгээдүүд Төрийн өмчит компанийн ТУЗ-д шигдчихээд сул цалин аваад явдаг тогтолцооны гажигийг засах нь. МАН Засгийн эрхэнд гарсан 2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан ч өнөөдрийг хүртэл хийгээгүй, хийхийг хүсээгүй ганцхан шалтгаан  бий.

Тэр нь бүх сайд өөрсдийн харьяанд төрийн өмчийн компанитай байх хүсэл. Замын компанийг Зам тээврийн, Эрдэнэт, Оюу Толгойг Уул уурхайн сайд өмчлөх гээд байдгаас үүдэлтэй. Товчхондоо бүх сайдын эрх ашиг хөндөгддөг учраас хуулийн өөрчлөлтийг парламентын босго давуулахгүй зургаан жил дарсан гэсэн үг. Гагцхүү Х.Нямбаатар Хуулийн сайдын хувиар УИХ-ын босго давууллаа. Олон ч улстөрч, УИХ-ын гишүүд, сайд, том зургаараа авлигачдын эрх ашгийг хөндөж таарна. Угтаа бол 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баялгийн эзэн нь нийт ард түмэн гэсэн заалтыг “амилуулах” гээд байгаа юм. Тэгэхийн тулд 2016 оноос хойш Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн, тэр дундаа МАН-ын гишүүдтэйгээ хуулиар тэмцэж, цэгцлэх нь. Магадгүй одоо л, “Тэнэг зоригтой”-гоороо Х.Нямбаатар л эхлүүлэхгүй юм бол Төрийн өмчийн компанийг цэгцлэх реформ ойрын 10 жилдээ лав орж ирэхгүй. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж