Жүдо бөхийн "Улаанбаатарын Их дуулга" эхлэхэд ес хоног үлдлээ. Одоогоор таван тивийн 29 орны 276 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал, Ян Юн Вэй, Анна-Мариа Вагнер, Хорхе Фонсека, Денис Вьеру, Шохэй Оно тэргүүтэй дэлхийн шилдгүүд Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болжээ.
Гэхдээ тэмцээнтэй холбоотой асуудлууд эхнээсээ гарч ирэв. Тодруулбал, Оросын тамирчдыг тэмцээнд оролцож буйг эсэргүүцэж, Украины тамирчид нэрээ татжээ. Тус улсын жүдо бөхийн холбоо ч олон улсын жүдо бөхийн холбоонд хандан, Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулж байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн аж.
Оросын тамирчид олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс тэмцээнд оролцох гэж байна.
Мөн саяхан жүдогийн дэлхийн аварга, Украины тамирчин Георгий Зантарая өөрийн цахим хуудаснаа “Би дөнгөж сая олон улсын жүдо бөхийн холбоо Оросын тамирчдыг Улаанбаатарт болох тэмцээнд бүртгэсэн байхыг харлаа. Хэрэв Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулвал би өөрийн бүхий л шагнал, дэлхийн аварга гэх алдраасаа татгалзана. Оросууд оролцвол украинчууд оролцохгүй” гэжээ.
Харин олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Жүдо бол боловсролын спорт. Хүндлэл, нөхөрлөл, эр зориг, харилцан туслах зэрэг үнэт зүйлсийг сургадаг. Жүдо нь тамирчид болон жүдо бөхийн бусад төлөөлөгчдийн эсрэг улс төрийн хөндлөнгийн оролцоо, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахаас зайлсхийхийг үргэлж хичээдэг” гэжээ.
Олон улсын жүдо бөхийн холбоо Владимир Путины хар бүс, хүндэт ерөнхийлөгч гэх албан тушаалыг нь хураан авсан билээ.
Холбоотой мэдээ