Өмнөд Солонгос энэ долоо хоногт “Nuri” сансрын пуужин хөөргөхөөр төлөвлөөд байсан. Гэвч пуужин хөөргөх талбайн орчим хүчтэй салхи үүссэний улмаас хугацааг нь Пүрэв гаригт болгон хойшлуулжээ.
“Наро сансрын төвд хүчтэй салхи шуурч байсан бөгөөд улам ширүүсч болзошгүй байсан. Салхинаас шалтгаалаад хөөргөх талбай дахь ажилчдын аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй байж болзошгүй” гэж Шинжлэх ухааны яам дүгнэжээ.
“Nuri” сансрын пуужинг өнгөрсөн оны аравдугаар сард анх удаа хөөргөх туршилт хийсэн. Тухайн үед 700 км өндөрт пуужин амжилттай хөөрсөн хэдий ч гурав дахь шатны хөдөлгүүр нь тооцоолсноос эрт шатсан тул хиймэл дагуулыг тойрог замд оруулж чадаагүй аж. Өмнөд Солонгос улс сансрын пуужингийн хөтөлбөрийг цаашид улам ахиулах хүчин чармайлтын хүрээнд 2027 он гэхэд дахин дөрвөн “Nuri” пуужин хөөргөхөөр төлөвлөж байна.
Уг пуужин нь гурван үе шаттай, шингэн түлшээр ажилладаг. Пуужингийн жин нь 200 тонн, өндөр нь 47.2 метр юм. Хиймэл дагуул зөөх үүрэгтэй уг пуужингийн хөгжүүлэлтэд 2010 оноос хойш бараг 1.8 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ