Үндэсний баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Бараг сүүлийн хоёр жил наадмаа цомхон хүрээнд тэмдэглэсэн монголчууд энэ жил ес хоног амарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэнэ. Улсын наадмын нээлт уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүрнэ. Үүнтэй холбогдуулан наадмын бэлтгэл ажил ямар шатандаа явааг сурвалжилсан юм.
Наадмын гол үйл ажиллагаа өрнөдөг Төв цэнгэлдэхэд орлоо. Наадмын бэлтгэл эхлээгүй, харин ногоон зүлгэн дээр нь Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөж буй Филиппиний хөлбөмбөгийн шигшээ баг бэлтгэлээ базааж, талбайн гадна нь “Ice top” хамтлагийн 26 жилийн ойд зориулсан тоглолтын тайз засч байлаа.
Ерөнхийдөө Төв цэнгэлдэхийн гадна, доторгүй засвар үйлчилгээ хийхгүй бол өнгө зүс нь ганджээ. Сандлууд нь хуучирч муудаж, салж унасан байдалтай, сүүдрэвч, баннер, шат, хүндэтгэлийн индэр зэргийн өнгө будаг нь ганджээ. Тэнд очиход засварын ажилчид үзэгчдийн орох хэсгийн хуучин будгийг хуулж, төв тайзны хажуудах бие засах газар, хүрээг буудаж байв.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзаж, наадмын бэлтгэл ажлын талаар тодруулахад “Төв цэнгэлдэхэд наадам хийх нь тодорхой болсон. Засварын ажлууд эхлээд явж байна. Гадна талын байгууламж, зам талбай, нийтийн бие засах газар зэргийг сэргээн засварлана. Сүүлийн хоёр жил Төв цэнгэлдэхэд наадам болоогүй. Тиймээс засвар, шинэчлэлийн ажил их байна” гэв. Түүний хэлснээр энэ жил нийтийн бие засах газар, цэнгэлдэхийн гаднах зам талбайг засахад чухал ач холбогдол өгч байгаа аж.
Мөн өнгөрсөн өдрүүдэд наадмын бэлтгэл ажилд зориулж, нэг ч төгрөг төрөөс өгөөгүй гэх мэдээ гарсан. Энэ талаар Т.Нямдаваагаас асуухад “Төсөв нь шийдэгдчихсэн. Гэхдээ мөнгө орж ирээгүй байгаа нь үнэн. Гэрээ, бичиг цаасны ажил дээр удаад байгаа байх” гэлээ.
Наадамд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн ч тодотголоор хасагдаж 2.3 тэрбум төгрөг болсон.
Цэнгэлдэхийн эргэн тойрон нохой, муур салхилуулдаг газар болсон талаар бид өмнөх сурвалжлагаараа та бүхэндээ хүргэж байсан. Учир нь хүүхэд, хөгшид амарч, зугаалах сандалгүй, зүлэг ногоо гэх юмгүй, энд тэндгүй хог хөглөрнө. Хоёр жил тэнд наадам хийгээгүй учраас хайхрах эзэд нь өмчөө өөд нь таталгүй хаячихсан бололтой.
Та бүхэн "Төв цэнгэлдэх хүрээлэн нохой, муур салхилуулдаг газар болжээ" сурвалжлагыг уншихыг хүсвэл энд дарна уу
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь анх 1958 онд тавигдаж, жилийн дараа буюу 1959 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш их засвар хийгээгүй, сандлыг нь будаж, өнгийг нь сэргээх, сүүдрэвч, дээврийг засах зэргээр урсгал засварыг жил бүр улсын төсвөөр хийдэг байна. Гэтэл тус цэнгэлдэхийн 51 хувь нь Т.Нямдаваагийнх.
Төв цэнгэлдэх хүрээлэнг 1993 онд хувьчилсан. Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл НИТХ хууль бус тогтоол үйлдэж, хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэр гаргажээ.
Олон шатны шүүх дамжиж, маргаан үүсгэсэн Төв цэнгэлдэхийн хэрэг эцэслэн шийдэгдэхдээ хувийн хэвшилд 51 хувийг хэвээр нь үлдээсэн шийдвэрийг шүүхээс зарласан байдаг. Ингэснээр Т.Нямдаваа болон хамтрагчид нь "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХК-ийн 49 хувь, түүн дээр павильоны 1.6 хувийг нэмээд 51 хувийг эзэмших болжээ. Нэгэнт Төв цэнгэлдэх хүрээлэн иргэн Т.Нямдаваагийнх болсон учраас тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК байгуулсан байна. Ингээд жил болгон наадам хийх гэж Т.Нямдаваад төсвөөс мөнгө хуваариладаг болоод удаж байгаа юм.
Энэ жилийн наадмын хөтөлбөрт бичсэнээр Улаанбаатарын үдэш арга хэмжээ хүй долоон худагт зохион байгуулна. Харин баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнө нь бөх дуусаад наадамчид тардаг байсан бол энэ жил хаалтын үйл ажиллагааг тэмдэглэхээр болжээ. Ямартай ч сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх төрийн наадмын тайз засагдаагүй, засварын ажил нь удааширалтай байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ