Тодруулга: Украин, Хятадаас ирдэг эмүүд тасалдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Тодруулга: Украин, Хятадаас ирдэг эмүүд тасалдаж магадгүй

Тодруулга: Украин, Хятадаас ирдэг эмүүд тасалдаж магадгүй

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбоотой мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж, зарим нэр төрлийн эм тасалдаж, үнэ нь өсчээ. Сүлжээ болон томоохон эмийн сангуудад антибиотик, нэн ховор төрлийн зарим эм тариа тасалдсан бол ихэнх эмийн санд вирусийн эсрэг эмүүдийн татан авалт ирэхгүй байгаа аж. Тиймээс тасалдаад буй эмийн татан авалтыг хэрхэн хийх талаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодрууллаа.

НӨӨЦ БАГАССАН ЭМҮҮДИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТЭД АНХААРЧ БАЙНА

Эм хангамжийн газрын дарга Г.ЦЭЦЭНСАНАА:

-Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, хил гаалиас шалтгаалсан эм, эмийн бүтээгдэхүүний импортод асуудал үүсч байгаа. Монгол Улсад Украины 98, Оросын 277 нэр төрлийн эм бүртгэлтэй. Нийт 375 нэр төрлийн эм тус хоёр улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн тасалдах эрсдэлтэй байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээг өнгөрсөн саруудад хийсэн. Эдгээрээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 137 нэр төрлийн эм байна. Үүнээс зарим эмийг өөр улсаас орлуулах боломжтой эсэхийг ялгаж, мөн судалгаа хийсэн. Зөвхөн ОХУ, Украин гэлтгүй Европын бусад улс орноос нийлүүлдэг эмүүдийн нөөц багасах эрсдэлтэй байна. Орос, Украинд эмийн гол логистикийн төвүүд байрладаг болохоор бусад орны эм ч тасалдах эрсдэл үүссэн. Энд зөвхөн тээвэрлэлтээс гадна ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө шилжүүлэхэд төлбөрийн хязгаарлалт тавигдаж байгаа асуудал үүссэн. Мөн Хятад Covid-19-ийн халдвартай холбоотой дотооддоо эмийн нөөц бүрдүүлэх хүрээнд эмийн экспортдоо хязгаарлалт тогтоож байгаа нь зарим нэр төрлийн эмийн нөөц багасах эрсдэл үүсгэсэн.

Одоогийн байдлаар дотоодын зах зээл дээр антибиотик, цус шингэлэх, амьсгалын замд нөлөөлөх, уналт таталтын зэрэг нэр төрлийн эмийн нөөц багассан.

Монгол Улсын эмийн бүртгэлд 5000 орчим эм байдаг. Нэн шаардлагатай тасалдал үүсээд байгаа эмүүдийг ЭМЯ-ны сайдын тушаалаар импортын зохицуулалт хийх ажил зохион байгуулж байна. Мөн тээвэрлэлтийг шуурхай болгох тал дээр анхаарч өгөх саналыг ЭМЯ, УОК-д хүргүүлсэн. Хангамж тасалдуулахгүй байх асуудлын хувьд тусгай зөвшөөрөлтэй газрууд шуурхай ажиллаж байна. Нэн шаардлагатай эмүүдийг өөр улсаас, эсвэл бүртгэлийн загвараас зөрүүтэй бүтээгдэхүүнийг хүний эмийн зөвлөлийн шийдвэрт тулгуурлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар импортын лицензийг олгох байдлаар тасалдлыг арилгах ажил мөн  үргэлжилж байгаа.

28 МЯНГАН ТУН ГАЛЗУУГИЙН ВАКЦИН ОРУУЛЖ ИРСЭН

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Иргэдийн зүгээс яаманд галзуугийн вакцины тасалдалтай холбоотой гомдол их ирүүлсэн. Вакцины татан авалтад тасалдал үүссэн нь үнэн. Учир нь галзуугийн эсрэг вакциныг Украинаас авдаг. Гэвч үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж вакциныг тээвэрлэх боломжгүйд хүрсэн. Тиймээс ЭМЯ-наас ГХЯ-нд хүсэлт хүргүүлж сар гаруйн хугацаанд тасалдаад байсан вакцины татан авалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн.

Одоогийн байдлаар 28 мянган тун галзуугийн вакцин буугаад байна.

Цаашид дахин вакцины татан авалт тасалдахгүй байхад анхаарч ажиллаж байна. Иргэд тасалдсан болон нөөц олдохгүй байгаа эм болон бусад тулгамдаж буй асуудлаар 11-11 төвд хандаж мэдээлэл өгөх боломжтой. ЭМЯ  эмийн нөөц болоод иргэдийн саналд тулгуурлаж шуурхай зохицуулалт хийж ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж