Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөөх эцсийн шатны “В” хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр/2022.06.14/ боллоо. “В” хэсэгт Монгол, Палестин, Йемен, Филиппин зэрэг дөрвөн улс багтсан билээ.
ПАЛЕСТИН 4:0 ФИЛИППИН
Азийн цомын тэмцээнд шууд оролцох ганц эрхийн төлөө дээрх хоёр тоглосон. Өмнөх тоглолтдоо Йеменийг 5:0 гэсэн харьцаатай хожсон Палестин энэ удаад ч сайн тоглолтоо гаргаж, Филлиппинийг ядах юмгүй буулган авлаа. Тэд нийт дөрвөн гоолынхоо гурвыг мөргөж оруулсан нь онцлох үзүүлэлт байв.
Палестин В хэсгээс нэг ч хожигдолгүй, гурван хожилтой дараагийн шатанд шалгарав. Харин өмнөх тоглолтдоо Монголын шигшээг эцсийн мөчид буулган авсан Филиппин хэсэгтээ аман хүзүүдлээ.
Тоглолтын дараа Палестины шигшээ багийн тоглогч Тамер Сейам “Энэ ялалт Палестины ард түмний хувьд маш учир утгатай ялалт боллоо. Өнгөрсөн гурван тэмцээний хувьд Монгол Улсын шигшээ багтай анхны хийсэн тоглолт хамгийн хүндхэн тоглолт байлаа” гэжээ.
ЙЕМЕН 0:2 МОНГОЛ
Хоёр баг нэрийн төрийн хожлын төлөө талбайд гарсан. Эхний хоёр тоглолтдоо эцсийн мөчид ялагдсан Монголын шигшээ баг тоглолтыг эхнээс санаачлагыг авч, довтолж тоглов. Энэ нь ч үр дүнгээ өгч Г.Ганбаяр шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулсан. Европт эх орныхоо нэрийг гаргаж буй тэрбээр хаалгач Э.Мөнх-Эрдэнийн алсын гайхалтай дамжуулалтыг тогтоон авч, гоёмсог гоол оруулсан. Энэ өдөр түүний ээжийн төрсөн өдөр байсан учир энэхүү гоолоо ээждээ зориулсан аж.
Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Г.Ганбаяр дахин гоолдож, багийнхаа тэргүүллийг баталгаажуулав. Үлдсэн хугацаанд манай залуучууд үр дүнгээ хадгалж, ялсан юм.
Энэхүү хожил нь Монголын шигшээ багийн Азийн цомын урьдчилсан шатны гуравдугаар шатанд байгуулсан анхны хожил төдийгүй анхны хаалгаа хуурай манасан тохиолдол болжээ.
Тоглолтын дараа Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка “Бид 2-0 харьцаатай ялалт байгуулсандаа баяртай байна. Залуус маань хичээж тун сайн тоглолоо. Монголын хөлбөмбөг илүү хамгаалалт зонхилсон тоглолтуудыг хийж байгаа. Бидний ирээдүй гэрэлтэй байна. Бид хичээж гоол оруулахыг зорьсон. Зорьсондоо хүрч хожлоо. Ичиро Оцүка Монголын шигшээ багийн хамтаар анхны хожлоо авлаа” гэв.
Холбоотой мэдээ