Томчуудын стрессийг шингээсэн тахлын үеийн хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Томчуудын стрессийг шингээсэн тахлын үеийн хүүхдүүд

Томчуудын стрессийг шингээсэн тахлын үеийн хүүхдүүд

Унага эхээсээ төрөөд нэг цагийн дотор зогсч чаддаг. Далайн яст мэлхийний зулзага ч мөн адил төрснийхөө дараа шууд л эрэг рүү өөрөө гараад ирдэг. Харин хүмүүс яадаг вэ. “Бид эхийн хэвлийгээс “бүрэн арчаагүй” амьтад төрдөг” гэж Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Дана Сускинд хэлжээ.

Хүний тархины хөгжлийн дор хаяж 85 хувь нь төрснөөс хойш таван жилийн дотор тогтдог аж. Секунд тутамд нэг сая гаруй мэдрэлийн холболт хүүхдийн тархинд үүсч, тархины дэд бүтцийг бий болгодог юм байна.

Хүүхдийн тархинд гурван наснаас хойш байнга ашигладаг мэдрэлийн холболтууд нь илүү бат бөх болж, ашигладаггүй хэсгүүд нь алга болдог гэхэд болно.

ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд Covid-19-ийг дэлхийн цар тахал гэж зарласан. Энэ үеэс хойш олон нийтээр цуглардаг бүх л газрууд хаагдаж, галт тэрэг, онгоцны буудлууд эзгүйрсэн. Нүдээр харахад амьдрал зогсонги байдалд орсон мэт боловч нөгөөтэйгүүр үргэлжилсээр, хүн төрөлхтөн үржсээр байлаа. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс тооцоолсноор 2020 онд тус улсад 3.6 сая гаруй хүүхэд төржээ.

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ХЭЛД, ХӨЛД ОРОХДОО УДААН БАЙНА


Covid-19 цар тахлын үед өсч, төрсөн бага насны хүүхдүүд хөгжлөөрөө үеийнхнээсээ хоцрогдолтой байгааг сүүлийн үеийн шинэ судалгаанууд нотлох болжээ. Ид цар тахлын үеэр буюу түүнээс өмнөхөн төрсөн хүүхдүүд хэлд, хөлд орох нь орой, хүнтэй харилцах нь бага байна. Эдийн засгийн уналт үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байж болзошгүй юм. Мөн хүүхэд асрах үйлчилгээ жигд бус байгаагаас олон хүүхэд гадаад ертөнцтэй харьцангуй бага харилцаж байгааг мэргэжилтнүүд онцлов.

Насанд хүрсэн хүмүүс амьдралынхаа туршид сэтгэл санаа болон санхүүгийн маш их дарамтыг амсдаг. Цар тахлын үеийн хүүхдүүд томчуудын энэ стрессийг асар хурдан шингээж авдаг байна. Covid-19 цар тахал тэр хүүхдүүдийн тархины хамгийн хурдацтай хөгжиж буй үетэй давхцсантай энэ нь холбоотой.

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр гэр бүлүүдэд туслах үйлчилгээ үзүүлдэг “Healthy steps” нэртэй хөтөлбөр бий.

Уг хөтөлбөрийн хянагч Рахил Бригсс хэлэхдээ, “Нялх хүүхдийн тархи бол хамгийн сайн аяга угаадаг порлон л гэсэн үг. Сайн муу ялгаагүй бүх л зүйлийг өөртөө шингээдэг” гэжээ.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад цар тахлын үеэр төрсөн хүүхдүүд асуудал шийдвэрлэх чадвараараа цар тахлаас өмнө төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад дунджаас доогуур оноо авчээ. Жишээлбэл, цар тахлаас хойш төрсөн зургаан сартай хүүхэд мөлхөх хугацаа болон толинд өөрийгөө хараад инээмсэглэх магадлал зэргээрээ тахлын өмнөх үеийн хүүхдээс харьцангуй доогуур байна. Энэ нь тухайн насны бүлгийн хувьд нэн чухал чадварууд юм.

“Rhode island” эмнэлэг болон “LENA” ашгийн бус сангаас хийсэн судалгаагаар цар тахлын үеийн хүүхдүүд маш бага ярьдаг болохыг тогтоожээ. Энэ нь нэг талаасаа дэлгэцийн цаг нэмэгдсэнтэй холбоотой бол нөгөө талаас байнга амны хаалт зүүсэнтэй ч холбоотой гэж үзэж байна.

Нярай болон бага насны хүүхдүүд үг, үсэг, авиа хэрхэн хэлэхийг томчуудын амны хөдөлгөөнөөс харж сурдаг учир томчууд амны хаалт зүүсэн тохиолдолд энэ нь боломжгүй болох юм.

Нялх нярай хүүхдүүдээс гадна бага ангийнхны дунд ч зарим нэг өөрчлөлт анзаарагдах болжээ. Хүүхдүүд ангийнхнаа хазах, цохих зэрэг зохисгүй зан авир гаргах нь ихэссэн гэдгийг бага ангийн багш нар баталсан. Энэ талаар өнгөрсөн сард Их Британид хэвлэгдсэн судалгаанд дурджээ.

Түүнчлэн, “HiMama” нэртэй програм хангамжийн компанийн тайланд дурдсанаар, өнгөрсөн хичээлийн жилд хүүхэд асрах салбарын бараг тал хувь нь боловсон хүчний дутагдалтай байжээ. Эндээс харвал цар тахлын үеэр хүүхдүүд эцэг эхээсээ ч, сургууль соёлоосоо ч анхаарал халамж хангалтгүй хүртсэн байх нь.

Колумбын их сургуулийн эрдэмтэд цар тахлын үеийн хүүхдүүдийн хөгжилд дүн шинжилгээ хийсэн. Ингэхдээ судалгаанд хамрагдсан зургаан сартай хүүхдүүдийг гурван ангилалд хуваажээ. Ээж нь Covid-19-өөр өвдсөн, өвдөөгүй, цар тахлаас өмнө төрсөн гэсэн гурван бүлэг. Судалгааны дүнгээр цар тахлын үеэр төрсөн хүүхдүүд булчингийн хөгжил, сэтгэл зүйн хөгжлийн хувьд гуравдугаар бүлгийн хүүхдүүдээс бага оноо авсан байна. Энэ насны нялх хүүхдүүдийн хөгжлийг тоглоомыг хоёр гараараа барих, гэдсэн дээрээ эргэлдэх, танихгүй хүнд ээж ааваасаа арай өөрөөр хандах зэргээр хэмжиж болдог гэжээ.

ЭНЭ БҮХЭН ГЭДСЭНД БАЙХААС  ЭХЭЛСЭН


Цар тахлын үеэр эхчүүд жирэмсэн болсон цагаас эхлээд л асуудлууд урган гарч ирсэн. Covid-19 хүүхдэд хэрхэн нөлөөлөх бол, ээж нь халдвар авбал хүүхэд хэрхэх вэ, амны хаалт нь хэл ярианы хөгжилд нөлөөлөх үү гэх мэт. Цар тахлын өмнө ба хойно төрсөн хүүхдүүд хөгжлөөрөө ялгаатай байгаа нь жирэмсэн үеийн эхийн стресстэй ч мөн салшгүй холбоотойг судлаачид онцолжээ.

Covid-19 дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд стресс, түгшүүр, сэтгэл гутралын түвшин 25 хувиар нэмэгдсэн байна.

Судалгаанаас үзэхэд жирэмсэн эх кортизол буюу стрессийн даавар ихтэй байх нь ирээдүйн хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, бие бялдрын эрүүл мэнд, боловсролын амжилтад сөргөөр нөлөөлдөг ажээ. Зарим тохиолдолд энэ нөлөөлөл хүүхдийн өсвөр насанд хүртэл үргэлжилдэг гэжээ.

Гэхдээ сайн мэдээ гэвэл эцэг эхчүүд энэ нөлөөллийг бууруулах, алга болгох боломжтой гэдгийг ч мөн эрдэмтэд сануулав. “Тоглоомын хүчийг ашигла” гэж "Форбс" сэтгүүлийн хуудсанд онцолжээ. Хүүхдийн хөгжлийн эхний үе шатууд гэрт, эцэг эхтэйгээ хамт өнгөрөх учир тэдний төлөө хийж чадах хамгийн том зүйл нь тоглох юм байна. Хэдийгээр юу хийхийг заасан ном хэдэн саяараа байдаг ч 15 минут хүүхэдтэйгээ хамт тоглохыг гүйцэх зүйл хаана ч үгүй гэжээ.

Түүнчлэн нэн шаардлагатай тохиолдолд эрт үеийн интервенцийн хөтөлбөрийг цар тахлын үеийн хүүхдүүдэд хэрэгжүүлбэл үр дүнтэй гэдгийг Харвардын эрдэмтэд зөвлөв. Эрт үеийн интервенцийн хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан хэл ярианы болон физик эмчилгээ үзүүлэх хөтөлбөр юм. Энэ нь хүүхдэд шинэ ур чадвар эзэмших, бэрхшээлийг даван туулах чадвартай болох зэрэгт нь чухал нөлөө үзүүлнэ гэжээ.

Эх сурвалж: USA TODAY, FORBES, HARVARD HEALTH PUBLISHING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж