Москвагийн эсрэг эдийн засгийн хоригийг зогсоохын тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин барууныг шахалтад оруулахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Йель их сургуулийн түүхч Тимоти Снайдер мэдэгджээ. "ОХУ нь Украины үр тарианы экспортыг саатуулсаар байгаагаа зогсоох шинжгүй байгаа нь хөгжиж буй орнуудыг их өлсгөлөн рүү түлхэж байна" гэж тэрбээр дүгнэсэн байна. Украин нь үр тарианы томоохон экспортлогч орон бөгөөд голдуу Ойрхи Дорнод, Азийн орнууд руу улаан буудай нийлүүлдэг.
Түүний хэлснээр Путин Украины экспортыг зогсоосноор Киевт тогтворгүй байдал үүсгэхээс гадна өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Африк, Ойрхи Дорнодын орнуудын дүрвэгсдийн их урсгалыг баруун руу чиглүүлж, Европын холбоог тогтворгүйжүүлэхээр төлөвлөж байна гэв. "Өлсгөлөн газар авч, хүнсний бослого тэмцэл гарах үед ОХУ нь үүнд Украиныг буруутгана. Улмаар Украин дахь Оросын эзэлсэн бүс нутгаас үр тариа импортлон авахын тулд бүх хоригоо цуцлахыг шаардана" гэж Тимоти Снайдер онцолсон байна.
Нэгдсэн үндэстний байгууллагаас өдгөө Украины улаан буудайн экспортыг чөлөөтэй гаргахаар ОХУ-тай хэлэлцээ хийж буй. Украины экспортууд зогссоноор дэлхийн олон бүс нутагт хэдийнэ хүнсний хомсдол үүсч эхэлсэн юм. Тухайлбал, ОХУ нь Одесс дахь боомтыг хааснаар зөвхөн тус хотын агуулахуудад гэхэд 20 сая тонн улаан буудай хадгалагдсаар байна.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ