"Хувь заяаныхаа эзэн болж, дэлхийн аварга болсондоо маш их баярладаг"

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

"Хувь заяаныхаа эзэн болж, дэлхийн аварга болсондоо маш их баярладаг"

"Хувь заяаныхаа эзэн болж, дэлхийн аварга болсондоо маш их баярладаг"

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3 бол Монгол Улсын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр. Учир нь  энэ өдөр хүндийн өргөлтийн Дэлхийн аваргын Монголын анхны медалийг Мөнхжанцангийн Анхцэцэг эх орондоо авчирсан билээ. Түүнээс хойш ДАШТ-ийн аварга, хошой хүрэл медалийн эзэн болсон төдийгүй Токио-2022 зуны олимпод амжилттай оролцож, монголчуудаа баярлуулсан. Тэрбээр Монгол Улсын хүндийн өргөлтийн рекордыг 70 гаруй удаа шинэчлээд байна. Тиймээс түүнийг “Энхийн шагнал"-д нэр дэвшүүлсэн юм. Энэхүү шагнал нь монголчуудын эв нэгдэл, амар амгалан, нийгмийн амьдралын тэнцвэртэй байдалд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орныхоо хөгжил, бүтээлч амьдралдаа Эзэн болсон эгэл жирийн хүмүүсд олгодог шагнал юм.

Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтод сөхөрч биш зүтгэж, давж гарч чадсан бүтээгч хүмүүсээрээ бахархаж, тэднээсээ сурч, тэднийгээ алдаршуулж байхыг уг шагналаар дамжуулан залуу хойч үедээ уриалах нь энхийн шагналын гол зорилго билээ.

 М.Анхцэцэгийн хүндийн өргөлтийн спортод гаргасан тив, дэлхийн амжилтын түүхийг доорх графикаас хараарай.

 -Сайн байна уу? Хүндийн өргөлтийн спортыг сонгон хичээллэхэд аав, ээжийн тань нөлөө хэр байсан бэ?

Сайн байна уу. Юуны өмнө уншиж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Аав, ээж хоёр бол эхэндээ жаахан хориглосон. Намайг хорьж дийлэхгүй юм байна, үнэхээр хүсч байгаа юм байна гээд сарын дараагаас эхлэн Спортын төв ордонд Чулуунпүрэв багш дээр минь аваачиж өгсөн. Миний анхны хүндийн өргөлтийн багшийг Цэрэнням гэдэг. Тэр үеэс эхлээд аав, ээж хоёр минь намайг нэг ч зүйл дээр хориглоогүй. Бүх талаар дэмжин тусалж, бүх ар тал минь болдог байсан. Одоо хүртэл хүүхдийг минь харж өгдөг. Дэмжлэг бол мэдээж асар том, асар их байсан.

-Хүндийн өргөлтийн хамгийн анхны тэмцээндээ хэзээ орж байсан бэ. Ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Миний орсон хамгийн анхны тэмцээн 2009 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн байсан. Тус тэмцээн Дархан-Уул аймагт болж байлаа. Хүүхэд байсан болохоор сандрал догдлол бараг байгаагүй, гоё санагдаж байсан.

-2017 оны дэлхийн аваргад оролцож байсан түүхээсээ, тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр миний нурууны өвчин сэдэрсэн. Тухайн үед би нуруугаа их гэмтээчихсэн байсан юм. Тиймээс өвчин намдаах лаа олныг хийж, өвчин намдаах эм ууж байж тэмцээндээ очсон. Огцом өргөлтөөр медаль авчихаад түлхэлттэй өргөлтөө хааж байлаа. Тэр үед надад түлхэлттэй өргөлтөөр медаль авах боломж байсан ч багш маань “Чиний эрүүл мэнд хэрэгтэй. Ямар ч байсан хоёулаа түүхэндээ анх удаа насанд хүрэгчдийн дэлхийн аваргын медаль авсан юм чинь одоо дараа дараагийнхаа юмыг бодоод нуруугаа хайрлах хэрэгтэй. Өчнөөн олон тэмцээн биднийг хүлээж байгаа” гэж хэлсэн. Тэгээд түлхэлттэй өргөлтөө хаах шийдвэр гаргаж байсан юм. Монголын  хүндийн өргөлтийн түүхэнд ДАШТ-ийн анхны медалийг авна гэдэг нь миний хувьд маш том хувь заяа. Энэ том хувь заяаныхаа эзэн нь болоод насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсондоо маш их баяртай байдаг.

-Анхны медалиа авч байсан үеийн мэдрэмж, одоо медаль авахад мэдрэгддэг мэдрэмж өөр үү, эсвэл яг л адилхан догдлол дүүрэн байдаг уу?

-Анхны медалиа авч байсан үе эсвэл одоо медаль авах мөч гэхээсээ илүү яг ямар өрсөлдөөн дундаас медаль авсан бэ гэдэг нь маш чухал юм шиг санагддаг. Өөрөө маш их тэмцэлдэж, өрсөлдөж авсан медаль үнэ цэнэтэй байдаг. Зарим тохиолдолд өрсөлдөх тамирчингүй, алт эсвэл ямар нэг медаль авах нь ойлгомжтой юм байна гээд оролцох тэмцээн байдаг. Хамгийн үнэ цэнэтэй медаль бол төрөөд зургаан сартай оролцсон Азийн аваргын тэмцээнийх. Хоёр сартай бэлтгэлдээ орж эхлээд, дөрвөн сартай үндсэн бэлтгэлээ хийж, өндөр ачаалал авч эхэлсэн. Бас олон килограмм жин хасч байж тэмцээндээ орж байлаа. Төрөөд зургаан сарын дараа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль авсан. Мэдээж Дэлхийн аваргын тэммцээний медалиуддаа хайртай. Ер нь л тэмцэлдэж, өрсөлдөж авсан медалиуддаа хайртай байдаг.

-Хүндийн өргөлтийн спортод багш, шавь хоёрын ойлголцол, биенээ мэдрэх мэдрэмж чухал санагдсан. Багш нарынхаа талаар?

-Миний анхны багшийг Цэрэнням гэдэг. Энэ спортод хөтөлж оруулсан тэр хүн байхгүй бол энэ спортыг мэдэх ч үгүй өнгөрөх байсан. Дараагийн багш маань их техник суулгасан. Олон багш дээр бэлтгэл хийж үзсэн. Чулуунпүрэв багш маань жил гаран ажилласан. Яг энэ техникийн суурь үндэс бүх юмыг Чулуунпүрэв багш маань тавьсан. Дараа нь тэнгэрт байгаа Гансүх багш маань, шигшээ багийн дасгалжуулагч болоод гурван жил шахуу бэлдсэн.  Талийгаач багшийн дараа нэг хэсэг Энэбиш багш шигшээ багийг авч хоёр, гурван сар бэлтгэл хийж байв. Бас 2012 онд би нурууны бэртлийн улмаас хэсэг засварлаад, Дорнод аймагт аав ээж дээрээ очиж амьдарч байлаа. Тэгээд 2013 оноос хойш Хосоо багш дээр хичээллэж байна.

Мэдээж багш шавийн харилцаа хамгийн чухал байдаг. Төлөвлөгөө гаргах, зааж зөвлөхөөс гадна тэмцээний үеэр ойлголцож, мэдрэх маш чухал. Одоо бараг багштайгаа харцаараа ойлголцдог болсон. Өвдөж байгаа үедээ, сэтгэл санааны байдал гээд бүх юмыг харцнаас уншдаг. Суурь багш маань сэтгэлзүйч, эмч болж, бүх юманд сэтгэлээрээ байдаг. Би багшийгаа хараад “Спортын багш амжилтаас илүү тамирчныхаа биеийг, тамирчнаа боддог байх ёстой юм байна” гэдгийг мэдэрч, ингэж боддог болсон. Багш маань тамирчныхаа бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлыг нэгдүгээрт тавьж, медаль бусад зүйлсийг үргэлж хоёрдугаарт тавьдаг. Тэгээд гавьяа шагналыг өөртөө наалдуулахаас илүү бусдад наалдуулж, бусад багшийг магтаж ярьдаг. Бас миний алдаа байхад бусдад өөрийгөө буруутгаж, “Миний алдаа байсан” гэдэг.

 -Та хүндийн өргөлтөөр хэддэх жилдээ хичээллэж байна вэ, шантрах мөч байсан уу?

-Би хүндийн өргөлтийн спортоор 14 дэх жилдээ хичээллэж байна. Мэдээж шантарч, болимоор санагдсан үеүд олон байсан. Тэр үеийг зүгээр л даван туулах хэрэгтэй юм байна лээ. Мэдрэмжээс зугтаах биш харин ямар нэгэн байдлаар даван туулж, “Энэ бол байх ёстой бэрхшээл энийг давчих юм бол цаана нь илүү том амжилт хүлээж байгаа. Би энд хүрээд зогсох болоогүй. Надад цаашид хийх өчнөөн их хүч чадал, сэтгэлийн тэнхээ байгаа. Энэ бол хэсэгхэн зуур үргэлжилж байгаа зүйл” гэж боддог. Шантрах үе 14 хоног  эсвэл дээд тал нь нэг сар үргэлжилдэг юм шиг санагддаг. Тэр үеийг ямар ч байсан зааландаа очих, бусад үед нь өөр сонирхолтой байдлаар амрах, кино үзэх, зугаалах гэх мэтээр өнгөрүүлснээр тэр депресснээсээ хурдан гардаг юм шиг санагдсан.

 -Шантарсан үедээ яаж, юунаас хэнээс урам зориг авч байсан бэ?

Би ер нь гэр бүлсэг хүмүүс дунд өсөж төрж хүмүүжсэн юм байна. Манай аав ээжийн талынхан ах дүү нар нь нэг нэгэнтэйгээ ойрхон нийтэч байдаг. Ямар нэгэн баяр ёслолоор байнга хоёр гэрийнхэнтэйгээ цуглаж уулзаж, нэг нэгнийдээ санаа тавьж, анхаарал хандуулдаг.  Миний гэр бүлийн хүмүүжил амжилтад их нөлөөлсөн байх гэж боддог. Жаахан байхдаа аав ээж хоёр минь Дорнодод байхад аавынхаа эмээ, авга ах, авга эгч гуравтай хамт амьдардаг байсан. Бас хүүхэд байхдаа зуны амралтаараа Дарханд амьдардаг өвөө, эмээ хоёр дээрээ их очдог байв. Өвөө, эмээ хоёр маань ногоо тарьдаг. Мод бут суулгаж, ургуулдаг. Гахай, тахиа, үхэр тэжээдэг ажилсаг хүмүүс. Харин аав, ээж хоёр маань цэргийн хүмүүс. Цэргийн хүмүүсийн хатуужил, нөлөөлөл их байсан юм болов уу гэж боддог. Аав, ээж хоёрынхоо мэргэжлээр бахархдаг. Өөрөө  ч аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж, цэргийн хүн болсондоо баярладаг.

 -Та хүүдээ юуг сургахыг, ямар зан төлөвшүүлэхийг хүсдэг вэ?

Хүүгээ өөрийнх нь дураар, юм болгоныг бүтэхгүй, болохгүй гэж хорихоос илүүтэй задгай, өөрөөр нь байлгахыг илүүд үздэг. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч, дээрээс нь эх оронч, нийгэмдээ хэрэгтэй хүн байгаасай гэж хүсэж, тийм хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг. Эд хөрөнгөнөөс илүү гэр бүлийн үнэ цэн маш чухал гэдгийг мэдэрдэг. Тиймээс хүүгээ үүнийг ойлгож, мэддэг хүн байгаасай гэж гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулж өсгөх тухай нөхөр бид хоёр ярилцдаг.

 -Таны хувьд олимп, дэлхийн дэвжээ ялгаатай санагддаг уу?

Ер нь дэлхийн аварга, азийн аварга, олимпын дэвжээ бүгд өөр өөр, ялгаатай юм шиг санагддаг. Дэлхийн аварга, олимпын аварга гэхээсээ илүү сандардаг, илүү айдаг тийм үе байсан. Одоо хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ажиллаж байгаа. Тэгээд сэтгэл судлаач Золзаяа эгч бидэнд нарт “Яг л нөгөө нэг өрсөлддөг аль ч зэрэглэлийн тэмцээн дээрээ нөгөө л нэг таардаг тамирчидтайгаа дахиж өрсөлдөж байгаа. Залуучуудын  дэлхийн аваргад өрсөлдсөн тамирчид маань дахиад л дэлхийн аварга олимпоор өрсөлдөж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэйӨсвөрийн тэмцээн дээрээ тааралдсан тамирчид  том болоод насанд хүрэгчдийн тэмцээн дээр дахиад тааралдана гэсэн үг. Тиймээс мэддэг зүйлээ хийж байгаа” гэдгийг зааж сургасан. Би гараад л өргөнө. Өргөдөг жингээ л өргөнө.

 -Бараг л танай гэр бүлийнхэн бүгд энэ спортын эд эс гэж болно. Хоёр дүүдээ юу гэж захьдаг вэ?

Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаарай гэж хоёр дүүдээ захиж хэлдэг. Яг хүчээр өргүүлж байгаа биш өөрсдөө үнэхээр дуртай болохоор өргөж байгаа. Дүү нартаа техникийн алдаа, сэтгэлзүйн байдал дээр зөвлөнө. Тэгэхээс биш тэр хүний бие бол тэр хүний бие. Миний бодож байгаа зүйл өөр. Чадахаараа хажуунаас нь дэмжиж туслахыг боддог. Хоёр дүүгээ энэ спортоор хичээллэж байгаад бахархаж, хайрладаг. Өөрийн төрсөн дүүтэйгээ нэг багт байнга бэлтгэл хийх хэцүү. Дүүгээ амжилт гаргахад нь баяр хүргэж үнсэнэ, бусад хүүхдүүдэд ялгалгүй баяр хүргэж үнсэнэ. Тэгэнгүүт бүгдийг нь зэмлэж загинах үе гарна. Дүүгээ ч мөн ялгаагүй  загнах үе байна. Гэхдээ дүүгээ илүү хатуу загнаж, хатуу хандаад байгаа юм шиг санагддаг.

 -Дараагийн олимпод аль нэг дүүтэйгээ хамт явах боломж харагдаж байгаа юу?

Олимпын эрх авч, олимпын наадамд оролцоно гэдэг нь маш том шалгуур. Бүгд хичээж байгаа. Маш олон хүүхдүүд үүний төлөө хичээж байгаа. Дүүтэйгээ хамт олимпийн эрх аваад явахаар бол маш гоё санагдана. Тэгээсэй гэж бас хүсэж байна. Гэхдээ одоохондоо хамтдаа олимпод явах боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Спортын замналыг сонгосон хүнээс золиос их шаарддаг. Та их спортыг сонгож буй дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

Спорт өөрөө сонин л доо. Хэн их золиос гаргана. Хэн тэнд бүх цаг хугацаагаа зориулна. Бүх амьдралаа зориулна. Хэн бусад зүйлээ хаяж чадна. Тэр хүн амжилтад хүрдэг юм шиг санагддаг. Энэ зам их хатуу. Спортоор хичээллэж байгаа, сонирхож байгаа дүү нартаа хэлэхэд тууштай хатуужилтай байгаарай, үнэнч шударгаар хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна

-Хамгийн сүүлд үргэлж таныг дэмждэг ханийг тань орхиж болохгүй. Хажуудах хүн нь дэмждэг байна гэдэг хамгийн чухал байдаг. Сэтгэлээс гардаггүй урмын үг дэмжлэг нь юу байсан бэ?

Манай нөхрийг Золжаргал гэдэг. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин. Манай  нөхөр урлагийн хүн ч гэлээ спортод маш хайртай, дуртай. Бүх ар талыг хариуцаж, бүх зүйлийг минь дэмждэг. Тэмцээнд явахад минь хамт явах, бэлтгэлд хамт гарах үе олон бий. Эмэгтэй хүнд хүний хань түшиг тулгуур нь ингээд хамт бэлтгэлд гарах, тэмцээнд явах гэдэг нь өөрөө маш их түшиг л дээ. Энийг ч гэсэн ойлгож зарим үед  чөлөө олгож, бид хоёрыг гэр бүлээр нь дэмждэг улсын драмын эрдмийн театрын хамт олонд баярлаж явдаг. Миний хань надаас бусад эрэгтэй хүн шиг хоолоо хийх ёстой, тэгэх ёстой, ингэх ёстой гэж хэзээ ч үүрэг хариуцлага нэхэж байгаагүй. Өөрөө гэртээ байх үедээ өөрөө бүх юмаа хийдэг. Бид хоёр хоёулаа зав цаг муутай ажилтай байдаг болохоор хэн гэртээ байгаа нь хэн завтай байгаа нь гэрээ цэвэрлэдэг бас хамт байх цаг нь цөөхөн. Нөхөр бригадаар явна, би бэлтгэлд гарна гээд л хамтдаа байх нь бага учраас хамт байх хугацаагаа аль болох хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлэхийг хичээдэг. Зуун хувь миний талд зогсдог ийм хүн ханьдаа маш их баярлалаа бас хайртай шүү гэж хэлмээр байна.

Мөн төгсгөлд нь спортод амжилтад хүрэхэд тусалж  дэмждэг, үзэгч байхгүй бол спорт байхгүй энэ спортыг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа үзэж сонирхдог бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ энэ амжилтад хөтөлсөн бүх багш нартаа, Хосбаяр багшдаа бүх амжилтад дандаа хамт байдагт баярлалаа, ар талыг минь дааж дандаа хамт байдаг ханьдаа, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Эрхэт монгол групп, Буянт–Ухаа Олон улсын нисэх буудал, Алдар спорт хороо, Үндэсний шигшээ баг, бэртэж гэмтэхэд үргэлж тусалж дэмждэг эмч нартаа бүгдэд нь маш их баярлалаа. Холбоог минь дэмжиж ажилладаг бусад компаниуддаа маш их баярлалаа.

Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж