"Coal Mongolia-2022" нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 10 дахь удаагаа 2022 оны есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор "ШангриЛа" зочид буудалд болох гэж байна.
Тус чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ.
"Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд 2011 оноос хойш давхардсан тоогоор 15756 зочин, төлөөлөгч оролцсон байна. Энэ жилийн чуулга уулзалт, үзэсгэлэн нүүрсний салбарыг сэргээх санаачлага, экспорт, худалдаа, боомтын сэргэлт, тээвэр ложистикийг эрчимжүүлэхэд чиглэж буй юм.
Чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар Монгол нүүрс ассоциаци, Хятадын нүүрсний худалдааны хамгийн том платформ хөгжүүлэгч "Фэнвэй Энержи Информэйшн Сервисес" ХХК болон БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний "Түдэй Тинк Танк" зэрэг компани ажиллаж байна.