Монгол Далай ламын батламжтай 20 хутагт хувилгаантай

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Монгол Далай ламын батламжтай 20 хутагт хувилгаантай

Монгол Далай ламын батламжтай 20 хутагт хувилгаантай

Тэртээ 1928 онд хутаг хувилгаадыг тодруулахыг хориглосноос хойш БНМАУ-ын үед хутагт хувилгаадыг тодруулж байсангүй. Гэхдээ социализмын үед “албан бусаар” хутагт хувилгаадын хойд дүр хэмээн олны дунд шүтэгдэж байсан хүмүүс бол бий. Монголд 1990 оноос хойш хутагт хувилгаадуудыг тодруулж ирсэн. Хутагт хувилгаадыг тодруулдаг ёс уламжлал Төвөдөөс гаралтай.

Тэр утгаараа Манзушир хутагтын хойд дүр, Ламын гэгээний хойд дүр, Жалханз хутагтын хойд дүр, Ханчин ринбүчийн хойд дүр, Гачэн ренбүчийн хойд дүр, Сариадорж номун ханы хойд дүр, Дугар зайсангийн хойд дүр тэргүүтэй Монголын орчин цагийн хутагт хувилгаад Энэтхэгийн Гоман, Сэражи, Дарамсала дацанд шавилан сууж, бурхны ном үзэж буй.

Монголд Дээрхийн гэгээн XIV Далай лам болон IX Богд Жавзандамба хутагтын батламж соёрхолтой 20 хутагт хувилгаад бий. Тодруулбал,

  1. Дилова хутагт Данзанламид
  2. Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд
  3. Гачэн хувилгаан Ринчинсамбуу
  4. Жалханз хутагт Данзанчойживанчүг
  5. Гүшри хувилгаан Данзанчойжиням
  6. Жонан Ханчэн хувилгаан Лувсанчойдог
  7. Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн
  8. Манзушир хутагт Данзанжамъяндорж
  9. Срайдорж Номун Хан Лувсандамбийжалцан
  10. Банбар Эрдэнэ хутагт Дүрданзанпэрэнлэйгүнчав
  11. Баригри хувилгаан Дэнзэнжамъянлодойнамжил
  12. Ноён хутагт Данзанлувсантүдэв
  13. Дарба Бандида хувилгаан Данзанчойжилодой
  14. Наро Банчэн гэгээн Данзанлхүндүв
  15. Жамьянгарав гэгээн Данзанжигварал
  16. Егүзэр хутагт Данзанлувсанванжил
  17. Сэнгээ ринбүүчи Дэнзэнчойдэн
  18. Эрдэнэ бишрэлт мэргэн бандида Данзанжамьянлодой
  19. Ялгуусан хутагт Данзанванчүг
  20. Хараагийн Дарь эхийн хувилгаан Дэнзэндэнжон

Монголоос хутагт хувилгаадыг тодруулахдаа тухайн Гандантэгчэнлин хийд, тухайн орон нутгийн захиргааны оролцоотойгоор Далайн лам батламжилж тодруулдаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд өөрсдийгөө хувилгаан гэж өргөмжилдөг 200 гаруй хүн байдаг гэх албан бус мэдээлэл ч бий.

Төвөдөд хойд дүрийг тодруулахдаа өмнөх дүр нь дараа төрөхдөө хаана хэзээ хэнийд төрөхөө урьдчилан таамаглаж, шавь нартаа захидал хэлбэрээр бичиж үлдээдэг. Энэ захидалдаа гэрээслэл захиа даалгавраа бичдэг.

Мөн өмнөх дүрийнхээ эдэлж хэрэглэж байсан эрхи, хонх, дамар, модон аяга зэрэг эд зүйлсийг таньж байгаа эсэх, өмнөх дүрийн ойр дотны хүмүүсийг таньж байгаа эсэхийг нь шалгаж үздэг. Мөн ариун нуурын усны мандал дээр тодорсон номын үсэг, дүрээр тодруулдаг уламжлалтай. Өнөө цагт ч энэ аргыг ашиглан тодруулж байна.

Арвангуравдугаар Далай лам болон Арвандөрөвдүгээр далай ламыг тодруулахдаа өндөр мэдлэгтэй лам нар урьдчилан айлдаж, ариун Лхам Лацо нуурын усны мандал дээр тодорсон үсгээр сонгосон гэдэг.

Гандан Гандантэгчилэн шашин лам

МУИС, Антропологи-археологийн тэнхмийн багш Др. Ж.Лхагвадэмчиг:

-Төвөдөд Буддын шашин VII зуунд дэлгэрсэн бөгөөд XIII зуун хүртэл хутагт хувилгаадыг албан ёсоор тодруулах уламжлал байсангүй. “Хувилгаадын эх нь Гармаба” хэмээн түвэдүүд хэлдэг бөгөөд анхлан хутагт хувилгаад тодруулах ёс Төвөдийн Гарма ёсонд анх гарчээ. VII зуунаас хойш XIII зуун хүртэл бараг 600 жил Төвөдөд хутагт хувилгаадыг тодруулах ёс гэж байгаагүй байтал яагаад XIII зуунд гарах болов гэсэн асуултад Америкийн судлаач Таррелл Вайли “Хутагт хувилгаад тодруулах уламжлалыг монголчууд бий болгосон. Энэ нь Төвөдөд дэлгэрсэн Буддын шашинд гарсан улс төрийн инноваци хэмээн дүгнэсэн байдаг.” Вайлийн үзсэнээр Хубилай хааны үеэс Төвөдийг Төвөдийн буддын шашны Саж урсгалийн Пагба лам тэргүүтэн лам нараар захируулж байсан боловч Сажын урсгалын тэргүүн лам нар гэргий авдаг тул тэдний хөвгүүд нь эрх мэдлээ булаалдах зэрэг асуудал гарч байсан тул нэг хүнээр захируулан тэр хүний дараагийн дүрийг тодруулах байдлаар захируулах нь зүйтэй гэж үзсэн байна гэж дүгнэсэн байдаг. Түүний дүгнэлт нь Монголын эзэнт гүрэн, улс төр шашны хоорондын харилцааны үүднээс авч үзжээ.

Харин буддын шашны хувьд хутагт хувилгаад гэсэн ойлголт нь амьтны тусыг үйлдэх бодийн сэтгэлтэй холбон тайлбарладаг. Буддын шашинд бусдыг хайрлах бодийн сэтгэл үгүй бол бурхан болохгүй. Өөрөөр хэлбэл гэгээрэхгүй гэж үздэг. Бусдыг хайрласан бодийн сэтгэлтэй бурхан, бодисадва, эрдэм номтой лам хувраг хүн дахин дахин төрөл авч амьтны тус үйлддэг бөгөөд тэрхүү төрөл авч буй хүмүүсийг хутагт хувилгаан гэж үздэг. Хутагт хувилгаад нь Буддын шашны аль нэг урсгалын нууц увдис, номын уламжлалыг хадгалан дамжуулж байдаг.

Богд Хаант Монгол Улсын үед хутагт хувилгаадаар дамнуулан тухайн бүс нутаг, ард түмний сэтгэл санааг барин улсын бодлогыг хэрэгжүүлдэг байсан шиг харагддаг.

Жишээ нь баруун бүсэд Жалханз хутагт, Нар банчэн, Дилав хутагт их нөлөөтэй байхад зүүн бүсэд Егүзэр хутагт ихээхэн нөлөөтэй байсан байдаг. Хилийн дагуу хутагт хувилгаадыг суулгаж нийтийн сэтгэлийг гадагш биш дотогш барьж байсан бодлого байсныг судлаачид хэлэв

Хутагт хувилгаад тодруулах нь зөвхөн шашны дотоод асуудлаас гадна улс төр, олон улсын харилцаанд хамаарах асуудал. Тиймээс томоохон хутагт хувилгаадын удаах дүрийг тодруулахад түүхэн үүднээс харахад Монгол хаад, Манжийн хаад оролцож байсан бол орчин үед хутагт хувилгаадын талаар Хятад, АНУ, Энэтхэгийн төр засаг, судалгааны байгууллага, судлаачид ихээхэн анхаарал хандуулж төр засгийн бодлого, бодлогын судалгаанууд хийж байжээ.

Хятад нь 2007 онд “Хутагт хувилгаадыг тодруулах, зохицуулах” тухай журам баталсан. 2020 онд АНУ-ын Конгресс “Төвөдийн талаархи бодлого, дэмжлэг” хэмээх баримт бичгийг батласан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп гарын үсэг зурснаар хууль болсон. Энэхүү хуульд XIV Далай ламын дараагийн дүрийн талаар нэг бүлэг заалт орж байжээ.

Ардын багш, судлаач, профессор Л.Дашням:

-Монголчууд олон зууны туршид тийм нэг "ухаанд" итгэж түвэдүүдийн оролцоо, тусламжтайгаар амьдралдаа хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Хойт дүрийг тодруулдаг нь орчлонт ертөнц мөнх оршдог гэдэг бодол,үзэл, мэдлэгтэй л холбоотой юм. Орчлонд юу ч мөхөж үгүй болдоггүй, юу ч төрж үүсдэггүй, бүх юм шүтэн барилдаж, орчиж, хувирч, өөрчлөгдөж, байдаг гэдэг онол ялангуяа Дорно дахинд их түгээмэл шүү дээ. Шинжлэх ухаан ч мөн мөнх оршдог аугаа их "мэдээллийн сангийн" тухай ярьдаг болсон. Монголд тодорсон хутагт хувилгаадын тоог би тодорхой хэлж чадахгүй байна. Сүүлийн үед л гэхэд л хичнээн ч хүн тодорчихов доо.

Тодорхой шийдийг Далай лам, Банчин Эрдэнэ мэтийн өөрсдөө урьд нь шалгарсан хүмүүс л хэлдэг уламжлалтай, шалгадаг аргатай ч байжээ гэж ойлгогддог. Одоо бол заримдаа Далай ламдаа ч хүрэхгүй л "болоод явчихдаг" ч удаа байх шиг л байна. Хэрвээ бид нийгмийн дотор байгаа онцгой чадвартныг үнэнхүү таньж тодруулж, түүний ач тусыг түмний хүртээл болгож чадаж байгаа бол тэр чухал л даа. Жишээ нь бид хэн нэг гоц авьяастныг нээж ололгүй, огтхон мэдэлгүй өнгөрөөчихвөл тун хайран юм болно.

Монголын их бага хутагт нар мал хөрөнгөөр засаг ноёдоос давуу байжээ. Зөвхөн хутагт нар биш мяндаг тушаал бүхий лам нар ч мал хөрөнгөөр баялаг, сүсэгтний өргөл барьцаар баяжиж байжээ.

Халхад шарын шашны толгойлогч Жавзандамба хутагт бий болсон нь цаашид хутагт хувилгаад бий болох үүдийг өргөнөөр нээжээ.

Хэрэв баруун зүгийн хэмжээгээр 122 их бага хутагт байсан бол Халх, Өвөрмонголд нийт 170 гаруй хутагт хувилгаад байжээ. Энэ тоо шарын шашны төв болох Төвөдөөс хол давсныг харуулна. Зөвхөн Халхад тамга бүхий 19 их хутагт байснаас гадна Шаврун гэдэг бага хувилгаад 100 орчим байсан талаар ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн Ш.Нацагдоржийн “Халхын түүх” номонд дурдсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
159
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж