"Эмчийн буруугаас болж хохирсон хүүгийн биеийн байдал хүнд байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

"Эмчийн буруугаас болж хохирсон хүүгийн биеийн байдал хүнд байна"

"Эмчийн буруугаас болж хохирсон хүүгийн биеийн байдал хүнд байна"

Баянхонгор аймгийн иргэн Б. Мөнхтогоо, Б.Мөнх-Эрдэнэ нар хариуцлагагүй эмчийн алдаа, буруу оношоос болж эрүүл мэндээрээ хохирсон М.Эрхэмбаяр хүүгийн талаар мэдэгдэл хийж, алдаа гаргасан эмчид хариуцлага тооцож, гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардлын асуудлыг шийдэж өгөхийг холбогдох байгууллагууд болон Эрүүл мэндийн сайдаас хүслээ.

"ХҮҮХДЭД НУГАСААР УНТУУЛГА ХИЙГЭЭД, ХАГАЛГААГ МЭДРЭЭД БАЙХААР НЬ ДАХИН СУДСААР УНТУУЛГА ХИЙСЭН ГЭЖ ХЭЛСЭН"

М.Эрхэмбаяр хүүгийн нагац ах Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Мөнхтогоо Баянхонгор аймгийн Галуут сумын малчин, дөрвөн хүүтэй. Хамгийн бага хүү болох Эрхэмбаяр нь 2011 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр төрсөн. Биеийн хөгжил болон эрүүл мэндийн хувьд ямар нэгэн зовиур байхгүй, эрүүл саруул мэндэлсэн. 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр үсэглэлийн баяраа хийж, 9-ний өдөр гэдэс дотор нь өвдөж хоноод, маргааш нь сумынхаа эмнэлэгт үзүүлтэл олгой нь үрэвссэн байна гэсэн цусны шинжилгээний хариу гарсан. Үүний дараа сумынхаа эмчийн бичигтэй Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Мэс заслын эмчид үзүүлтэл олгойн шинж тэмдэг биш, хүүхдийн тасаг руу яв гэсэн. Хүүхдийн тасгийн эмч Ганболд "Хагарсан шинжтэй олгой байна" гэж хэлсний дагуу буцаад мэс заслын тасаг руу явсан. Ингээд тавдугаар сарын 10-ны өдөр олгойн хагалгаанд орохоор болсон. Орой 19.00 цагийн үед хагалгаанд орсон.

Тухайн үед унтуулга хариуцаж байсан эмч н.Ариунаа хүүхдийн биеийн байдлыг үзээд, ерөнхий унтуулгаар орно гэж хэлсэн. Олон цаг болсон ч хүүхэд хагалгаанаас гарч ирэхгүй, эмч нар дээш доош гүйлдээд байсан. Юу болсон талаар асуусан. Хүүхдийн наркоз гарахгүй, хүүхдийн амин үзүүлэлт унасан, зүрх нь зогссон талаар сүүлд мэдэж, хүүхдийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Ингээд ухаан оролгүй 3, 4 хоносон. Хагалгаанд орсны маргааш хүүхдийн нугаснаас ус авч, шинжилгээ хийгээд, менингиттэй гэж оношилсон. Дараа нь дахин ус аваад, сүрьеэтэй болоод явсан. Гэтэл гаднаас нэг хүн орж ирээд, хүүхдэд нугасаар унтуулга хийчихээд хагалгааг мэдрээд байхаар нь дахиад судсаар унтуулга хийсэн талаар хэлсэн.

Гэхдээ Ариунаа гэх эмч ороогүй Алтанзаяа гэдэг эмч унтуулга хийсэн байна. Бид Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ 11 хоног ухаан орохыг хүлээсний эцэст онгоцоор Улаанбаатар хотод авчирч, дүүгээ Эх нялхасын эмнэлэгт хэвтүүлсэн. Ес хоногийн дараа арайхийж ухаан орсон. Ухаан орсноос хойш хоёр сарын хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Нуруу, нугас болон дөрвөн мөч нь байнга таталттай, биеийн байдал нь маш хүнд хэвээр байна. Энэ хүүхдийг хагалгаанд ороход цуснаас шинжилгээ аваагүй, ЭХО-д оруулаагүй. Олгойтой гэдгийг бүрэн батлалгүй, зөвхөн "Цусны бөөм олширсон байна, олгой байж магадгүй" гэсэн таамаг төдий зүйл дээр үндэслэж, хагалгаанд оруулсан.

Бид хуулийн байгууллагад өргөдөл гаргасан боловч шийдэж өгөлгүй маш их удсан. Шүүх хурлын эхний өдөр хэрэгт холбогдогч Алтанзаяа нэмэлт өмгөөлөгч авмаар байна гэж хүссэний дагуу дахин 20-иод хоногоор хойшилсон. Түүний дараа дахиад шүүх хуралд дуудагдаад, хөдөөнөөс явдал болоод иртэл "Хэрэгт холбогдогчийн өмгөөлөгч Алтанзаяа корона туссан, эмнэлэгт хэвтэж байна" гэсэн. Эцэст нь шүүх хурал болтол Алтанзаяагийн талын өмгөөлөгч “Яллах үндэслэлгүй хэрэг учраас мөрдөн байцаах шатанд буцааж өгнө үү” гэснээр буцаасан. Энэ хэргийн мөрдөн байцаалт зөвхөн унтуулгын эмч Алтанзаяа дээр л явагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар ямар ч хуулийн хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Төрийн хууль, дүрэм хаана үйлчилж байна вэ?

"ХҮҮГЭЭ Л БОСГОЖ АВМААР БАЙНА"

М.Эрхэмбаяр хүүгийн аав Б.МӨНХТОГОО:

-Хүүгийн нугаснаас бидэнд мэдэгдэлгүйгээр ус авсан. Нугасаар тариа хийж, судсаар унтуулга хийсний улмаас зүрх нь зогсож, тархины эд эс нь үхэжсэн. Ийм дүгнэлтийг эмч нар хийсэн боловч менингит өвчнөөс болж ийм зүйл болсон гэж бидэнд ойлгуулсан. Өөр боломжтой улсуудаар явж, хүүгээ л босгож авмаар байна. 12-оос доош насны хүүхдэд ерөнхий унтуулга хийнэ гэж заасан байхад өөрийн дадаагүйгээс болж ийм зүйл хийсэн. Одоо гадагшаа явж эмчилгээ хийлгэх тал дээр арга хэмжээ авч өгөөч гэж хүсч байна. Зорьж ирснийх Эрүүл мэндийн сайдтай уулзана. Эмч нарын чадваргүйгээс болж ийм зүйл боллоо.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж