Засгийн газар экспорт зогсоосон шийдвэрээ эргэн харна уу!

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Засгийн газар экспорт зогсоосон шийдвэрээ эргэн харна уу!

Засгийн газар экспорт зогсоосон шийдвэрээ эргэн харна уу!

“Эмээлт”-ийн зарим махны үйлдвэрт гарсан зөрчилтэй холбоотойгоор дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал зогсоох тухай Засгийн газрын хуралдааны энэ сарын 8-ны өдрийн шийдвэрийг ойлгоход тун бэрх.

Уг нь Засгийн газрын өнгөрсөн сарын 4-ний өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн гурав дахь заалтад 2021 онд экспортын  зориулалтаар боловсруулан бэлтгэж, нөөцөлсөн үхэр, хонь, ямааны болон адууны махны тоо хэмжээг тогтоож, дотоодын махны худалдааны зах зээлд нөлөөлөл үзүүлэхгүйгээр экспортлох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт даалгасан байдаг. Энэ нь бүтэн жил гацсан БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах, адууны хөлдөөсөн махны экспортыг эхлүүлэхэд бэлэн болоод байсан гэсэн үг.

Гэтэл Монголын Засгийн газар бүтэн жил шахуу хөөцөлдөн байж арай гэж сэргээлгэх болсон махны экспортын шийдвэрээсээ сарын дараа ийн буцаж байгааг юу гэж ойлгох вэ. Ёстой ямар чөтгөр нь оролдохоороо ийм хачирхалтай шийдвэр гаргуулах болов гэдэг их сонин. Санаанд багтмааргүй л зүйл.

Энэ сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд мэдээлэхдээ “Дулааны аргаар мах боловсруулж экспортлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг он дуустал зогсоолоо. Яагаад тэгж байна гэхээр стандарт мөрдөгдөхгүй байна. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй байна. Нөгөө талд дотоодын хүн амын хүнсний аюулгүй байдалд эрсдэл үүсч болзошгүй эргэлзээтэй асуудлыг таслан зогсоохын тулд. Эцэст нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үүднээс хүнсний аюулгүй байдлыг гадаадад ч бай, дотоодод ч бай бүрэн дүүрэн мөрдүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байна” гэв.

Энэ бол төрийн сайд хүний амнаас гарахааргүй маш хариуцлагагүй мэдэгдэл байв. Тэрбээр ингэж зөрчилтэй, зөрчилгүй бүгдийг хараар будаж хэлснээрээ Монголын төр олон улсад манай Монголын хүнсний үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага, стандарт хангадаггүй шүү” гэж албан ёсоор зарлаж байгаатай агаар нэг үйлдэл боллоо. Түүнчлэн дотоодын болон олон улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудын менежментийг үйлдвэрлэлдээ хөрөнгө мөнгө заран нэвтрүүлж, мөрдлөг болгож сайн ажилладаг олон махны үйлдвэрийн нэр хүндэд халдаж улмаар хэдий муу хэлэгддэг ч төдийгөөс өдий хүртэл үүргээ гүйцэтгэж ирсэн, өөрийн гэсэн систем тогтолцоотой төрийн эрх бүхий хяналт шалгалтын байгууллагуудын үйл ажиллагааг ч үгүйсгэж орхив.

Хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, дүрэм журам зөрчсөн нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хамгийн гол нь Монгол Улсын эрх бүхий байгууллагуудын хяналт шалтгалтад хамрагдаж итгэмжлэл авсны үндсэн дээр импортлогч орны хяналтын байгууллагуудын магадлан итгэмжлэлд тэнцэж экспортын эрх авсан, үйл ажиллагаа нь хэвийн яваа аж ахуйн нэгжүүдийг хоригт бүхэлд нь хамруулж байгаа нь үнэхээр ойлгомжгүй.

Тухайлбал, уг шийдвэрийг Монголын махны холбооны гишүүн, экспортын эрхтэй, үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Монгол Улсын  экспортод гарч байгаа  хүнсний бүтээгдэхүүний нэр хүндийг унагаасан, экспортын эрхтэй үйлдвэрүүдийн хувьд санхүүгийн томоохон хохирол амсах, улмаар үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүргэж болзошгүй төдийгүй хүнсний аюулгүй байдал, экспорттой холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг бүдүүлгээр зөрчсөн шийдвэр боллоо” хэмээн үзэж байгаа юм.

Мөн махны экспортлогч,үйлдвэрлэгчдийн хувьд Шадар сайдын дуулгасан Засгийн газрын шийдвэрт “…дулааны аргаар махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түдгэлзүүлсэн” гэж орсон байгаа тул дулааны аргаар боловсруулсан махны экспортыг хориглох хүрээ нь зөвхөн БНХАУ-аар зогсохгүй, БНСУ, Япон, ОХУ-тай хөгжүүлж буй бидний энэ төрлийн бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг зогсоох маш том эрсдэл үүсгэлээ гэж үзэж байгаагаа онцлон хэлсэн юм. Учир нь тэдний харилцагч орнуудын хамтын ажиллагаатай импортлогчдын төлөөлөл яг дээрх асуултыг асууж лавлан мэл гайхаж байгаа аж. Шадар сайдын амнаас гарсан дээрх өгүүлбэр нь савнаасаа хальж, дулааны аргаар чанасан, жигнэсэн, хатаасан, утсан  мах, дайвар бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл(хиам, зайдас, бусад бэлэн бүтээгдэхүүн)-ийг ч зогсоож буй мэт ойлгогдож байгааг мах боловсруулах үйлдвэрийнхэн ч учирлалаа.

Тиймээс Засгийн газрын зүгээс дулааны аргаар боловсруулсан махны экспорттой холбоотой өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас гарсан ойлгомжгүй, битүү хатуу, нэг хэсэг хууль дүрэмгүй тоглосон үйлдвэрлэгчдийн алдаа дутагдлыг дүрэм журмаа  мөрдөж ажилладаг, хууль ёсны эрхтэй үйлдвэрүүдэд хамаатуулж, бүгдийг хараар будаж, бизнесийн байгууллагуудын нэр хүндэд халдсан шийдвэрээ яаралтай  эргэн харж, засах  шаардлага тулгарч байгааг Монголын махны холбооны гишүүн байгууллагуудын төлөөллийн байр сууринаас тодорхой харагдаж байгаа билээ. Тус холбооны зүгээс өнгөрсөн баасан гаригт ХХААХҮЯ-д Засгийн гзрын шийдвэрийг цуцлуулах тухай бичиг өгч, Төрийн нарийн бичгийн даргатай уулзсан ч өнөөдрийг болтол тодорхой хариулт авч чадахгүй байгаа аж.

Хамгийн гол нь экспортын шаардлага хангаж байгаа үйлдвэрүүдэд  бүтэн жил стандарт,технологийн дагуу хадгалагдаж байгаа 6015 тонн  дулааны аргаар боловсруулсан махан бтээгдэхүүн, 3985 тонн адууны махыг БНХАУ руу экспортлох ажлыг нэгдсэн зохион байгуулалттай эхлүүлэх ажлын төлвөлөгөө батлуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан байхад Монголын Засгийн газар ийм мулгуу шийдвэр гаргаж яагаад ч болохгүй.

Яагаад болохгүй вэ гэдэгтэй холбоотой баримтыг илэрхийлэх зузаан гэгч бичиг цаас өмнө маань байгаа ч цөөн хэдийг нь энд дурдъя.

2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр хаагдсан БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах болон адууны хөлдөөсөн махны экспортыг эхлүүлэхтэй холбоотой  хоёр талын бүтэн жилийн хугацаанд солилцсон бичиг цаасны ажил дуусаж, экспорт эхлэх ажил жигдрэх талдаа явж байж. Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг, Эрээн хотын Ардын засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх хэлтэс зэрэг байгууллага энэ чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн тул эцсийн мөчид экспорт-импортоо эхлүүлэх  ажил аль аль талдаа цэгцрээд байжээ.  Энэ нь юугаар баталгаажсан байсан бэ гэвэл манай талын хүсэлт санал тавьж, шахалт үзүүлсэн олон удаагийн бичгийн хариуг Эрээний тал хэдий ковидын хатуу хорио цээртэй байсан ч байнга нааштайгаар шийдэхийн төлөө хамтран  ажилласан байна.

Ингээд Хятадын талын итгэлийн гэрэл асаасан эхний шийдтэй бичиг өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур манай Гадаад харилцааны яаманд Замын –Үүд Эрээн боомтоор мах, махан бүтээгдэхүүний импортыг сэргээх бэлтгэл ажлыг эхлүүлж, хэрхэн цар тахлын дэглэмд нийцүүлэн хилээр нэвтрүүлэх талаар дотооддоо хэлэлцэж, боловсруулж буй төлөвлөгөөгөө Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабт танилцуулж, батлуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх тухайгаа мэдэгдсэн явдал юм.

Ингээд Хятадын талаас итгэлийн гэрэл асаасан шийдтэй бичиг өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур манай Гадаад харилцааны яаманд ирж, Замын –Үүд Эрээн боомтоор мах, махан бүтээгдэхүүний импортыг сэргээх бэлтгэл ажлыг эхлүүлж, хэрхэн цар тахлын дэглэмд нийцүүлэн хилээр нэвтрүүлэх талаар дотооддоо хэлэлцэж, боловсруулж буй төлөвлөгөөгөө мэдэгдсэн явдал юм.

Үүний дараа өнгөрсөн тавдугаар сарын 09-нд Эрээн  хотын Ардын Засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх хэлтсээс“Эрээн хотын автозамын боомтын хүйтэн хэлхээний махан бүтээгдэхүүнээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах тухай албан бичгийг Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт өгсөн байна. Уг бичигт холбогдох ажлын төлөвлөгөө болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын үндсэн чиглэлийг гаргаж, үндсэндээ үүнийг хийхэд Хятад, Монголын тал юун дээр анхаарч, хэрхэн хамтарч ажиллах  вэ гэдгээ маш тодорхой тусгасан 13 заалт бүхий ажлын жагсаалт илгээсэн байна.

Энэ бичгийн хариуг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун албан бичгээр мэдэгдэхдээ  экспортын асуудлыг яаралтай хэлэлцэж, импортлогч талын эрх бүхий байгууллагын тавьсан 13 шаардлагад нийцүүлж ажиллахаа мэдэгдэж, экспортлох махны нэр төрөл, хэмжээ, экспортын 17  аж ахуйн нэгжийн жагсаалт, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас тодруулах, харилцан хэлэлцэх асуудлын чиглэл гэсэн гурван хавсралттай албан бичгийг илгээсэн байна.  Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүд ч Хятадын талаас тавьсан 13 шаардлагын өөрсдөдөө хамааралтай заалтуудыг хэрэгжүүлж, бэлтгэлийг сайтар базааж эхэлж. Тухайлбал, хөлдөөгчтэй чингэлэг дотор хөлдөөсөн махан бүтээгдэхүүнийг хуванцар подон дээр баглаж тавина. Подоны стандарт нь хуванцар материал, 1,2 метр урт, нэг метр өргөн, подон дээрх  хайрцаг 8-10 ширхэг байна. Нэг подон дээрх жин 80-1000 кг байх бөгөөд чингэлэгт подон зөвхөн нэг давхар байна гэх жишээтэй заажээ. Энэ бүхнийг манай экспортлогчид нэг бүрчлэн дагаж мөрдөхөөр бэлтгэлээ базаажээ.

Ер нь экспортлогчдын  хувьд Хятадын тал экспортыг зогсоосноос хойш жилийн турш хорио цээрийн үед хэрхэн ажиллах экспортын бэлтгэлийг байнга хангасан гэсэн үг. Жишээ нь, БНХАУ “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн  нөхцлийн тухай  гэсэн хоёр улсын мэргэжлийн хяналтын байгууллагууд хоорондын протоколын шаардлагаас гадна ковидын нөхцөл байдалтай холбоотой Хятадын шинэ шаардлагыг ч чандлан мөрдөж ажилласан байна.

Энэ дашрамд хэлэхэд ялангуяа хүнсний экспортын хяналт шалгалт, хорио цээр, баталгаажуулалтын асуудал дээр ямар ч орны шалгуур өндөр байдаг. Тэр дундаа Хятадын эрх бүхий байгууллагын хүнсний аюулгүй байдал-ковидтой холбоотой шалгуур хамгийн хатуу байдаг талаар экспортлогчид ярьж байна. Гэтэл манай Шадар сайд “бид хүнсний аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна.Тиймээс дулааны аргаар боловсруулсан махны экспортоо түр хаалаа” гээд яриад сууж тохирох уу.

Төгсгөлд нь Монголын махны холбооны гишүүн экспортын эрхтэй компаниудын төлөөллийн зүгээс тавьж буй Засгийн газар дулааны аргаар боловсруулсан махны экспортыг түдгэлзүүлэх  шийдвэрээ яаралтай эргэж харахыг шаардсан шаардлагын зарим үндэслэлүүдийг энд хүргэе.

Хууль ёсоор бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг зөрчил нь тогтоогдож, зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүдтэй хамтатган дулааны аргаар боловсруулах махны экспортыг нийтээр  нь хориглож байгаа нь өөрөө хууль бус шинжтэй байна. Төрийн байгууллагынхан, аж ахуйн нэгжүүд бүгд зөвхөн хуулиа мөрдөж, хууль бус үйл ажиллагаатай бүгд хамтран тэмцэх ёстой.

Салбарын сайд экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүдэд 2020 оны арванхоёрдугаар  сард өвөлжилт хүндэрч, зудын аюул нүүрлэсэн аймгуудаас мал, мах бэлтгэж, 40 мянган тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл олгосон. Аж ахуйн нэгжүүд 2020 оны өвөл, 2021 оны эхээр зудын эрсдэлтэй зургаан аймгаас 1.0 сая гаруй толгой эцэнхий богийн мах бэлтгэсэн нь мөн ондоо 6015 тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдсэн нь одоо болтол  экспорт хүлээсээр байгаа юм.

Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг дотоод зах зээлд огт хэрэглэдэггүй, бүрэн чанаж, хөлдөөсөн махыг зах, худалдааны газраас худалдан авч хооллох соёл манай хэрэглэгчдэд үгүй.  Экспортод гарахаар бэлтгэсэн 6015 тонн дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг 2021 онд нэгэнт  үйлдвэрлэсэн тул дотоодын зах зээлийн зээлийн махны үнийн өсөлтөд ямар ч нөлөөгүй. 2021 оны ковидын нөхцөл байдлын улмаас БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортолж чадаагүй тул дээр дурьдсан өвөлжилт хүндэрсэн аймгуудаас бэлтгэсэн махны зарим өр төлбөрийг одоо ч бүрэн барагдуулаагүй10 гаруй тэрбум төгрөгийн өглөг малчдад очих боломжгүй болох аж.

2022 оныг дуустал экспортыг түдгэлзүүлсэн тохиолдолд дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлогч 11 аж ахуйн нэгжийн 1100 орчим хүн ажлын байргүй болно. Сав баглаа боодол ханган нийлүүлэгч, мал бэлтгэгч, гадаад, дотоод тээвэрлэгч зэрэг шууд бус хамааралтай олон бизнес зогсоно. Мал бэлтгэлийн шинэ улиралд хонь, сарлаг, ямаа голдуу худалдан авахаар төлөвлөсөн 200 гаруй тэрбум төгрөгийн орлого малчдын гарт очих боломжгүй болох юм байна.

Дулааны аргаар боловсруулсан махны экспортод бэлээхэн Эрээн хотын холбогдох эрх бүхий байгууллагын зүгээс импорт эхлүүлэх шийдээ өгч байхад Монголын  Засгийн газар “манайх мах эрүүл ахун шаардлага хангахгүй ээ” гээд татгалзах эрх байхгүй л байлтай. Асуудал “но” хаана, хэнд байна вэ.

Дулааны аргаар боловсруулсан махны экспортын асуудлаар үргэлжлүүлэн цувралаар бичих болно. Махны экспорт бол Монголын эдийн засагт бага ч гэсэн валют оруулж ирэх салбар. Тэрхүү үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлээ амьд авч явах хийгээд  олон мянган ажлын байртай холбоотой асуудал зөвхөн “Эмээлт”-ийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны аж ахуйн нэгжийн эрх ашгаас дээгүүр тавигдах учиртай.

И.ОТГОНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж