Шри-Ланка урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн хямрал, хомсдолд орж буй тул Оросоос газрын тос нэмж худалдаж авахаас аргагүйд хүрч магадгүй гэж тус улсын ерөнхий сайд Ранил Викремесингхэ мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө, Оросоос газрын тос авахгүйгээр өөр эх сурвалж хайж үзэх болно гэжээ. Гэхдээ Москвагаас түүхий нефть худалдаж авахад илүү нээлттэй, боломжийн хямд үнэтэй байгааг онцолсон байна.
Шри-Ланка улс сүүлийн 70 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүнд санхүүгийн хямралд буй. Хүнс, шатахуун, эм тариа зэрэг чухал импортын барааг төлөхөд ам.долларын гачигдалтай байгаа юм. Улс даяарх шатахуун түгээх станцуудын ойролцоо урт дараалал, заримдаа километрын урттай байх нь нийтлэг үзэгдэл болжээ. Мөн цахилгааны тасалдалд өртөж буй аж.
Вашингтон болон түүний холбоотнууд Москвагийн санхүүгийн урсгалыг багасгахыг хичээж байхад Орос түүхий нефтиэ маш хямд үнээр бусад орнуудад санал болгож байна. Энэ нь хэд хэдэн орны сонирхлыг татаж амжжээ. Ялангуяа Шри-Ланка шиг хямралд орсон улсад хямд нефть хамгийн их хэрэгтэй. Шри-Ланкийн Сангийн сайдаар ажилладаг Викрмесингхэ мөн улсынх нь өр нэмэгдсээр байгаа хэдий ч Хятадаас илүү их санхүүгийн тусламж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Шри-Ланкийн хямрал улстөрчдийн буруу шийдвэртэй нягт холбоотой ба Украины дайн улам бүр дордуулж байгаа аж. Тус улсын хүнсний хомсдол 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Орос мөн Шри–Ланкад улаанбуудай санал болгосон гэж ерөнхий сайд Ранил Викремесингхэ хэлжээ. Шри Ланка үүнээс гадна Ойрхи Дорнод дахь уламжлалт ханган нийлүүлэгчдээсээ газрын тос, нүүрс авахыг хичээж буй аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ