Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Наадамд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн бол тодотголоор хасагдаж, 2.3 тэрбум төгрөг болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүйгээс наадмын ажил цалгардаж буйг уран бүтээлчид хэлж байна.
Энэ талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатараас тодруулахад "Үндэсний их баяр наадмын төсвийг баталсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүй байна. Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Уран бүтээлчид өчнөөн долоо хоног хүлээлээ шүү дээ. Хил гааль хаалттай, бараа материалын үнэ хэд дахин өссөн байна. Үйлдвэрлэл хийх гол мэргэжилтэн болох зураач, гагнуурчин, хувцас дизайны хүмүүс мөнгөгүй учраас хөдлөхгүй байна. Ядаж урьдчилгаа авмаар байна гэдгээ хэлж буй. Бид аргаа бараад өнөөдөр пост бичлээ. Өмнөх жилүүдэд өдийд хамаг ажлаа нугалчихсан байдаг.
Энэ жил наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайдаа тэмдэглэнэ шүү дээ. Гэтэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос "Одоо төсөв шийднэ", "Удахгүй шийдэж байна" гэсэн хариулт өгч байна.
Өмнө нь наадмын нээлт, хаалтын концертод 800 гаруй цэрэг оролцдог байсан бол энэ жил 200 цэрэг, 160 орчим мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл, оюутнууд болон УДЭТ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ 400 гаруй хүн оролцоно. Хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллаж байна. Өнгөрсөн жил Б.Чинбаттай хамтарч ажиллана гэж байгаад хамаг ажлаа хийсний дараа цахим наадам зохион байгуулсан байх жишээтэй" гэв.
"ИРГЭД АЛБАН БУС МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ШЭЙРЛЭЖ БАЙНА"
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Нарийн бичгийн дарга Н.МӨНХЗУЛ:
-Иргэд албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шэйрлэж байна. Шадар сайдаар ахлуулсан Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Соёл урлагийн салбар хороо ажлаа хийж байна. Жүжигчин Г.Амгаланбаатар эрх зүйн хувьд ямар байр суурьтай хүн билээ. Үндэсний баяр наадам хуулиараа зохицуулагдаж буй ажлын талаар ингэж байр суурь илэрхийлж байгааг ойлгохгүй байна. Зохион байгуулах хорооны тогтоолоор ерөнхий найруулагч, продюсерууд томилогдсон. Тэр хүмүүстэй гэрээ байгуулсан. Наадмын төсөв тусдаа яригдаж буй. Үндэсний их баяр наадмын хувьд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль ажилд их нөлөөлдөг. Түүнтэй холбогдолтой зохицуулалт гээд олон ажил бий.
Холбоотой мэдээ