Гадаад харилцааны яамнаас хил, гааль дээр тавьж буй хяналт болон Эрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, чингэлэг тээврийн талаар өнөөдөр /2022.06.13/ мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.БОЛД:
-Зургадугаар сарын 2-ноос эхлэн хил гааль дээр тодорхой хязгаарлалт тогтоосон. Тиймээс боомтын үйл ажиллагааг зогсоохгүй үргэлжлүүлэхийн тулд ГХЯ-наас удаа дараа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн. Түүний дагуу эхний ээлжид, зогсоод байсан нарийн ногоотой чингэлэг 11-ний өдөр орж ирсэн. Одоогийн байдлаар 15 чингэлэг нарийн ногоо татан аваад байна. Цаашид боомтын үйл ажиллагаа тогтворжино гэж тооцоолж байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Эрээнд Covid-19-ийн 456 тохиолдол бүртгэгдсэний 256 нь шинж тэмдэггүй халдвар байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сайтар баримталж, хязгаарлалт тогтоох зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг.
Эрээнд тогтоосон хатуу хөл хориотой холбоотой боомтын үйл ажиллагааг хязгаарлах эсэх талаар зөвшилцөж байна. Одоогийн байдлаар үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Эрээнд цар тахал бүртгэгдсэн учраас Хятадын дүрэм журмын дагуу 21 хоног хатуу хөл хориотой байх болов уу гэсэн таамаг бий. Ямартай ч одоогийн байдлаар албан шийдвэр ирээгүй байна. Эрээнээс Монгол Улсад импортын бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг. Хөл хориотой холбоотой чингэлэг тээврийг зогсоогоод байсан бол өнгөрсөн Бямба гаригаас дахин эхлүүлсэн. Цаашид нарийн ногоо болон зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй оруулж ирэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Тяньжинд одоогийн байдлаар 7000 гаруй чингэлэг саатаад байна. Ямартай ч эхний ээлжид өдөрт гурван цуваа галт тэргээр буюу 150-160 чингэлэг оруулж ирж байна. Энэ татан авалтыг нэмэгдүүлэх талаар "Улаанбаатар төмөр зам" болон ГХЯ-наас хүсэлт өгсөн.
Мөн тэг цэгийн терминал дээр байгаа хоосон чингэлэг солилцох тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид томоохон терминал дээр бөөгнөрсөн хоосон чингэлгийг солилцох ажлыг эрчимжүүлнэ.
Холбоотой мэдээ