Дахин төлөвлөлтийн ажлыг улс төржүүлж, иргэдийг хохироож байгаа асуудлаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч "Асиан сити" компаниас мэдээлэл хийлээ.
Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах, 1961 онд ашиглалтад орсон, “Дулааны 18” орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг 2021 оны арваннэгдүгээр сард "Асиан Сити" компани эхлүүлсэн байна. Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтөөр “Худаг усны 36” байрны хана таазад цууралт өгч, зарим газар нуралт үүсч, хүн амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Үүнээс улбаалаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газраас албаны хүмүүс ирж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайн үед нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй бол 60 гаруй айлын 300 гаруй хүн гудамжинд гарах эрсдэл үүсээд байсан аж.
Дахин төлөвлөлт гэдэг бол төрийн сайн бодлогын нэг. Тиймээс дахин төлөвлөлтийг улс төрөөс хол байлгахгүй бол иргэд төр, хувийн хэвшлийн итгэлцэлд сөргөөр нөлөөлнө гэж оршин суугчид хэллээ.
"Асиан Сити"-гийн төлөөлөл хэлэхдээ "Хувийн эрх ашгаа урдаа барьж, нийгмийн сүлжээгээр турхирах, мөн уриа лоозон барьж, зам хаах зэрэг захиалгат үйл ажиллагаа явуулж буй нь хэрээс хэтэрч байна. Энэ нь компанийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх, цаашлаад шинэ орон сууцаа хүлээж байгаа оршин суугчдын итгэлд хүртэл нөлөөлөхүйц үйл ажиллагаа болж байгаа юм. "Худаг усны-36” байр нь 48х16 харьцаатай гурван давхар. Нэгдүгээр давхар нь илүү гарсан өргөтгөлтэй байсан бөгөөд хуучин оршин суугчдад өмнө нь амьдарч байсан байрных нь мкв дээр бонус мкв нэмж, шинэ барилгын 4-5 давхарт байр хүлээлгэж өгнө" гэв.
Барилга барих хугацаанд хуучин оршин суугчдыг түр амьдрах байраар хангах, түрээсийн төлбөрийг барилгын компани бүрэн хариуцдаг. Энэ ажилд зөвхөн нэг сард 40-60 сая төгрөгийн зардал гарч байгаа аж.
ОРОН СУУЦНЫ ДАВХАРЫГ ДУРААРАА НЭМДЭГГҮЙ
Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол хийсний үндсэн дээр хэдэн давхар барилга барих тухай асуудал яригддаг. Тооцоолол хийхэд, тухайн газарт 16 давхараас доош барилга баривал ямар ч үр ашиггүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, алдагдал хүлээх аж.
Оршин суугчдын хэлснээр, дахин төлөвлөлтийн ажлыг "Асиан сити" ХХК авахаас өмнө 4-5 компани сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан боловч барилга барихгүй хугацаа алдсан. Өнгөрөгч оны 2021 оны арваннэгдүгээр сард "Асиан сити" ХХК барилгын ажил хийж эхэлсэн. Одоо 11-12 давхар дээрээ явж байна. Тиймээс хийж байгаа нэгнээ битгий харлуулаач. Ялангуяа хажууд шинээр ашиглалтад орсон орон сууцны иргэдийг хийж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна" гэсэн юм.
"Асиан сити" ХХК нь Нийслэлийн засаг даргын 2021.04.29-ний өдөр А33 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ.
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ