МАН-ын “бороохой” ба Х.Нямбаатарын дэглэм

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

МАН-ын “бороохой” ба Х.Нямбаатарын дэглэм

МАН-ын “бороохой” ба Х.Нямбаатарын дэглэм

Улаан Оростой нийлсэн Ардын журамт цэрэг хүрээнд орж ирмэгцээ барууны болоод өөрсдөөс нь өөр үзэлтэй, олонд нөлөөтэй цөөнгүй хүнийг барьж, байцаажээ. Д.Сүхбаатар ч эл үйлдэлд дургүйцэн ил, далдаар илэрхийлсэн баримт бий. Байдал буруу тийш эргэснийг мэдсэн Д.Бодоо өргөдлөө өгөөд, “Орост элчин болсноос мал малласан нь дээр” гэж холдох гэсэн ч хожим түүнийг ардын засгийн дайсан болгон Чагдаржав, Тогтох тайж нарын 12 хүний хамт буудан хороох ял тулгасан юм. Цаазын ялыг гүйцэтгэсэн цэргүүдийг 10 төгрөгөөр шагнах Д.Сүхбаатарын шийдвэр өдгөө МАН-ын архивт хадгалагдаж байна.

Түүнээс хойш МАН/МАХН/-ын өөрсдийнхөө эсрэг бодолтнуудыг зайлуулах үндэслэл нь “Ардын засгийн эсрэг”, “Хувьсгалын эсрэг хуйвалдаан”, “Японы тагнуул” гэх нэр томъёо бий болов. Харин энэхүү нэр томъёог хэрэглэн хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлдэг бойны газар нь НАХЯ, ногоон малгайтнууд болов. Нэгэнт шударга бусын тулд хэрэг тул тэрхүү бойг гардан гүйцэтгэсэн нөхөд ч сүүлдээ өөрсдөө хядуулсан сонсохуйд чих дүлийрэм, харанхуйд нүд халгах, ярихад ч гаслам МАН-ын үнэн түүхийг одоо хэр нь бид төдийлөн мэдэхгүй, мэдүүлэхийг хүсэхгүй байсаар иржээ. Тиймээс ч ямар нэгэн байдлаар эрх барих тоолонд нь хуучны өвчин нь сэдэрч, зэс нь цухуйж, хууль сахиулагчид хүчний, албадлагын, цагддаг байгууллага болдог бол төлөөсөнд нь гэмгүй иргэд хохирч үлддэг, түүнийг нь илчилсэн хэвлэлийн эрх чөлөөг хумихыг хичээдэг билээ. Үүнийг бодож, сөхүүштэй. Сөхөөд зогсохгүй сэрэмжлүүштэй.

Өнөөгийн МАН-ын цагаан ордон боссон түүхийг харахад таван халуун амь, бүлээн цус, өч төчнөөн эхнэр хүүхэд, ээж аавын нулимсан дээр боссон нь эмгэнэлт түүх сөхөгдөнө. Сонгуулийнхаа дүнг луйвардуулсан гэх жагсагчидтай МАН /тухайн үеийн МАХН/-ын удирдлагууд огт уулзаагүй бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг зузаатгасаар эцэст нь үймээн самуун болгож, энгийн иргэд цагдаа хоёрыг чулуу, шийдэмдээ тулгасан нь бас л үнэн. Тэд засгийн эрхийг дахин авах зорилгодоо хүрч, өчнөөн залуус яллагдаж, таван гэр бүл өнчирч, төдий тооны цагдаагийн албан тушаалтанд бурууг тохоод өнгөрсөн билээ.

Онц байдал зарлан, тухайн үеийг баримтжуулсан бүх телевизийн бичлэгийг цагдаагийнхан хураан авсны дараа үндэсний олон нийтийн телевизэд ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан хяналтаа тогтоогоод бусдыг нь хаасан юм. Ингэхдээ үйл явдлыг зөвхөн нэг талаас нь мэдээлж, овлигогүй залуус үймээн самуун дэгдээсэн болгож, олны тархийг угаасан төдийгүй төв талбайг хуягт тэргээр хамгаалан, олныг айдаст автуулсан билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон ургальч үзлээр иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөөх ажлыг иймэрхүү аргаар л замхруулсан юм. Гэвч булавч бултайна, даравч далдайна гэгчээр үнэн үлдсэн юм.

Энэ бүхнийг сөхөх МАН туйлын дургүй. Дурдах хэрэг гарвал зайлшгүй болох ёстой, золиослохоос өөр арга замгүй байсан мэтээр пропаганда хийдэг. Ийм ч болохоор тэд өөрсдийгөө өөрчлөгдсөн, орчин үеийн нам гэдэг ч цаанаас нь үмхий үнэртэх төдийгүй үйлдэл бүхнээр нь үнэн төрх нь цухуйдаг.

Цар тахлын хөл хорионы үед цагдаа нар "Ланд-200" унасан залууг шаардлага биелүүлээгүй гэж тэсрэг бодис тээвэрлэсэн хэрэгтэнийг зогсоож буй аятай толгойг нь өвдөглөсөн бичлэгээ цацаад, араас нь “Өмнө нь танхайн хэрэгт шийтгүүлж байсан” гэх мэдээлэл цацсан. Цар тахлын хуулиас өөрсдийгөө зөвхөн үнэн эх сурвалж гэж үзсэн төдийгүй түүнээс нь өөрийг үнэнд тооцохгүй хууль батлан, өчнөөн сэтгүүлчдийг цагдаагаар цагдуулсан. Бодит мэдээллийг иргэд мэдчих вий гэхээс үнхэлцэг нь хагарталаа айсан тэдний үнэн төрх сөрөг хүчний зохион байгуулсан жагсаалыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдийг цагдаагийнхнаар түлхэн унагаалгаснаар үргэлжилсэн.

Иргэдийн мэдэх эрх рүү, хэвлэлийн эрх чөлөө рүү тэд ингэж халддаг. Үүний дараа ёс юм шиг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж өөх ч биш, булчирхай ч биш юм ярьж, иргэдийг “сүрдүүлдэг”. Хамгийн сүүлчийн жишээ нь, Дугуй цагааны ойролцоох шавар гэрийг нураахыг сурвалжилж явсан сэтгүүлчдийн эрхэнд цагдаагийнхан балмадаар халдсан үйлдэл болов. Камерыг нь булааж, шууд дамжуулалтыг нь зогсоож, бичлэгийг нь устгасан хөгийн үйлдлээ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Нийгмийн дэг журмыг зөрчихгүй байхыг шаардаж байгаа цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж, хориглосон зүйл рүү орох гээд байгаа нь өөрөө маргаан дагуулж байна. Ер нь бид өөрсдөө ойлголцоод явах асуудал” гэж хаацайлсан юм.

Нийгмийн дэг журам юу гээчийг сурвалжилж яваа сурвалжлагч яаж зөрчих вэ? Хориглох, хориглохгүйг хууль бус цагдаа тогтоодог болсны бодит хандлага энэ.

Эцэстээ үнэнд гүйцэгдээд ирэхээрээ хэдхэн хүнтэй хариуцлага тооцсон болоод, иргэдийн амыг таглаж байна. “Ажлаа хий” жагсаалын үеэр гэхэд л зүгээр жагсаалд оролцож яваа иргэнийг шууд өшигчиж байгаа цагдааг мөн л хаацайлахыг оролдсон ч бодит бичлэг нь үлдсэн болохоор арга буюу ажлаас нь халсан. Сайдынх нь зүтгүүлээд буй хуулийн төсөл гэхэд “гүтгэх, доромжлох”-ыг Эрүүгийн хуульд оруулж, түүгээр далимдуулан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилохыг оролдох жишээтэй. Цар тахлын үед “Энх саран” сувиллаас эхлээд болохгүй бүтэхгүй бүхнийг нь шүүмжилсэн иргэдийг цагдаагийнхан торгож, дуугүй болгосон жишээ олон. Тэгсэн хэр нь гурван шатны шүүхээр тогтоогдсон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн буруутныг өнөөдөр яасныг бүгд мэднэ.

МАН-ын иргэдэд барьдаг “бороохой” нь Х.Нямбаатар сайд болж, өөрийн гэсэн дэглэм тогтоохоор улайм цайм зүтгэдэг болов. Цагдааг үйлчилгээний байгууллага болгох гээд эцэст нь өөрөө суудлаасаа буусан Х.Тэмүүжин энэ байгууллага хэрхэн ялзарсаныг өөрийн жишээгээр харуулдаг.  Түүний үед иргэдэд үйлчлэх байгууллага болоогүй ч тэр зүгт алхаж байсан цагдаагийн байгууллага өнөөдөр иргэдийнхээ үзэл бодол, үнэт зүйлс, эрх чөлөөнд халддаг болоод удлаа.

Тайван жагсаал хийсэн жагсагчийг телевизийн камер хариулж байгаад элэгдэх бол энгийн жишээ болсныг Д.Монголхүүгийн жишээнээс бид харж болно. Ер нь МАН-ын засгийн үед цагдаа нар оодордог, иргэдийн эрх зөрчигдөх нь ихэсч, сэтгүүлчдийн биед халддаг явдал газар авдаг. Үүний эсрэг өнөөдөр л бид зогсохгүй бол үе, удмаараа хэлмэгдээд дуусдаг гашуун үнэн МАН-ын 100 жилийн түүхийн хагаст нь холбогддог билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж