Монгол ардын нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд улс төрийн 16 хүчнийг нэгтгэж чадав. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 36 улс төрийн нам бий. Мэдээж энэ олон улс төрийн намаас цөөн хэд нь өрсөлдөж, улс төрд идэвхтэй байдаг бол бусад улс төрийн намууд нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэйгээс хэтрэхгүй. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт энэ олон бүртгэлээс цаашгүй намаас илүү ард түмний дэмжлэг маш чухал.
Тэгвэл УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар хүрээнд өөрчлөх, өөрчилж байгаагийн шалтгаан гээд олон асуудлыг тайлбарлахаар энэ долоо хоног хуралдаад тойрог руугаа явцгаах нь.
Эрх баригчид үндсэндээ дөрвөн чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэв. Тодруулбал, Хүний эрхийг Үндсэн хуулиар хамгаалах, Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот, хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Төрийн сүлдийг шинэчлэх гэсэн гол гол концепциудын хүрээнд өөрчлөлт хийх аж. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ололтоо бэхжүүлэн, Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан, хөгжлийн шинэ боломж бий болгосон, хөгжил дэвшил хүн бүрд хүртээмжтэй сонгодог парламентын тогтолцоотой улс болно гэж эрх баригчид тодорхойлж буй.
ЦААЗЫН ЯЛЫГ ХАЛАХЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАЖ, ЦЭЦИЙГ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС БОЛГОНО
Монгол Улсын Үндсэн хуулиар монголчууд амьд явах, тодорхой эрх эдлэх эрхээ хамгаалуулсан байдаг. Тэгвэл энэ удаад хүний эрхийг хуулиар хамгаалах чиглэлээр хэд хэдэн гол агуулгуудыг түшиглэх гэнэ. Тодруулбал, хүний нэр төр халдашгүй байх, төрийн бүх байгууллага иргэнийхээ нэр төрийг хүндэтгэж хамгаална гэжээ. Угтаа бол төрд ажиллаж байгаа хүн бүр зөвхөн иргэнийхээ төлөө ажиллах үүрэгтэй. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтгүйгээр төрийн албан хаагчид тангараг өргөдөг. Монгол Улс цаазын ялгүй улс болохын тулд Үндсэн хуульд тусгах нь. Энэ нь хүний амьд явах эрхийг хангаж буй гэж үзэж байгаа бөгөөд иргэн үндсэн эрхээ Үндсэн хуулийн Цэцээр хамгаалуулахыг өөрчлөлтөд тусгахаар болжээ.
Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах чиглэлд Үндсэн хуулийн Цэцийг улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн шүүх байхаар тусгажээ. Үндсэн хуулийн Цэц нь улстөрчид, эрх барьж буй нам, Ерөнхийлөгчийн төлөөний хүн сонгогдож, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удаж буй. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг Улсын дээд шүүх, гурван гишүүнийг УИХ, гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгодог болсонтой холбоотой. Хэн Цэцийн гишүүнийг санал болгож, томилно, эргээд түүнийхээ эрх ашгийг хамгаалдаг байдал улс төрд өрнөж буй олон үйл явцаас харагддаг. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн шүүх гэхээс илүү улстөрчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах тохиолдол олон болсноос ийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах шалтгаан болжээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан: ХҮНИЙ ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР БҮРЭН ХАМГААЛАХ
- Хүний нэр төр халдашгүй байна. Төрийн бүх байгууллага иргэнийхээ нэр төрийг хүндэтгэн хамгаалах үүрэг хүлээх
- Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг бүрэн халах
- Иргэний улс төрийн эрхэд тавьсан хязгаарлалтыг арилгаж, тэгш боломж олгох
- Иргэн үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулах
- Үндсэн хуулийн цэц нь улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн шүүх байх
ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОЖ, ХОЛИМОГ СИСТЕМЭЭР СОНГУУЛИА ЯВУУЛНА
Монгол Улс парламентын тогтолцоотой улс. Гэвч Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газар, парламент гэсэн гурван хэсэгт улс төрийн эрх мэдлүүд хуваагддаг. Энэ нь сонгодог парламентын засаглал Монголд төлөвшүүлж чадаагүйнх гэж улстөрчид шүүмжилдэг. Ерөнхийлөгч нь зарим хуулийн байгууллагын удирдлагыг томилдог, хууль санаачлах, хориг тавих эрхтэй байдаг, улс төрийн популист шийдвэр гаргадаг гээд олон асуудал үүсдэг. Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байсныг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчилж чадсан ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж чадаагүй, парламентын тогтолцоог сайжруулж чадаагүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд covid-19 цар тахал улс төр, дэлхийн геополитик, улс төрд олон өөрчлөлт авчирсан ч улс орнууд сонгодог парламентын тогтолцоог илүү сайжруулах, төлөвшүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тиймээс ч энэ удаагийн өөрчлөлтөд парламентын чадавх, хариуцлагыг нь нэмэгдүүлэх бүлэг орж ирж буй.
Хүн амын тоонд харьцуулбал УИХ-д 76 гишүүний төлөөлөл бага гэж үздэг. Тиймээс ч энэ удаад 76 гишүүний тоог нэмж, 99 болгох зорилго тавиад буй. Ингэж байж хүн амаа төлөөлөх тоо, бүтцийн хувьд өөрчлөлт гарна гэж үзэж буй. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийн тулд сонгуулийн тогтолцоог холимог систем болгоно. Ингэснээр 99 гишүүний 76 нь тойргоос сонгогдох, үлдсэн нь намын жагсаалтаар орж ирэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж буй.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан: АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ПАРЛАМЕНТЫН ЧАДАВХ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ
- Сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгаж, сонгуулийн холимог систем бүхий хариуцлагатай, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэх замаар олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих
- Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх
- Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах зорилгоор сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах
- Хууль тогтоох болон Гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох
- Төрийн институтүүдийн эрх, үүргийг тодорхой болгон, тогтолцооны хоёрдмол байдлыг арилгаж, олон улсын жишигт нийцсэн сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх
УЛААНБААТАРЫГ ТЭЛЖ, БУСАД ХОТУУДЫН ХӨГЖЛИЙН ДЭМЖИНЭ
Хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэл хот ачааллаа дийлэхээ болиод удаж буй. Үүнээс үүдэж агаар, хөрсний бохирдол, дэд бүтэц гээд ачааллаа дийлэхгүй байгаа олон асуудлаас үүдэж дагуул хотууд байгуулах, Улаанбаатарыг тэлэх, хотын хөгжлөөс илүү орон нутгийн хөгжлийг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс энэ удаад төвлөрлийг сааруулах, нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож, бусд хотуудын хөгжлийн дэмжих зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж буй.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан: ХОТ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ
- Төвлөрлийг сааруулах, хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож бусад хотын хөгжлийг дэмжих
- Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах
ТӨРИЙН СҮЛДИЙГ ШИНЭЧИЛНЭ
Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛДИЙГ ШИНЭЧЛЭХ
- Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх
Улс төрийн зөвшилцөл, ард түмний дэмжлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд маш чухал үүрэгтэй. Зарим судлаачид, улс төрийн хүчний зүгээс эрх баригчид өөрсдөдөө зориулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байна гэж шүүмжилж байгаа ч өнөөдрийг дэлхий улс төрийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй нөхцөлд хүрснийг нь эрх баригчид хэлж буй. МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийнэ. Ингэхдээ эхлээд Ард нийтийн санал асуулга явуулж, Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж буй. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа найман жил өөрчилж болохгүй гэсэн заалт бий.
Холбоотой мэдээ