Сурвалжлага: Иргэд "Да хүрээ"-гээс лизингээр л машин авч байна

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд "Да хүрээ"-гээс лизингээр л машин авч байна

Сурвалжлага: Иргэд "Да хүрээ"-гээс лизингээр л машин авч байна

Улсын их баяр наадам дөхмөгц нутгаа зорих иргэд унаа тэргээ шинэчилдэг. Хоёр жил өнжсөн баяр наадмаараа дэнж хотойтол наадахаар хүлээсэн иргэд хэдийнэ амралтын маршрутаа гаргажээ. Гэвч эдийн засгийн хямралаас шалтгаалж иргэдийн аялах зардалд машинаа шинэчлэх төсөв багтаагүйг хүмүүс хэлж байв. Худалдан авалтын оргил ачаалалтай үе өдийд таардаг ч унаа сонирхох нь олон ч аван хүн цөөрснийг "Да Хүрээ" захын худалдаачид хэлж байсан юм.

Тус захад 16:20 цагт очиход эгнүүлэн тавьсан олон машины дунд цөөн хэдэн хүн алхана. Өнгө ижил, өрөөтэй олон машины худалдаачид хүний бараанаар зарах гэж байгаа машинаасаа бууж ирэх ажээ. Тэдний хэлж байгаагаар, амдаж зардаг үе өнгөрсөн бөгөөд сард 1-2 машин зарвал "их ашиг" болсон байна. Тэд зарсан машиныхаа ашгаар сарын түрээсээ төлж, машинд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болон дараагийн татан авалтын зардлаа төлж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш иргэдийн худалдан авалт эрс багассан байна.

Хүмүүс бэлэн мөнгөөр машин авахаа болиод жил гаруй хугацаа өнгөрчээ. Түүгээр ч зогсохгүй хамгийн хямд машин болох "Pruis-20″, Pruis-30", "Aqua" зэрэг 18-29 сая төгрөгийн үнэлгээтэй машиныг урьдчилгаа 10-20 хувьтай лизингээр авах нь ихэссэн байна.

Энэ нь иргэдийн худалдан авах чадвар хэр муудсаныг харуулж буй. Лизингээр машин авах хүмүүс 30 хувиа ч төлж чадахгүй байгаа нь нэг талаар цар тахалтай холбоотой, нөгөө талаар автомашины үнэ өнгөрсөн жилээс хойш огт буурахгүй өсч байгаагаас хамаарч буй аж.

ХИЛИЙН ГАЦАА АРИЛЖ, ДОЛЛАРЫН ХАНШ БУУГААГҮЙ УЧИР МАШИНЫ ҮНЭ ӨСЧ БАЙНА

Машины худалдаачин Н.Цэрэнхүү тус захад сүүлийн жилүүдэд тасралтгүй ажиллажээ. Тэрбээр "2020 оноос иргэдийн худалдан авалт буурч, машин татан авахад хилийн гацаа хүндрэл учруулж байна. Ам.доллар өнөөдөр 3150 төгрөг байна. Гэтэл бид захиалсан машинаа хилийн гацаанаас болж хагас жил хүлээж байж авдаг болсон. Хүлээлгийн хугацаанд ч мөнгө төлнө. Тийм учраас машины үнэ буурах боломжгүй. Үнэтэй, том оврын машин ч татах шаардлагагүйд хүрсэн. Цаашид хил гаалийн асуудал хэвийн болохгүй бол татвар өсч, шинэ автомашины үнэ ч өсч магадгүй.

Гэр бүлээрээ машин хайж яваа иргэд ихэвчлэн "Pruis-30" л сонирхож байна. Үнэ 27-29 сая төгрөг. Бүх банк болон ББСБ-ын лизингээр авах боломжтой.

Гэхдээ банкны шаардлага өндөр учраас хүмүүс ихэвчлэн банк бусаар л зээл авч байна. Уг нь орон нутгийн иргэд малчдын худалдан авалт өдийд эрчээ авдаг байсан. Энэ жил ноолуур хямд байгааг ч хэлэх үү, орон нутгийн иргэд зорьж ирэхээ больсон" гэсэн юм.

Япон болон бусад улсаас машин татан авахад заавал Тяньжинаар дамжиж цаг, мөнгөний илүү зардал гаргаж байгаад зохицуулалт хийвэл машины үнэ буурахыг "Да Хүрээ" захын худалдаачид хэлж байв. Иргэдийн худалдан авах чадвар муу байгааг далимдуулсан үнийн хөөрөгдөл их байгаа учраас хүмүүс хувь хүнээс машин худалдан авахыг чухалчлах болжээ.

Иргэн А.Махтуйгин Баян-Өлгий аймгаас машин авахаар Улаанбаатарт ирсэн байна. Тэрбээр хотод ирснээсээ хойш гурав хоног машин хайжээ. Гэвч үнийн хөөрөгдөл их байгаа учраас захаас биш хувь хүнээс авах нь зүйтэй гэж эхнэртэйгээ ярилцсан байна.

Тэдний хувьд гэр бүлийн, бага оврын автомашин сонирхож байгаа ч өнгөрсөн жил авахаар төлөвлөж, хуримтлуулсан мөнгөнөөс нь 10 сая төгрөг давсан байна.

Байгаа мөнгөндөө машин сонирхохоор хүссэн үзүүлэлттэй машин байхгүй байгаа аж. Тиймээс хувь хүнээс машин сонирхож, болохгүй бол машин авах хугацаагаа хойшлуулна гэлээ.

Автомашины ченжүүд хэлэхдээ “Тяньжин дээр гацсан автомашин Монголд орж ирэх гэж зургаан сар болж байна. Гацаа, тээвэр логистик огт шийдэгдээгүй. Тэнд "Да Хүрээ" захын худалдаачин тус бүрийн 20 хүртэл тооны автомашин хүлээгдэж байна. Санаснаар болдог бол наадмаас өмнө амжаад машинуудаа авчихмаар байна. Гэхдээ энэ яст мэлхийний хурдаар намартаа багтаж ирвэл их юм.

Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ л ченжүүдийг амьжиргаагаа залгуулахад тусалж байна. Бид нэг машинаас дээд тал нь 2-3 сая төгрөг унагаадаг. Гэтэл одоо сардаа хоёр сая төгрөг олох гэж их л хичээж байна.

Бэлэн мөнгөөр автомашин зараад баяжаад байгаа нэг ч ченж алга. Машин сонирхож байгаа иргэд давхар цалингийн зээлтэй байгаа учраас ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авах нь бий. Гэхдээ төлөлт болоод хугацааны хувьд харьцангуй дажгүй учраас хүмүүс сонгож байна" гэв.

АВТОМАШИНЫ ҮНЭ ЖИЛД ГУРВАН УДАА ӨСЧ БАЙНА

Автомашины эрэлттэй цагийг амдан үнээ нэмдэг ченжүүд "Одоо ачаа барааны логистикоос хамааралтайгаар үнэ дахин буухгүй" гэж ярих нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Учир нь, иргэд "Ченжүүд тээврийн зардал нэмэгдэж байгаагаас гадна баяр угтсан ээлжит "бонус"-аа нэмж байна" гэв. Одоогоос сарын өмнө "Pruis 20" автомашин 16-18 сая төгрөг байсан бол өнөөдөр 18-21 сая төгрөгт хүрчээ. Энэ мэт баяр дөхүүлж үнээ нэмээд, дахин буулгадаггүй нь иргэдийг худалдаачдаас татгалзахад хүргэж байгаа аж.

Ченжүүдэд ч өнөөдрийн нөхцөл байдал мөн хүндээр тусч буй тул үнээ унагаахгүй барих нь чухал. Цаашид цар тахал намжихгүй бол энэ хэвээр байсаар байх уу гэдэг бас л асуудал. Ямартай ч "Да Хүрээ" захын үйлчлүүлэгчид наадмын сезонд өртөөгүй байгаа нь эдийн засгийн хямралаас шалтгаалж энэ жилийн гол худалдан авалт уналтад орсныг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж