Амралтын өдрөөр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх газрууд

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

Амралтын өдрөөр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх газрууд

Амралтын өдрөөр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх газрууд

Нийслэлийн иргэдийн сонирхлыг ихээхэн татсан машинтай кино театр цахим орчинд олны анхаарлыг багагүй татаж, өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийсэн. Үзвэр үйлчилгээний газруудын үүд хаалга хаалттай учраас уг үйлчилгээ олон хүний сонирхлыг татсан ч нээлтээ хийгээд хоёр хоноод хаагдсан. Тэгвэл энэ жил тус үйлчилгээ дахин нэвтэрсэн байна. Иргэд гэр бүлээрээ хувийн машиндаа тухлан долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд дэлхийн шилдэг, сонирхолтой киног шимтэн үзэх боломжтой юм. Насны бүлгийн хувьд кино бүр өөр бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тухайн долоо хоногт гаргах бүтээлийг урьдчилан танилцуулдаг байна.

Эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодсон ч задгай талбайд том дэлгэц, хувийн унаагаараа үйлчлүүлэх нь халдвар хамгааллын дэглэм сахиж буй явдал.

Тиймээс дэлхийн соёлын нэгэн хэсэг машинтай кино театраар та ч бас гэр бүлээрээ зочилж үзээрэй. Тасалбарын үнэ нь нэг автомашинд хэдэн хүн байсан ч 2-305 мянган төгрөгөөр үйлчилж буй аж.

ПАРКЫН ШИНЭ ТОГЛООМУУДЫГ ТУРШИЖ ҮЗЭХ

Зуны урин цаг ирж, удахгүй аагим халуун өдрүүд айсуй. Тэгвэл энэ хугацаанд хүмүүс гэр бүлээрээ хотоос гаралгүй цэцэрлэгт хүрээлэн болон соёл амралтын хүрээлэн орж яагаад болохгүй гэж. Тухайлбал, үндэсний соёл амралтын хүрээлэн тоглоомуудаа засварлан шинэчилж, хүүхдэд ээлтэй орчныг тохижуулан бүрдүүлсэн байна. Мөн насны ангилалтай тоглоомуудынхаа тоог ч нэмжээ. Тэгэхлээр хүүхэд багачууд гэлтгүй гэр бүлээрээ паркт очиж цагийг зугаатай өнгөрүүлж болох юм.

Энэ жил тэр дундаа амралтын өдрүүдэд үндэсний соёл амралтын хүрээлэнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс паркт бүтээн байгуулалтууд хийж эхэлсэн байна. Орчин нөхцөлөө сайжруулах, тоглоомоо нэмэхээр ажиллаж байгаагаа тус хүрээлэнгийн ажилтан хэлсэн юм. Тоглоомын үнэд ч тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон байна.

3-5 хүртэлх насны хүүхдүүд тоглох хүслийн галт тэрэг, нархан, бөмбөгтэй машин, хөгжөөнт баавгай 4000, зарим тоглоом 5000-6000 төгрөг бол ихэнх тоглоом 7000 төгрөг болжээ.

Мөн багцын тасалбар нэг хүд л үйлчлэх бөгөөд үнийн хувьд 4-10 тоглоом тогловол 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна.

СПОРТ КЛУБ, УСАН БАССЕЙНААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

Гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой дараагийн хувилбар бол спорт клубууд болон усан бассейн. Хичээл сургууль амарч, аялал зугаалга, амралтын цаг ирсэн энэ үед хүмүүс ядаргаагаа тайлж, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг. Ялангуяа зуны улиралд хүүхэд залуус гэлтгүй бүхий л насныхан усан спортоор хичээллэж өв тэгш биеийн галбиртай болохыг зорьж, биеийнхээ алжаал ядаргааг тайлж, өөртөө анхаарал тавих болсон. Тиймээс усан бассейн болон спорт цогцолбороор үйлчлүүлэх нь олон давуу талтай.

Усан спортын төвд бүртгүүлэхээсээ өмнө нь заавал гурван сарын хугацаанд хүчинтэй байх бассейны шинжилгээ өгөх хэрэгтэй аж.

Шинжилгээ өгч долоо хоногт тутамд бассейнд явж эхэлснээр биеийн дархлаад ч эерэг нөлөөтэй төдийгүй гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд ч тодорхой үр дүнтэй байдаг байна.

ӨДРИЙН АМРАЛТАД ЯВАХ, ЭСВЭЛ ВАГОНТОЙ АЯЛАХ

Ээлжийн амралтаа авч байгаатай холбоотойгоор өдрийн аяллын хөтөлбөрүүдийг олон газар гаргажээ. Гэхдээ хүсвэл заавал тухайн хөтөлбөртэй аялал гэхээс илүү гэр бүлээрээ төлөвлөгөө, маршрут гарган аялах нь илүү сонирхолтой. Богд ууланд алхах, голын эрэг дээр хог цэвэрлэж, салхилах гээд ярилцаж саналаа солилцож хөтөлбөр гаргаж болох. Мөн вагонтой өдрийн аялалд ч явах боломжтой.

Дотоодод хамгийн хямдаар аялах боломжийг залууст олгодог хөтөлбөр бол “Rock hoof” компаний аялал.

Тус аялал 2020 оноос эхэлсэн бөгөөд цар тахлаас шалтгаалж аяллын хөтөлбөрт багтсан зардлын үнэ нэмэгдсэн ч үнэ нь огт өөрчлөгдөөгүй байна. Тухайлбал, 39 мянган төгрөгийн аялалд хамрагдахад нийт үнийн дүнгийн 80 хувь нь аяллын зардал, хөгжөөнт тоглоом зэрэг хэрэглэгдэхүүнд зарцуулагддаг аж.

Энэхүү аяллыг санаачлагч залуустай холбогдож асуухад “Заавал өндөр үнэтэй хөтөлбөрт хамрагдвал аялсанд тооцогдоно гэдэг ойлголтыг халахыг хичээсэн. Оюутан, залуус хямд зардлаар хөгжилтэй, дурсамжтай, танилын хүрээгээ тэлсэн аялалд хамрагдах боломжтой гэдэг утгаараа анх энэхүү аяллыг санаачилж байсан. Гадаадын улс оронд өдрийн аялал олон байдаг. Харин монголд хямд үнээр аялах хөтөлбөр ховор. Тиймээс бид найзуудаараа нэгдэж 39 мянган төгрөгийн аяллыг уламжлал болгон хийх болсон. Хүмүүс маш дуртай байдаг. Мөн унааны зардал, гэнэтийн асуудал зэргийг тооцоолж вагоноор аялах нь тохиромжтой гэдэг шийдэлд хүрч байсан. Хямд үнээр дурсамж дүүрэн аялна гэдэг сонирхолтой. Аялал гэдэг орчноо сольж, хүрээллээ тэлэх боломж. Тэгэхлээр манай аялалд хамрагдсан хүн бүр эерэг сэтгэгдэлтэй ирж гэж боддог” гэсэн юм. Тэгэхлээр амралтын өдрүүдэд гэр бүлээрээ өнгөрүүлэх цаг хугацаагаа дурсамж дүүрэн байлгах боломж хүн бүхэнд бий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж