ТОЙМ: Махны экспортыг он дуустал зогсоож, мэргэжлийн хяналтынхныг халав

Хуучирсан мэдээ: 2022.06.12-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Махны экспортыг он дуустал зогсоож, мэргэжлийн хяналтынхныг халав

ТОЙМ: Махны экспортыг он дуустал зогсоож, мэргэжлийн хяналтынхныг халав

Монгол Ардын намын санаачлагаар улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурав. Мөн энэ долоо хоногт олны анхаарлын төвд байсан Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хуралдаан болж түүнд шүүхээс ялын шийдвэрийг уншиж танилцууллаа. Эдгээрээс гадна Засгийн газрын ээлжит хуралдаанаар баяр наадмыг нийтээр тэмдэглэх хуваарь болоод Эмээлтийн махны экспорт, үйлдвэрлэл эрхэлдэг зарим аж ахуйг хааж байгаа талаар мэдэгдлээ.

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ЭМЭЭЛТИЙН 16 МАХНЫ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах асуудлыг хэлэлцүүлсэн талаар танилцуулсан. Тэрбээр, урт хугацаанд хяналт сул байсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг цаашид цэгцэлж, нарийн зохицуулалттай болгоно. Бүх түвшинд буюу мал төхөөрөхөөс эхлээд үйлдвэрлэлийн шат хүртэлх дамжлагын стандартыг шинэчлэн баталлаа. Энэ зөвхөн Эмээлтийн үйлдвэрүүдэд хамаатай асуудал биш. Дэнжийн мянга, бусад зах, сургууль, цэцэрлэг зэрэгт хэрэглэх, зарах маханд ч хяналт тавина.

Дулааны аргаар мах бэлтгэх, экспортлох үйл ажиллагаа явуулж буй 31 аж ахуй нэгжийн 16 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа. Нийлүүлэлт, экспортын тухайд 2023 оны нэгдүгээр сар хүртэл зогсоож байна.

Мөн хүнсний хууль тогтоомжийн стандартыг хуульчлах зохицуулалтыг нэн даруй хийнэ. Гуравдугаарт, нийслэлд дулааны аргаар мах бэлтгэж буй үйлдвэрүүдийг орон нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. ХХААХҮЯ болон Хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг өгсөн байгаа. Дараагийн асуудал бол хариуцлагын тухай яригдана гэдгийг анхааруулсан юм. Үүнээс гадна алба хаагчдын ажил үүрэг болоод ашиг сонирхлын зөрчлийн асуудлын тухайд хуулийн дагуу хариуцлага тооцно.

Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаас гадна экспортын зөвшөөрөл олгодог дүгнэлт гаргадаг мэргэжилтнүүдэд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн юм.

ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН ШОУГААР ТАМИРЧДАД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар энэ сарын 8-ны өдөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр тамирчид хоорондоо маргалдаж, нэг нь ус цацсан бол нөгөө нь ундаа шидсэн. Тэдний тайлбарлаж байгаагаар энэ бол шоу. Тиймээс үзэгчдийн анхаарлыг татаж, мэдээллээ хүргэх чухал гэсэн юм. Гэвч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалгаж эхэлжээ.

Н.ТҮВШИНБАЯРЫГ 16 ЖИЛ НЭЭЛТТЭЙ ХОРИХ ШИЙДВЭР ГАРАВ

Олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хуралдаан хоёр хоног үргэлжилж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 16 жилийн хорих ял оноосон. Нэгэн цагт монгол түмний бахархал болж явсан түүний шүүх хуралдаанд  олон нийтээр чих тавьсан. Тэрбээр, шүүх хуралдаанд оролцох үедээ хэлсэн эцсийн үгтээ “Би хүний хийж боломжгүй зүйлийг хийсэн. Найзынхаа ар гэр, ах дүү хамаатан садан, аав ээж гэр бүлийнхнээс нь уучлалт хүсч байна. Миний найз хамгийн сайн найз минь байсан. Өнөөдрийн миний амжилт бүхэн түүнтэй холбоотой. Боломж олдвол найзынхаа гэр бүлд тусалж дэмжинэ. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна.

Хуулийн өмнө хариуцлагаа хүлээхээ ойлгож байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг бүх хүнээс уучлал хүсч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа" гэсэн юм.

Ийнхүү шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцлоо. Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзсэн. Мөн Н.Түвшинбаяр хохирогчийн талд нийт 2,7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн учраас төлөх төлбөргүй. Хохирогчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас хохирол учирсан бусад хохирлоо нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр гаргалаа гэв. Шүүхээс талуудаас гаргасан саналыг үндэслэж, Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЖ, СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ЯВУУЛНА

Монгол Ардын намын санаачлагаар улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тунхаг бичигт зургадугаар сарын 10-нд гарын үсэг зурлаа. Тунхаг бичигт МАН, АН, ХҮН, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Дэлхийн Монголчууд Нам, Их Эв Нам, Монголын Хүний Төлөө Нам, Зон Олны Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам зэрэг намууд нэгдэж байгаагаа илэрхийлж, тунхагт гарын үсэг зурсан юм.

Тунхаг бичигт,  хүний эрх, парламентыг чадавхжуулах, хөт хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монголын улс төрийн сүлдийг өөрчлөх зэрэг асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Тодруулбал,  улс төрийн намууд бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, ард түмний засаглах бүрэн эрхийг хангаж, иргэдийг төлөөлөх парламентын чадавхийг сайжруулж, сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх зорилгын үүднээс дараах зарчмыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаж байна тусгажээ.

ТӨР ХУВИЙН ӨМЧИД ХАЛДСАНААС ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭВЛЭЛИЙНХЭНД ХҮЧ ХЭРЭГЛЭВ

Богд хан уулын Дугуй цагааны ойролцоох амралтын газрыг буулгах ажлыг сурвалжилсан сэтгүүлчийн камер, утсыг хурааж, зургаан цаг саатуулсан гэж Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа өөрийн цахим хуудастаа мэдээлсэн юм. Тэрбээр, бүх зүйлээ хураалгаж, ямар ч хүнтэй харилцаа тогтоох боломжгүй болсон. Зайсангаас намайг баривчилсан.

Ажил үүргээ гүйцэтгэж явахад “Шууд дамжуулалтаа зогсоо. Зогсоохгүй бол баривчилна” гэсэн. Баривчлахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн.

Миний шууд дамжуулалтын төхөөрөмжийг булааж авч, миний гарыг амаараа таглаад “Чи хашгир хашгир. Хэн ч сонсохгүй” гээд удаа дараа миний биед халдсан. Нэг мэдэхэд л машинд баахан цагдаа дээрээс дарчихсан байсан. “Шоронд хатаачихмаар зөндөө сэтгүүлчид байна” гэж даапаалж, доромжилсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр тасгийн алба хаагчид байсан. Гомдол гаргах гэхэд Н.Баттөмөр гэх Мөрдөн байцаах дарга нь “Гомдол гаргах шаардлагагүй” гэсэн. Намайг хууль бусаар бичлэг хийсэн гэх үндэслэлээр баривчилсан.  Өмнө нь намайг дөрвөн цагдаа зодсон хэрэгт холбогдуулж байсан. Би гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний төвд хандана гэсэн юм. Харин өчигдөр энэ асуудалтай холбоотой Хууль зүйн сайд Х.Нямбаатар үүрэг өгч, цагдаагийн алба хаагчид буруугаа хүлээж уучлалт хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж