Сингапурт болж буй Азийн аюулгүй байдлын форумын үеэр Япон, АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар биечлэн хэлэлцээ хийлээ.
Японы Батлан хамгаалах сайд Киши Нобуо, АНУ-ын Батлан хамгаалах сайд Ллойд Остин, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах сайд Ли Жонг Суп нар Өмнөд Солонгосын шинэ засгийн газар тангараг өргөснөөс хойшхи анхны гурван талт уулзалтаа биечлэн хийсэн аж.
Сайд нар хамтарсан мэдэгдэл хийхдээ, Хойд Солонгосын баллистик пуужин харвасныг эрс буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж байна гэв. Хойд Солонгос үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужин хөгжүүлж байгаа нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлж байгаад гурван улс санаа зовниж байна гэж мэдэгдэв.
Хойд Солонгосын пуужин харвасантай тэмцэхийн тулд 2017 оны арванхоёрдугаар сараас хойш түр зогсоосон хамтарсан цэргийн сургуулилалтыг дахин эхлүүлэхээр Батлан хамгаалахын тэргүүн нар тохиролцсон байна.
Мөн Хятад улсыг онцолж, Энэтхэг Номхон далайн бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлэх, хүч хэрэглэх замаар статус квог өөрчлөх оролдлогыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг чухалчилна гэв.
Батлан хамгаалахын сайд нарын гурван талт уулзалтын хамтарсан мэдэгдэлд анх удаа Тайваний тухай дурдсан нь энэ юм.
Эх сурвалж:NHK JAPAN
Холбоотой мэдээ