Канадын поп од Жастин Бибер өчигдөр /2022.06.10/ инстаграм хуудсандаа нүүрний саажилтанд өртсөн тухайгаа гурван минутын бичлэг хуваалцжээ. Бибер өдгөө 28 настай бөгөөд “Ramsay hunt” нэртэй хам шинжийн улмаас түр зуурын нүүрний саажилтанд өртсөн байна.
“Ramsay hunt” хам шинж нь салхин цэцэгтэй ижил вирусээр үүсгэгддэг аж. Энэ вирус нь олон жил унтаа байдалд байсны дараа дахин идэвхжиж, нүүрний мэдрэлд үрэвсэл, цочрол үүсгэдэг. Дархлаа суларсан үед вирус дахин идэвждэг байна.
Уг хам шинж нь хүндэрснээр нүүр саажиж, сонсгол алдагдах тохиолдол байдаг. Зарим тохиолдолд энэ нь байнга тогтож үлддэг ажээ. Жастин Биберийн хувьд одоогоор нүүрнийх нь баруун тал мэдээгүй, баруун нүд нь анивчих боломжгүй байна гэв.
Тэрбээр инстаграм хуудсандаа мэдээлэхдээ, “Юм идэхэд улам хэцүү болж байгаад урам хугарч байна. Миний төлөө залбираарай” гэжээ.
Хамгийн харамсалтай нь “Justice world tour” нэртэй Биберийн аялан тоглолт удахгүй болох байсан ч өвчний улмаас хойшлуулжээ. Түүний эхнэр Хейли Бибер гуравдугаар сард тархинд нь цус харвалттай төстэй шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Энэхүү хүнд явдлын дараа Жастин Бибер ийнхүү нүүрний саажилтанд өртөж, тэдний гэр бүл хүндхэн цаг үеийг туулж байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ