Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн бол яах аргагүй цемент юм. Манай орны хувьд бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед барилгын материалын нийлүүлэлт, хангамжийг тасалдуулахгүй байх талаар Барилга Хот Байгуулалтын яамнаас анхаарч ажиллаж байна.
Тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж буйгаар улсын хилээр чингэлэгт тээвэр тасралтгүй орж ирж байна гэв. Тодруулбал, өдөрт 80 орчим чингэлэг бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Үүний 50-60 хувийг овор хэмжээ багатай барилгын материал эзэлж байгаа аж.
Бүтээн байгуулалтын улиралд өдөрт дунджаар 300 орчим машин барилгын материал орж ирж байж эргэлтийг хангадаг байна.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, мэргэжилтэн Б.Хосбаяр, “МАК цемент” компанийн Борлуулалт хариуцсан ерөнхийлөгч н.Базарханд, “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “УБТЗ” ХНН-ийн тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалантай уулзаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд:
- “МАК цемент” ХХК-г хоногт хучилттай 10 вагон буюу сард хамгийн багадаа 300 вагоноор хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэх.
- “Монцемент билдинг материалс” ХХК-г 3-5 хоногт 15 ачааны вагон, хоногт хучилттай таван вагон буюу 150 чингэлгээр багадаа хангах, шаардлагатай тохиолдолд дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс” ХХК-д 21 вагон тавьж, ачилтууд хийгдээд байна. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ.
Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын яам
Б.Энхсанаа
Холбоотой мэдээ