Харшил эхээс удамших магадлал 70-80 хувьтай байдаг

Хуучирсан мэдээ: 2022.06.11-нд нийтлэгдсэн

Харшил эхээс удамших магадлал 70-80 хувьтай байдаг

Харшил эхээс удамших магадлал 70-80 хувьтай байдаг

Сүүлийн үед монголчууд элдэв янзын харшлаар өвчлөх болсон. Найман сартай хүүхдээс наян настай хөгшин хүртэл харшил тусч байна. Монгол хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж, харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж. Харшил өвчин нь бидний хүрээлэн буй орчинд тархсан олон төрлийн харшил төрүүлэгч зүйлүүд хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам, арьсаар нэвтрэн орж, хүний дархлаа тогтоход нөлөөлснөөр тухайн зүйлд хэт мэдрэгшил үүсгэдэг.  Ингэснээр  аливаа нэг зүйлд хүн хэт мэдрэмтгий болж, харшил үүсдэг аж. Манай оронд тоосны харшил, ургамлын гаралтай харшил их тохиолддог талаар эмч мэргэжилтнүүд хэлж байнс.

Мөн  хоол амтлагч зэрэг цочроогч нөлөө ихтэй хоол хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг хүнсэндээ их хэрэглэх нь харшлаар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Зуны улиралд ургамлын тоос тоосонцрын харшил ихэсдэг. Уг өвчин хэрхэн үүсдэг талаар болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар “DULGUUNMED” эмнэлгийн арьс харшлын их эмч С.Хулантай ярилцлаа.

-Манайд ихэвчлэн ямар төрлийн харшлууд тохиолддог вэ?

-Манай оронд амьсгалын замын харшилд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин, арьсны харшлын өвчнүүдийн хувьд чонон хөрвөс, хордлого харшлын дерматит, нарны харшил зэрэг харшлууд ихэвчлэн тохиолддог. Сүүлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд чонон хөрвөс  ихээр гарч байна.

-Харшлын өвчин бүрэн эдгэрдэг талаар иргэдийн дунд эргэлзээтэй асуултууд их гардаг энэ талаар?

-Харшил нь эдгэрдэг биш эмчлэгддэг өвчин.  Тухайн өвчтөнд ямар нэгэн зовуурь шаналгаагүй, ажил хөдөлмөрөө хэвийн хийх боломжтой. Гэхдээ харшил авсан зүйлтэйгээ ойр байх үед сэдрэх магадлал өндөр байдаг. Тоосны харшилтай хүн тоостой газар очвол харшил хөдөлнө, идэхийг хориглосон хүнсээ идвэл харшил хөдөлнө. Тиймээс үүнийг бүрэн төгс эдгэрсэн гэж тооцох боломжгүй.

-Харшил улирлын чанартай өвчин гэгддэг. Манай улсад ямар улиралд ихэвчлэн харшил илэрдэг вэ?

-Хаврын улиралд ургамлын харшлаас сэргийлэх угтах эмчилгээ хийгддэг. Энэ эмчилгээнд хамрагдсанаар ургамлын харшил эрс багасах, хөдлөхгүй байх боломжуудыг олгодог. Тиймээс дархлаа заслын эмчилгээг хаврын улиралд хийнэ. Харин намрын улиралд өвс ногоо хатаж хүмүүсийн ургамлын харшил намддаг учир ургамлын харшлаар үзүүлэх хүний тоо эрс багасдаг.

-Зуны цагт иргэд ямар харшлаар хамгийн түгээмэл өвчилж байна вэ?

-Улирлын шинж чанартайгаар манай төв дээр амьсгалын замын харшлын өвчтэй хүмүүс маш ихээр үзүүлж байгаа. Тэр дундаа хог ургамал буюу шарилжны харшилтай хүмүүсийн харшил одоо ид үедээ хөдөлж байгаа. Энэ хүмүүс эмчид үзүүлж, шинж тэмдэг зовууриа хэлээд эмчилгээний аргуудаас тохиромжтойг нь сонгон хэрэглэх хэрэгтэй. Долдугаар сарын 15-наас  есдүгээр сарын 1-ний хугацаанд хүмүүсийн ургамлын харшил хөдлөх шинж тэмдэг нь хамгийн хурц үедээ байдаг.

-Харшил удамшдаг уу?

-Харшил удамшдаг. Гэхдээ харшилтай хүн бүрийн хүүхдэд дамждаг гэсэн үг биш. Удамших магадлал 70-80 хувьтай. Ер нь эхийн талыг дагаж удамших магадлалтай байдаг. Ирж үзүүлж буй хүүхдүүдийг судлахад аав, ээжийнх нь аль нэг нь харшлын өвчинтэй, шинж тэмдэгтэй байх нь бий. Тухайлбал, эхчүүд жирэмсэн үедээ харшил өдөөгчийг их хэмжээгээр хэрэглэх юм бол хүүхэд харшилтай төрөх магадлалтай. Энэ тохиолдолд хүүхдийг төрснийх нь дараа эмчийн хяналтад байлгаж, яг ямар харшил давамгайлж байна, түүнд зориулсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Орчин үед энэ өвчнөөр бага насны хүүхэд их хэмжээгээр өвчилж байгаа. Учир нь бага насны хүүхэд орчны бохирдолд илүү мэдрэг байдгаас гадна сүүлийн жилүүдэд агаарын тоосжилт урьд урьдынхаас илүү нэмэгдэж байгаа. Олдмол харшлын хувьд ихэвчлэн 5-6 насны хүүхдэд анхны шинж тэмдэг илэрдэг.

-Харшлын шинж тэмдэг илрэх үед иргэд дур мэдэн харшлын эм хэрэглэдэг. Үүний сөрөг нөлөө нь юу вэ?

Энэ нь маш буруу.  Ямар оноштой хүн байх, хэдэн настай байх, хөхүүл жирэмсэн эсэх гэдгээс хамаараад эмч эмийн сонголтоо хийдэг. Түүнээс гадна эмийн тунг тааруулах асуудал яригдана. Тиймээс эмчийн зааваргүй эм хэрэглэх нь эрсдэл дагуулж байдаг. Ялангуяа иргэдийн дунд Хлорфенамин эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь түгээмэл болж. Эмчийн зааваргүй хэрэглэх гэж байгаа бол эмийн хайрцаг дээрх заавар зөвлөгөө, хориглох заалтыг шалгаж байж хэрэглэх хэрэгтэй юм

Б.Энхсанаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж