Богд хан уулын Дугуй цагааны ойролцоох амралтын газрыг буулгах ажлыг сурвалжилсан сэтгүүлчийн камер, утсыг хурааж, зургаан цаг саатуулсан гэж Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа өөрийн цахим хуудастаа мэдээлсэн юм. Энэ талаар ЦЕГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Г.Гэрэлмаа:
-Бүх зүйлээ хураалгаж, ямар ч хүнтэй харилцаа тогтоох боломжгүй болсон. Зайсангаас намайг баривчилсан. Ажил үүргээ гүйцэтгэж явахад “Шууд дамжуулалтаа зогсоо. Зогсоохгүй бол баривчилна” гэсэн. Баривчлахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн. Миний шууд дамжуулалтын төхөөрөмжийг булааж авч, миний гарыг амаараа таглаад “Чи хашгир хашгир. Хэн ч сонсохгүй” гээд удаа дараа миний биед халдсан. Нэг мэдэхэд л машинд баахан цагдаа дээрээс дарчихсан байсан. “Шоронд хатаачихмаар зөндөө сэтгүүлчид байна” гэж даапаалж, доромжилсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр тасгийн алба хаагчид байсан. Гомдол гаргах гэхэд Н.Баттөмөр гэх Мөрдөн байцаах дарга нь “Гомдол гаргах шаардлагагүй” гэсэн. Намайг хууль бусаар бичлэг хийсэн гэх үндэслэлээр баривчилсан. Өмнө нь намайг дөрвөн цагдаа зодсон хэрэгт холбогдуулж байсан. Би гэмтлийн зэргээ тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний төвд хандана гэв.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа:
-Сэтгүүлчийн мэргэжлийн, хууль ёсны үйл ажиллагааг цагдаагийнхан хүчээр зогсоож, хүч хэрэглэсэн асуудал гарлаа. Яг жилийн өмнө мөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүч хэрэглэсэн тохиолдол гарахад Хууль зүйн сайдад гомдол гаргаж байсан. Өчигдрийн болсон үйл явдлын хувьд, сэтгүүлчийн шууд дамжуулалтаар цацсан мэдээллийг устгасан байна. Энэ нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг зөрчсөн явдал. Цагдаагийн албан хаагч шууд дамжуулалтыг нь устгасан нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны мэдээллийн агуулгад халдаж, цензурдсэн үйл явдал. Өмнө нь сэтгүүлч Гэрэлмааг мөн сурвалжлага хийж байхад нь түлхэн, хүч хэрэглэж байсан. Өмнө нь бидний тавьсан шаардлагын хариуд ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаагаас бичиг ирсэн. Түүгээрээ өөрсдийнхөө албан хаагчдын үйлдлийг хууль ёсны дагуу ажилласан байна гэсэн. Тухайн бичигт дурдсан заалт нь тухайн хүн гэмт хэрэг зөрчил үйлдсэн, эрэн сурвалжлагдаж байгаа, согтуугаар үймээн самуун тарихад ашигладаг заалтууд байсан. Гэтэл тухайн сэтгүүлчид хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс Хууль зүйн сайд Х.Нямбаатараас асуудлыг шийдэхийг шаардаж байсан. Мэдээллийн агуулгад хяналт тогтоохыг хуулиар хориглодог. Байгаа хуулийн заалтыг мөрдөж ажиллахыг албан хаагчиддаа анхааруулмаар байна.
Холбоотой мэдээ