Шарлалтын аппарат хэрэглэх нь хүндрэл үүсгэж байна  

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Шарлалтын аппарат хэрэглэх нь хүндрэл үүсгэж байна  

Шарлалтын аппарат хэрэглэх нь хүндрэл үүсгэж байна  

Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1300-1500 хүүхэд нярайн шарлалтын улмаас нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт бий. Тэгвэл түүнээс ч олон хүүхэд уг өвчний хүндрэлээр хөгжлийн бэрхшээлтэй болдог нь олон улсын эрдэмтдийн санааг байнга зовоосоор иржээ. Манай улсад эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдсэн, хүүхдээ хөхөөр хооллох нь багассан, эм, тарианы хэрэглээ өндөрссөн, дутуу төрөлт ихэссэн, цөсний замын төрөлхийн гажгууд олширсон зэргээс шалтгаалж нярайн шарлалт ужгирч, хүндрэх шалтгаан болдог гэнэ. 100 мянган төрөлтөд тохиолдох эмгэг шарлалтын хувь ч олон улсын дундажтай ижил хэмжээнд байдаг аж. Шарлалт нь гүйцэт төрсөн нийт хүүхдүүдийн 70 орчим хувьд нь илэрдэг. Тэгвэл дутуу төрсөн хүүхдүүдэд илүү олон тохиолддог байна.

Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, нярайн эндэгдлээс сэргийлж болох шалтгааныг арилгах зорилт дэвшүүлсэн юм.  0-5 настай хүүхдийн эндэгдэл 2021 оны байдлаар 993 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт ч санаа зовоосон асуудал хэвээр байгааг эмч нар анхааруулж байна.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусанд дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй  цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдог. Энэ илүүдэл  хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяатай  болох шинжээр илэрдэг.Билирубинээс шалтгаалсан хүндрэл буюу шарлалтын хамгийн өндөр оргил үе нь амьдралын эхний 4-5 дах хоногт илэрдэг. Тиймээс төрсний дараах долоо хоногт нярайн хяналтыг маш сайн хийх ёстой юм.

Нярайн шарлалтыг дотор нь хөнгөн, дунд, хүнд, маш хүнд гэж дөрөв хуваадаг. Хүнд хэлбэрийн шарлалтад 25 -35 хувь тархины эмгэгшил  үүсэх эрсдэлтэй байдаг байна. Маш хүнд буюу билирубин хэмжээ 599 мекромолитээс дээшээ хэмжээтэй  байвал шарласан бүх  хүүхдийн тархинд ямар нэгэн эмгэг үүсэх эрсдэлтэй.

 0-5 насны хүүхдийн эндэгдлийн дотор нь хувааж үзвэл 80 гаруй хувь нь нялхсын буюу нэг насны хүртэлх эндэгдэл эзэлж байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ ТАРИА САЙЖИРСАНААР НЯРАЙН ЭНДЭГДЭЛ БУУРСААР БАЙНА

Амгалан амаржих газрын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг Нярайн зөвлөх эмч С.Энхтуяа "Орчин үеийн багаж тоног төхөөрөмж, дэлхий нийтэд хэрэгэлж байгаа  эмчилгээний тактикууд, эм тариа Монгол Улсад орж ирснээр нярайн эндэгдэл жил ирэх тусам буурсаар байна. 2013 оноос хойш дэлхийн түвшинтэй зэрэгцэн  нярайн эндэгдлийг бууруулах ажлыг хэрэгжүүлэн явж байна. Ажлын хүрээнд маш бага жинтэй буюу 1500гр-аас доош жинтэй, туйлын бага жинтэй буюу 1000гр-аас доош жинтэй төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирснаар эндэгдэл буурч байгаа юм". 

Тиймээс эмч мэргэжилтнүүдээс гадна эцэг, эхчүүд хүүхдэдээ сайн харж хандах биеийн аль хэсэгт шарлалт илүү явагдаад байна гэдгийг хянах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд, эмнэлгийн эмч мэргэжилтнүүд дунд энэ сэдвээр сургалт зохион байгуулах ажлыг шат дараалалтайгаар хийж эхэлж байгаа аж.

Нярайн шарлалтыг эмчлэх ганцхан арга бол фото эмчилгээ буюу шарлагын аппаратаар шарах юм. Фото эмчилгээг нярай судлалын салбарт баримталж байгаа эмнэлзүйн удирдамжаар эмнэлгийг нөхцөлд хэрэглэх ёстой байдаг байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд гэрийн нөхцөлд аппарат түрээслэн шарлагын эмчилгээг хийлгэх тохиолдол нэмэгдсэн. Ингэхдээ нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахгүй дур мэдэж байгаа нь хожуу үүсэх хүндрэлийг нэмэгдүүлдэг.

ШАРЛАЛТЫН АППАРАТ БУЮУ ФОТО ЭМЧИЛГЭЭНИЙ ГАЖ НӨЛӨӨ

Фото эмчилгээнээс шалтгаалсан эрсдэлүүдийг олон улсын эмч мэргэжилтнүүд  судалж байгаа бөгөөд одоог хүртэл нярайн хам шинж,  цусны эмгэгүүд үүсэх магадлал өндөр,  удмын санд нөлөөлөхгүй гэсэн баталгаа байдаггүй зэрэг гаж нөлөө байгаа тул нарийн судалгаа шинжилгээ явуулж байгаа юм.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж