Бага цацраг идэвхт хог хаягдлаа яах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Бага цацраг идэвхт хог хаягдлаа яах вэ?

Бага цацраг идэвхт хог хаягдлаа яах вэ?

Цахилгаан эрчим хүч гаргах цөмийн үйлдвэрийн гол түүхий эд бол уран. Манай гаригийн ус, хөрс, хад чулуунд өргөн тархсан байгалийн энэхүү металл хүний биед ч 90-150 микро-грамм хүртэлх хэмжээтэй агуулагддаг. Ураны байгалийн цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалдаг дулааны үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг байна. Нэг грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний дулаан үйлдвэрлэдэг. Байгальдаа нэг тонн хүдэрт 200 грамм уран байдаг бол уусгах, хатаах, шатаах зэрэг боловсруулалт хийгдсэний дараа нэг тонн тутамд 700 гаруй килограмм уран агуулах хүдрийн бүтээгдэхүүн гаргаж авдаг байна.

Ураны хүдрийн U308 буюу шар нунтаг хэмээх бүтээгдэхүүнийг байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан гаргаж авдаг.

Ураны хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Цөмийн энергийн комиссоос мэдээлснээр, Монгол Улсын хэмжээнд цацрагийг зургаан салбарт хэрэглэдэг байна. Тодруулбал, рентген зураг авах, хорт хавдрын эс устгах цацрагийн эмчилгээнд ионжуулагч цацрагийн энерги ашигладаг ажээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгахад ашиглаж буй бол геологийн тогтоцууд, түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтоох, ус, агаарын бохирдлын судалгаа, бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хий илрүүлэх (тухайлбал, гал мэдрэгч)-д ашиглаж байна.

Өдгөө манай улсад цацраг идэвхт ашигт малтмал, түүний хог хаягдлын талаарх эрх зүйн орчин бий болгож, сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч буй ажээ.

МАРДАЙН УУРХАЙ ТОНОГДОЖ, “ЭРДЭС” СУУРИН БАЛГАС БОЛСОН ТҮҮХ

Социализмын үе (1970-аад он)-д Монголын зүүн хойд хэсэгт буюу Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт Зөвлөлтийн геологчид ураны хүдрийн орд илрүүлсэн түүхтэй. Олон улсын гэрээ ёсоор ордын ойролцоо Мардайн ураны орд буюу “Эрдэс” суурин байгуулжээ. Тухайн үед улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж, 1978-1981 онд урьдчилсан хайгуул явуулж, хүдэржилтийн хоёр бүсийг ялган, нөөцийг С2 зэргээр тооцжээ. Нийт геологи-хайгуулын ажилд тухайн үед 127.3 сая рубль зарцуулсан тооцоо баримт өнөөдөр архивт хадгалагдаж байгаа аж.

Энэхүү ордыг ашиглахын тулд гүний усны цооног гаргаж, 20 км урт ус дамжуулах шугам Улз голоос татжээ. ОХУ-ын Хар нуурын УЦС-аас Мардайн орд руу татсан өндөр хүчдэлийн 110 квт шугам болон 25 мегаваттын дизель цахилгаан станцтай. Мардай, Чойбалсан хотын хооронд 35 квт-ын модон тулгууртай өндөр хүчдэлийн шугам татсан байна. Үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах тооцоо гаргажээ.

Чита-Чойбалсангийн төмөр зам руу Чингисийн далан өртөөгөөр нийлдэг 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар Оросыг зорьдог байсан гэж ахмадууд ярьж байна. Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байсны эхнийх нь Дорнод орд дээр, дараагийнх нь тосгоны урд талд, төгсгөлийнх нь Гурванбулаг орд дээр байжээ.

1997 оноос ил уурхайг ашиглахаа больжээ. 1990-ээд оны үед тухайн нутгийн үхэр мал үхлээ гэсэн шуугиан дэгдэж байв. 1991 онд “Эрдэс” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийн онгоцоор намуудын удирдлагууд болон хэвлэл мэдээллийнхнийг авч явж, уурхайгаа үзүүлжээ. Тэнд хамгийн орчин үеийн технологи ашиглаж байсан аж. Тухайн үед явсан, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, профессор М.Норов “Мардай тосгоны бохир ус цэвэрлэх байгууламжийн цагаан халаадтай ажилтнууд технологийн дагуу үйл ажиллагаа явуулж, хамгийн сүүлд биологийн цэвэрлэгээ хийгээд гаргасан усаа стаканд хийж зочдод амсуулсан” гэж ярьсан нь бий.

Цагтаа 10 мянга гаруй орос оршин суугчтай тус суурин Зөвлөлтөөс эрчим хүчээ авдаг, цахилгаан тасалдах үед хэрэглэх нөөцийн дизель станцтай байжээ. Оросууд Мардайн уурхайг хааж, 1999 онд Монгол Улсын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгон тус сууринг төмөр замтай нь, бүх эд хөрөнгөтэй нь Төрийн өмчийн хороонд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн гэдэг. Тэр цагаас хойш Мардайн уурхай тоногдож, “Эрдэс” суурин балгас болон хувирч, бүтээн байгуулсан бүхэн нь үрэн таран болжээ.

ӨДГӨӨ УРАНЫГ ГАЗАР ДОР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА

“Мянга сонсохоор нэг үз” гэсэн үг бий. Цөмийн эрчим хүчний хөгжлийг хангадаг стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт элемент болох ураныг бодитоор харж, “танилцах” боломж тохиов. Монголд өдгөө элсэнд тунасан Зөөвч-Овоо ордод ураныг газар дор уусган олборлох технологиор олборлож, шар нунтаг гарган авч байна. Элстэй ураны хүдрийг эхлээд шингэн төлөвт оруулж, дараа нь шахуургаар гарган, боловсруулдаг аж. Манай улсад анх удаа хэрэглэж байгаа ч байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай энэ технологийг бусад улсад 50-иад жилийн өмнөөс нэвтрүүлжээ. Дэлхийд олборлож буй ураны 57 хувийг газар доор уусган олборлох технологиор олборлодог байна.

Ураныг уусган авах, хүчилжүүлсэн уусгагч шингэн бэлдэхдээ соруулж авсан гүний усанд 4-20 гр/л концентрацтай хүхрийн хүчил нэмдэг. Нэг литр усанд дунджаар 4-6 гр хүхрийн хүчил буюу кофены халбагаар 1-3 хүхрийн хүчил нэмж уусгах шингэн бэлддэг. Тухайн уусгагч шингэн дэх хүхрийн хүчлийн концентрац ашиглалтын шатнаас хамаардаг байна. Уусгалт, олборлолт жигдэрсэн үед уусгах шингэн бэлдэхдээ 100 л усанд 1 л хүхрийн хүчил нэмдэг ажээ.

Монгол-Францын “Бадрах энержи” компани 2017 оноос хойш Дорноговьд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох “Зөөвч-Овоо” ураны ордын нарийвчилсан судалгааг хийж буй. Өөрөөр хэлбэл, Монголд байгалийн уран олборлох туршилт хэдийнэ эхэлсэн гэсэн үг.

Монгол Улсын Засгийн газар Цөмийн энергийн тухай хуульд зааснаар энэхүү ураны ордын 34 хувийг шууд эзэмшиж буй. Францын талын “Орано майнинг” групп 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад орд илрүүлж, нөөц тогтооход 250 сая ам.доллар буюу 544 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2017-2020 онд 17.8 тэрбум төгрөгийн татвар, 6.8 тэрбум төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөр тус тус төлжээ.

Зөөвч-Овоо орд 93291 тонн, Дулаан-Уул 6260 тонн ураны нөөцтэй бөгөөд манай улсын албан ёсоор бүртгэгдсэн ураны нөөцийн тэн хагасыг бүрдүүлдэг. Эдгээр ордыг илрүүлснээр Монгол Улс ураны 293 мянган тонн бүртгэгдсэн нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт орж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Зөөвч-Овоо ордод газар доор уусган олборлох аргыг ашигласнаар ямар гарцтай байх, эдийн засгийн үр ашиг нь ямар хэмжээнд байхыг тооцох судалгаа, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа талууд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, шар нунтгийн олборлолт эхлэх нь. Ирэх 2023 оны эхэнд туршилт дуусч, гэрээ байгуулах үйл явцыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Үйлдвэр байгуулах, ажилчдын байр барих асуудлууд үе шаттай шийдэгдэж, 2029 оноос ураны олборлолтыг эхлүүлэхээр тооцжээ. Энэ үед үйлдвэрт 800 хүн байнга ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын тоо 200-д хүрнэ гэж тооцоолсон байна. Зөөвч-Овоо ордыг 20-30 жил ашиглах тооцоо гарчээ.  Атомын цахилгаан станцууд шар нунтгийг худалдан авах ба ОХУ, БНХАУ-ын станцууд манай хамгийн боломжит худалдан авагчид юм.

“Бадрах Энержи” бүх хог хаягдлаа энгийн болон аюултай, мөн бага цацраг идэвхт хэмээн ангилдаг байна. Бага цацраг идэвхт хог хаягдалд лабораторийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл болох бээлий, шүүлтүүр зэрэг багтаж буй бөгөөд тэдгээрийг аюулгүй хадгалж байгаа аж. Эдгээр нь цөмийн станцын, өндөр идэвхт цацрагийн хог хаягдлаас ихээхэн ялгаатайг мэргэжилтнүүд хэлэв.

Компанийн мэргэжилтнүүд ураны түүхий эд болох шар нунтаг гаргаж авах туршилтаа өнгөрсөн оны долдугаар сард эхлүүлж, 719 өдрийн турш осолгүй ажиллаж байгаа аж. Нэгэнт эхлүүлсэн туршилтыг зогсоож болдоггүй, зогсвол ураны хүдрээ алдах эрсдэлтэй юм байна.

Тус компанийн нийт 104 ажилтны 96 хувь нь монголчууд бөгөөд 30 хувь нь орон нутгийн иргэд. Үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монголчууд ажиллаж буйн тал нь Сайншанд, Улаанбадрах сумын залуус байна.

Ураны түүхий эд болох шар нунтаг мал, амьтан, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй талаар мэдээлэл гардаг ч эрдэмтэд сөрөг нөлөөгүйг хэдийнэ баталжээ. “Бадрах энержи” компани малчдын худгаас тогтмол дээж аван, шинжилгээ хийдэг байна. Малчдын худаг ихэвчлэн 15 метрээс бага гүнд байрладаг бол газар дор уусган олборлох цооногууд 150-200 метрийн гүнд байрладаг. Мөн малчдын гэрийн гадаа цацрагийн шарлагын тунг хэмжих зөөврийн хэмжилтийн багажууд байрлуулж хянадаг байна.

БАГА ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН ТАЛААРХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Манай улс өнөөдрийн байдлаар бага цацраг идэвхт хог хаягдлын зохицуулгыг тухайн талбай дээр хадгалахаар заасан журамтай. Гэвч дараагийн шатны менежментийг нарийвчилсан зохицуулга байдаггүй байна. Энэ талаар Аюултай хог хаягдлын тухай хуульд ч огт тусгагдаагүй аж.

Иймээс цаашид дараагийн шатны менежментийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлага тулгарч буй юм. Бага цацраг идэвхт хог хаягдалд эрүүл мэндийн салбарын буюу хорт хавдрын эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн хог хаягдал, геофизик болон гаалийн байгууллагуудад ашигладаг үүсгүүрт багажийн ашиглахаа больсон үүсгүүр ч хамаардаг байна. Бусад улсад энэ төрлийн хогийг саармагжуулсны дараа устгах, эсвэл нэгдсэн хяналт мониторинг бүхий газарт хадгалах арга хэмжээ авдаг ажээ.

Манай улс шар нунтгийн олборлолт эхлэхээс өмнө төрийн бодлогын хэмжээнд энэ асуудалд анхаарлаа хандуулж, одооноос эрх зүйн орчин бий болгож, хууль дүрмээ сайжруулах зайлшгүй шаардлагатай юм.

УРАНЫ СПОТ ҮНЭ ФҮКҮШИМАГИЙН ЦӨМИЙН СҮЙРЛЭЭС ХОЙШИХ ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

Ураныг дотооддоо атомын цахилгаан станц барьж ашиглахаас гадна дэлхийн зах зээлд борлуулбал багагүй ашиг хүртэх боломж нээлттэй байна. Дэлхийн зах зээл дээр 1990 онд нэг фунт ураны үнэ 10 ам.доллар байсан бол өдгөө 51 ам.доллар болж өсчээ. 2008 оны үед нэг фунт ураны үнэ 90 ам.долларт хүрсэн түүхтэй аж.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр ураны спот үнэ 2011 онд болсон Фүкүшимагийн цөмийн сүйрлээс хойших хамгийн дээд түвшиндээ хүрч, ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж болзошгүй хориг арга хэмжээнүүд хатуу зах зээлийг орвонгоор нь эргүүлж болзошгүйд шинжээчид санаа зовниж байгаа талаар “Mining”-д мэдээлэв.

“World Nuclear Association” өнгөрсөн оны тайландаа ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн ураны эрэлт 26 хувиар өснө гэж таамагласнаа дурдсан байна. Дэлхийн хэмжээнд өдгөө шинээр төлөвлөгдсөн цөмийн энергийн 100 реактороос 53 нь барилгын шатандаа байгаа бол хэрэгжихэд бэлтгэгдсэн 320 төсөл бий аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж