Японы засгийн газар зургадугаар сарын 1-нээс эхлэн нохой, муурнуудыг бичил чиптэй болгох хууль баталжээ. Энэ нь алга болсон гэрийн тэжээвэр амьтдыг олох, болгоомжгүйгээр амьтнаа энд тэнд орхих явдлаас сэргийлэх зорилготой.
Тэжээвэр амьтдад суулгах бичил чип нь ердөө хоёр милиметр хэмжээтэй. Чип нь 15 оронтой кодтой бөгөөд үүнд нь тухайн амьтны эзний нэр, хаяг, холбоо барих дугаар гэсэн мэдээллүүд агуулагдана. Хууль хэрэгжиж эхэлснээр 410 мянга гаруй тэжээвэр амьтан чиптэй болно гэж засгийн газар тооцоолжээ.
Засгийн газар тэжээвэр амьтдын аюулгүй байдалд санаа тавьсны үндсэн дээр уг хуулийг баталсан боловч эсэргүүцэх хүмүүс ч бас байна. “Хэчнээн хайрлаж байгаа ч гэсэн амьд амьтанд ийм арга хэмжээ авах нь зохимжгүй. Оронд нь амьтнаа хаясан эздэд нь шийтгэл ногдуулдаг болох хэрэгтэй”, “Зарим хүн тэжээвэр амьтнаа хаяхын тулд чипийг нь хүчээр авах вий дээ”, “Яваандаа хүмүүст ч бас чип суулгах хэрэг гарна гэдэгтэй мөрийцье” гэх зэргээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.
Энэ хууль одоо эзэнтэйгээ байгаа амьтдад хамаарах уу, зөвхөн шинээр амьтан эзэмшихэд хамаарах уу гэдгийг тодорхой заагаагүй байна. Магадгүй зөвхөн гэрийн тэжээвэр амьтны хамгаалах байр болон бусад холбогдох байгууллагуудад байгаа амьтдад хамаарах байх гэж “Japan today” хуудас мэдээлэв. Мөн юмыг яаж мэдэх вэ, энэ хууль нь алга болсон, хаягдсан амьтдын тоог мэдэгдэхүйц бууруулна гэж найдаж байна гэлээ.
Эх сурвалж: JAPAN TODAY