Оросын радио станцаар Лхагва гаригт Украины төрийн дуулал болон дайны эсрэг дуу эгшиглэсэн нь тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хакеруудын шинэхэн бай болсны жишээ юм. "Коммерсант ФМ"-ийн онлайн нэвтрүүлэг гэнэт " Ой у лузі червона калина" хэмээх Украины эх оронч дууг тоглож эхэлсэн гэж ВВС сурвалжлагч Фрэнсис Скарр твиттер хуудсандаа бичжээ. Тус радио станцын ерөнхий редактор Алексей Воробьев ТАСС агентлагт болсон явдлыг баталж, интернэт сүлжээг хакердсан бололтой гэж мэдэгдэв. Мөн радио станцын техникийн ажилтнууд хакердсан гарал үүслийг судалж, илрүүлхээр ажиллаж байна гэлээ. Радио урсгал хакеруудын хяналтад байх хугацаанд Украины төрийн дуулал болон Оросын рок хамтлаг Ногу Свелогийн “Бидэнд дайн хэрэггүй” дууг эгшиглүүлжээ. Тус станц нь Узбекистан гаралтай тэрбумтан Алишер Усмановын эзэмшилд байдаг. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэх үндэслэлээр АНУ, Европын холбооноос хилийн хориг арга хэмжээ авсан аж. Усманов Европын хориг арга хэмжээг эсэргүүцэн, шүүхэд өгөөд байгаа юм. Кремль хоёрдугаар сарын 24-нд Украинд түрэмгийлснээс хойш Орос хакерүүдын гол бай болоод байгаа юм. Дайныг эсэргүүцсэн орон орны хакерүүд Оросын засгийн газрын сайтууд, төрийн өмчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл руу удаа дараа довтолжээ. Дайны эхэн үед олон улсын ажиглагчид Орос кибер халдлагаараа дэлхийд тэргүүлж, ялна гэж таамаглаж байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, Украиныг дэмжих хакеруудын бүлгэм хүчирхэгжиж байна. Кибер халдлагын хүрээнд дайныг эсэргүүцэгч хакерууд Оросын 20 жилийн нууц болон төрийн сайтуудын нууц үг зэргийг ил болгосон юм. Дан ганц радио станцаар дайныг эсэргүүцсэн явдал гараагүй ба гуравдугаар сард Оросын төрийн өмчит телевизийн редактор шууд нэвтрүүлгийн үеэр “Дайныг зогсоо” гэж хашхиран өөрийн үзэл бодлоо илэрхийлээд амжсан.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ