Аяллын дуртгал: Төмөр хүргэний нутаг ба түүний тамерлан

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Аяллын дуртгал: Төмөр хүргэний нутаг ба түүний тамерлан

Аяллын дуртгал: Төмөр хүргэний нутаг ба түүний тамерлан

Тэнд л ёстой тэрбум модод ургаж байна. Нов ногоон хотод иргэд нь хүртэл стресс багатай ажиллаж, амьдардаг юм шиг. Төв Азийн түүхэн хотуудад очиход төрсөн эхний сэтгэгдэл энэ байлаа.

МАНАСЫН НУТГААР

Алма-Ата хотоос дөрвөн цаг гаруй давхиад Киргизийн хилээр нэвтрэв.  Нийслэл хот нь хилээсээ холгүй орших юм. Социализмын үед Бишкек хотыг Фрунзе гэж нэрлэдэг байжээ. ЗХУ-ын 15 республик дотроо ногоон хот гэгддэг байсан Киргизийн энэхүү нийслэл өдгөө ч дундад Ази дундаа ногоон байгууламжаараа алдартай гэнэ. Хараажаар ногоон байгууламжаа ихэд арчилж торддог нь илт, төрөл бүрийн мод, цэцэг алагласан цэцэрлэгт хүрээлэн ч цөөнгүй. Намар, өвөлдөө Бишкек  ямархан “гоо үзэсгэлэнтэй” харагддаг болохыг төсөөлөхөд төдийлөн хэцүү биш.

Тэндэхийн Элчин сайдын яамны ажилтны ярьснаар Киргиз парламентын засаглалтай байхдаа Монгол Улсыг “ах” гэж авгайлж, манайхаас туршлага ихэд судалдаг байсан гэнэ. Авчиг таван жилийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалтай болсныг сонсоод инээд хүрэх шиг. Манайхаас туршлага судлаад бүтсэнгүй юу, эсвэл энэ хэдийг дуурайгаад эс холдох нь гэж бодсон уу, бүү мэд.

Замын хөдөлгөөн ерөнхийдөө багатай, дохиур барьсан цагдаатай нэг ч таарсангүй.  Эдийн засгийн хувьд манайхаас нэлээд доогуур нь шинжтэй, гэхдээ шинэ Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засгаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татахад багагүй анхаарч байгаа гэв. Ялангуяа аялал зугаалгын бүс нутаг болгон хөгжүүлэх талаар хөрөнгө оруулалтууд ч хийж эхэлжээ. Жишээлбэл, Тяньшаны болон Памирын уулсыг түшиглэсэн уулын хийгээд явган аяллуудыг зохион байгуулдаг бол  Иссык куль нуурыг дагасан амралт, зугаалгын бүс нутаг байгуулжээ.

Төв талбайгаа Манас гэж нэрлэдэг. Манайхаар бол Гэсэр, Жангар шиг баатар нь юм дагуу даа. Манасын талбайгаа тойроод Хууль зүй яам нь, КГБ нь, Ерөнхийлөгчийн ордон нь байрлана.

Бас холгүйхэн "Мөнхийн гал" талбай байх агаад гал нь унтардаггүй үргэлж асдаг болохыг элчингийн жолооч н.Ганбаатар сонирхуулав. Улсын циркийнх нь барилга гаднаасаа Аса цирктэй төстэй, ялгаатай нь өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Киргиз нь зургаан сая гаруй хүнтэй агаад үүний нэг сая нь нийслэл хотдоо амьдардаг. Манай 20 гаруй иргэн тэнд ажиллаж, суралцаж байгаагийн  ихэнх нь Баян-Өлгийн оюутан гэх. Монгол оюутнуудын хувьд тэр болгон Төв Азид суралцах хүсэлгүй бололтой.

Бишкект хоёр хоноод Ташкент руу нислээ. Бишкек чийглэг дулаахан уур амьсгалтай бол Ташкент эсрэгээрээ хуурай халуун байв. Гэхдээ хуурай, хуурай гэхэд манай Улаанбаатарыг яаж гүйцэх вэ дээ.

ЭРТ ЦАГИЙН ГҮРХАНЯН БА ЭДҮГЭЭГИЙН УЗБЕКИСТАН

“….XIV зууны хоёрдугаар хагаст дундад Ази дахь Цагадайн хаант улсын эзэмшил нутагт нэгэн шинэ улс байгуулагдсан нь Төмөрийн улс болно. Энэ улсыг байгуулсан Төмөр Барулас овгийн хүн байв”.  Түүхэнд ингэж бичжээ. Харин узбекуудын хувьд Эмир Төмөрөө манай эзэн Богд Чингис хаан шиг л бахархан ярих юм. Манайхан бол доголон Төмөр л гэцгээдэг.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев гарч ирснээр тус улсад нээлттэй эдийн засгийн болон гадаад бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.  Мөн улсынхаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй багагүй тэмцэж буй гэнэ.

Төв Ази дундаа эдийн засгийнхаа үзүүлэлтээр Узбекистан хоёрт бичигддэг аж. Казакстаны дараа. Хятад улс эдийн засгийнх нь том хөрөнгө оруулагч, нэн ялангуяа Узбекистан, Туркменистан, Киргиз гэсэн гурван улсын хамгийн том худалдааны түнш нь манай урд хөрш болсон  тухай Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн тайланд өгүүлсэн байсан юм. Ерөнхийдөө Хятад Төв Азид гол тоглогч болж байна.

Эрт цагийн Гүрханян эдүгээгийн Узбекистан нь хүнсний хэрэгцээ болон эрчим хүчээ дотоодоосоо хангахад ихэд анхаарч байгаа аж. Түүхий эдийн экспортлогч байсан тус улс өдгөө хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэгч улс болтлоо хөгжжээ. Тэрчлэн дэлхийн аялал жуулчлалын салбарт эргэлдэж буй триллон, триллон долларыг улс руугаа, Узбекистан руу чиглүүлэхээр Монголыг том мөрөөдөж суухад тэд бодит ажил хэрэг болгохоор зүтгэж байна. Товчхондоо, эх түүхээ эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлчихэж.

 Узбекистанд очсон жуулчид хамгийн түрүүнд Самарканд хотыг зорьдог аж. Тус хот жилдээ гурван сая жуулчин авдаг гэвэл Монгол Улсаас гурав дахин их жуулчин зөвхөн Самарканд хотод очдог гэсэн үг.

Хөтөч залуу Эмир Төмөрийнхөө түүхийг нүдээ гялалзуулан ихэд итгэлтэйгээр тайлбарлав. Ёстой л ангайтал нь тайлбарлаж буй түүний өөртөө итгэлтэй, үүх түүхээ сурталчилж байгааг сонсохдоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөтөч маш чухал болохыг нь тэндээс л ойлгосон. Манайхан бол гурилдана гээч болдог юм билээ.

Доголон Төмөр бол хаан байгаагүй. Одоогийнхоор, бас миний ойлгосноор цэргийн жанжин, гүйцэтгэх засаглалын тэргүүн байсан юм даг уу даа. Алтан ургийн хүн биш учраас хаан суух тавилангүй төржээ.  Гэвч, алтан ургаас хатан буулгасан тул хүргэн цол зүүх эрхтэй болсон гэнэ. Харин улсаа удирдах эрх нь  хүргэн Төмөрт, Өгөөдэйн удам Суюургатмиш зөвхөн бэлгэдлийн чанартай хаан байсан бололтой.  Ямартай ч узбекуудийн хувьд Эмир Төмөрөө их хааны хэмжээнд үздэг бололтой юм.

Хатандаа зориулж тэрбээр сүм барьсан нь Биби-Ханым сүм аж. Хожмоо ЗХУ байхдаа уг сүмийг сэргээн завсарласан байна. Алтан ургийн гүнж ихэд үзэсгэлэнтэй, түүндээ Доголон Төмөр их хайртай байсан гэх. Хөтөчийн л тайлбар шүү дээ.

Хүргэн Төмөрийн тамерлан байх сүмийг Гуми Амир гэдэг аж  Маш гоёмсог хийцтэй, ханыг нь зай завсаргүй маш нарийн чимсэн уг сүм нь төв Азидаа архитектурын түүхэн бүтээлд тооцогддог том өв соёл юм байна. Үүнийг үзэх гэж олон сая жуулчин мөнгөө бариад очдог гээд бод доо.  Алтан ургийн хүргэнийх нь өв үлдсэн байхад дэлхийд донсолгож явсан “хадмынх”  түүхийг харуулах ганц музейг бид байгуулчихаагүй явна шүү дээ. Тэгээд 400 сая жуулчин авна гэсэн том мөрөөдөлтэй, бас.

Тэнд зургаан бунхан байна. Эхнийх нь хүргэн Төмөрийн багшийн шарил гэнэ. Эмир нас барахдаа багшийнхаа өлмий дор өөрийгөө оршуулаарай гэж захьсан аж. Хажууд нь байрлах хоёр бунхан нь Шахрух, Үлэгбэх нь гэх ач нарынх нь болохыг узбек хөтөч тайлбарлав. Үлэгбэх нь алдарт одон оронч байсан, исламын шашны зан үйлийг зөрчсөн тул цаазаар авхуулжээ.

Доголон Төмөр шарил их “догшин” юм байх. ЗХУ-ын үед Сталин 1941 онд Эмирийн шарилыг ухуулснаас бол нацистууд Орос руу дайрсан, тиймээс 1943 онд буцаан залахад нь  дайнд ЗХУ ялсан болохыг, мөн  шарил ухах үед перс хэлээр хавтан дээр нь “булшийг нээх юм бол дайн эхэлнэ гэж бичсэн байсан” тухай  түүхээс  хөтөч сонирхууллаа.

Самаркандад очсон хүн заавал төв талбайгаар нь очиж үзэх ёстой гэнэ. Төв талбайг нь Регистан гэх агаад персээр цөл гэх утгатай үг болохыг түүхээс уншив. Зүсэн зүйлийн хүн, дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн жуулчид хөлхөлдсөн тэнд эрт урьдын цагт томоохон зах байсан, түүнийг цаазаар авах газар болгон ашигладаг байж.

Одоо бол үндэсний онцлогоо шингээсэн бэлэг дурсгал, өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, зах худалдаа гээд жуулчдын халаасыг "сэгсрэх" ногоон хурганы арьс хүртэл тэнд байх шиг.  Хаа газрын наймаачид болсон хойно жуулчдад хэтийдсэн үнэ хэлэх нь ч байна. Таксины хувьд албан ёсны онлайн такси үйлчилгээг дуудахгүй бол жинхэнээсээ сэгсрүүлэх эрсдэлтэй юм билээ.

Самарканд хотод ид бүтээн байгуулалт өрнөж байна. Тэнд ШХАБ-ын хурлыг ирэх намар зохион байгуулахаар товлосон гэнэ. Өмнө нь Душанбед болдог байсан бол цаашдаа Самаркандын албан уулзалтын төв, аялалын гол бүс болгохоор мод цэцэг тарьж, орчин үеийн байшин барилгуудыг барьж эхэлжээ. Ерөнхийдөө эрт, эдүгээ сүлэлдэж, зэрэгцсэн түүхэн хот, соёлын том өв болж хөгжих бололтой дог юм, цаашдаа.

Ташкентаасаа Самарканд нь илүү халуун байв. Гэхдээ их халуун эхлэх болоогүй тухай тус хотын аялал жуучлалын ажилтан хэлнэ лээ.

Эцэст нь энэ бүгдийг үзээд төрсөн бодол гэвэл дэлхийн жуулчдыг Монгол руу татъя гэвэл бид үйлчилгээ, үзвэр, үнэ хөлс, хөтөч, хөрөнгө оруулалтуудаа өөрчлөх ёстой юм байна. Үүх түүхээ, үндэсний өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй юм байна.  “Ганц дөрвөлжин хад үзэхийн тулд ийм аймаар зам туулж ирсэн юм гэж үү дээ” хэмээн япон жуулчин Тайхар хадыг хараад бараг уйлсан гэх дам яриа байдаг шиг  аялал жуулчлалын бодлогоо үндсээр нь өөрчлөхгүй бол Монгол 400 сая жуулчин бүү хэл дөрвөн сая жуулчин ирэх нь юу нь юу л бол.  Узбекууд махсаг ард түмэн юм. Ширээ дүүрэн махан хоол өрчих юм. Шорлог, пловоороо их дайлна. Пиво ууж байгаа хүн олон ч согтсон нь бараг үгүй харагдах.  Тасраад хоорондоо муудаад, чанга, чанга дуугарч байгаа хүнтэй тэндийн уушийн газарт лав таарсангүй ээ.

Ийнхүү Төмөр хүргэний нутагт болон тамерланд нь очиж, үр сад нь  өв, соёл үүх түүхээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг харахад цагаахан атаархал төрнөм.  Эрт цагийн Гүрханян буюу Эмир Төмөрийн байгуулсан эдүгээгийн Узбекистан Төв Ази дундаа л  улам хүчирхэгжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж