Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар эхлүүлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаан улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ирэсчээ. Тэр дундаа хүүхдийн үзлэгт тодорхой шинжилгээг тусгаж өгөхийг иргэд хүсчээ. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас энэ талаар тодрууллаа.
Яамнаас өгсөн мэдээллээр үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байгаа. Урилгаа авсны дараа харьяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг мөн хүргүүлж байгаа.
Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдаж болно. Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна.
Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй аж. Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Энэ эрсдэлд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1.5 дахин их гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Тиймээс иргэд өөрийн насны бүлэгт хамаарах багцын үзлэгт заавал хамрагдах шаардлагатай гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр “Урьдчилан сэргийлэх эрт үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Энэ нь өөрөө үзлэг оношилгоо илүү чанартай хүртээмжтэй байх үүднээс хуваарилалт хийсэн. Яагаад гэхээр эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Үүнээс үүдэн 40-60 хүн өдөрт үзнэ гэж эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгсөн. Энэ нь илүү чирэгдэлгүй байх талыг бодолцон үзсэн” гэв. Иргэд хуваарьт эмнэлэгтээ очиж үзлэг, шинжилгээнд орох ёстой. Тодруулбал, 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар хамрагдана. Шинжилгээ өгөх гэж байгаа хүн бүр 3-7 хоногийн өмнө бэлтгэлээ хангаж, биеэ бэлтгэх хэрэгтэй. 18-30 насныхны тухайд асуумж эхний ээлжид бөглөнө. Үүний дараагаар эрүүл мэнд, бие бялдар зэргийг эмч үзэж, дүгнэнэ. Лабораторийн хувьд цус, биохими, тэмбүү, ДОХ зэрэг заасан багц шинжилгээг өгнө. 31-45 насны ангилалд сүрьеэгийн болон бусад асуумжийг бөглөнө. Үүний дараагаар шаардлагатай зохих шинжилгээг өгөх юм. Ийнхүү насны бүлгийн дагуу иргэд эрт илрүүлэгт хамрагдана. Үзлэгт хамрагдах иргэдэд өгөх зөвлөгөө мэдээж бий. Иргэд асуумж бөглөхдөө өөрсдийн бие махбодид илэрдэг зүйлсээ бодитоор дүгнэж хариулах нь зүйтэй. Харин ерөнхий лабораторийн шинжилгээнд хувийн бэлтгэлээ сайн хангах нь зөв.
Цусны шинжилгээ өгөхөд долоо хоногийн өмнөөс өөх тосны хэрэглээг бууруулах, шээсний шинжилгээ өгөхөд мөн 3-7 хоногийн өмнө анхаарах зүйл бий. Тэр дундаа 45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдахдаа онцгой анхаарах нь зүйтэй.
Иргэд шинжилгээнээс гурав хоногийн өмнө нэмэлт витамин, согтууруулах ундаа, антибиотик, зүү төөнүүр зэрэг эмчилгээг зогсоосноор шинжилгээний хариу үнэн зөв гарахад нөлөөлдөг. 45-аас дээш насныхны өгөх шинжилгээний үед бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Тодруулбал, шамбрам, өтгөн хаталттай үед болон ногоон өнгийн хүнсний ногоо хэрэглэсэн үед шээс болон цусны ерөнхий шинжилгээг өгөхгүй байх нь зүйтэй. Мөн төмөр агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Харин ерөнхий шинжилгээнээс гадна улаан хоолой дурандуулахад өмнөх өдрийн 19:00 цагаас хоол сойх хэрэгтэй. Өглөөд нь мөн өлөн байх хэрэгтэйг анхаарах нь зөв. Үүнээс гадна умайн хүзүүний шинжилгээ өгөхөд тус насны бүлгийн эмэгтэйчүүд мэргэжлийн эмчээс зөвлөгөөг авах хэрэгтэйг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.