Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулж буй намууд Улсын Дээд шүүхэд хүсэлтээ өгч, албан ёсоор бүртгүүлдэг. Тэгвэл өнөөдөр /2022.06.10/ Улсын дээд шүүх Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/-ыг албан ёсоор бүртгэсэн нь УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нам байв. Нэгэн цагт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, сайд болж, энэ намын төлөө зүтгэж ирсэн Ц.Оюунгэрэлийн хувьд намаасаа гарч, өөрийн гэсэн намаа байгуулахаар сүүлийн нэг жилийн хугацаанд хөөцөлдөж буй. Дээд шүүхээс тодорхой хугацаанд хойшлуулсан ч АН-ын тамганы маргааны дараа бүртгэсэн нь улс төрийн хүрээнд хардлага төрүүлж эхлэв.
Удаан хугацаанд хоёр талд байсан Ардчилсан намын тамганы маргаан дуусгавар болж, өдгөө Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо шинэчилж, намын даргаа сонгох Их хурлаа товлох бэлтгэлээ хангаж буй. Ингэснээр Ардчилсан нам шинэ удирдлагатай болж, сөрөг хүчний ажилдаа идэвхийлэн орно гэдгээ зарласан. Олон нийт ч Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг хүлээж буй.
Ийн асуудал шийдэгдсэний дараа Ц.Оюунгэрэлийн намыг бүртгэсэн нь Х.Баттулгад барьж буй “бэлэг” хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. Учир нь улс төрийн хүрээнд Ц.Оюунгэрэлийг Х.Баттулгын хүн гэлцдэг. АН-ын асуудал нь ийн тодорхой болсон учир Х.Баттулгыг улс төрийн жижиг намуудыг нэгтгэхээр шинэ нам байгуулж буй, түүнийг нь Ц.Оюунгэрэл бүртгүүллээ гэх хардлага өрнөж эхлэв. Энэ хардлага шиг Х.Баттулга жижиг намуудыг нэгтгэж, шинэ намтайгаа нэгтгэх үү, Ардчилсан намынхаа “шинэ дарга”-д “хадаг” барих уу гэдэг нь анхаарал татаж байна.
Сонирхуулахад, Монгол Улсад улс төрийн 36 нам байдаг бөгөөд хамгийн анхны нам Монгол ардын нам 1921 оны гуравдугаар сарын 1-нд бүртгүүлж байсан бөгөөд жагсаалтыг тэргүүлдэг.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ