Тунхаг: Сонгуулийг холимог системээр явуулж, гишүүдийн тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Тунхаг: Сонгуулийг холимог системээр явуулж, гишүүдийн тоог нэмнэ

Тунхаг: Сонгуулийг холимог системээр явуулж, гишүүдийн тоог нэмнэ

МАН-ын санаачлагаар улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурав. Тунхаг бичигт МАН, АН, ХҮН, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Дэлхийн Монголчууд Нам, Их Эв Нам, Монголын Хүний Төлөө Нам, Зон Олны Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам зэрэг намууд нэгдэж байгаагаа илэрхийлж, тунхагт гарын үсэг зурав.

Тунхаг бичигт,  хүний эрх, парламентыг чадавхжуулах, хөт хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монголын улс төрийн сүлдийг өөрчлөх зэрэг асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тодруулбал,  улс төрийн намууд бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, ард түмний засаглах бүрэн эрхийг хангаж, иргэдийг төлөөлөх парламентын чадавхийг сайжруулж, сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх зорилгын үүднээс дараах зарчмыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаж байна гэжээ.

Тунхаг бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ТУНХАГ БИЧИГ

Улаанбаатар                                                                           2022  оны  6  сарын 09

Үүнд,

  • Хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах (хүний эрхийг баталгаажуулах, хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцээр хамгаалах тогтолцоог бэхжүүлэх);
  • Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан заалтыг засах;
  • Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг бэхжүүлэх;
  • Ард түмнээ бүрэн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн санал жигд тусгалаа олдог олон улсын жишигт нийцүүлэх;
  • Популист улс төрөөс татгалзаж, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх;
  • Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зохист уялдаа, хяналт тэнцлийг хангах;
  • Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож бусад хотын хөгжлийг дэмжих;
  • Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх;

Энэхүү санаачилга нь 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зүй ёсны үргэлжлэл болохыг тэмдэглэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамрах хүрээг дараах агуулгаар тогтон, санал нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлж байна.  

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

 

НЭГ. ХҮНИЙ ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР БҮРЭН ХАМГААЛАХ

  • Хүний нэр төр халдашгүй байна. Төрийн бүх байгууллага иргэнийхээ нэр төрийг хүндэтгэн хамгаалах үүрэг хүлээх
  • Хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг бүрэн халах
  • Иргэний улс төрийн эрхэд тавьсан хязгаарлалтыг арилгаж, тэгш боломж олгох
  • Иргэн үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулах
  • Үндсэн хуулийн цэц нь улс төрөөс хараат бус, Үндсэн хуулийн шүүх байх

ХОЁР. АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ПАРЛАМЕНТЫН ЧАДАВХ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

  • Сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгаж, сонгуулийн холимог систем бүхий хариуцлагатай, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлэх замаар олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих
  • Хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх
  • Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах зорилгоор сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах
  • Хууль тогтоох болон Гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох
  • Төрийн институтүүдийн эрх, үүргийг тодорхой болгон, тогтолцооны хоёрдмол байдлыг арилгаж, олон улсын жишигт нийцсэн сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх

ГУРАВ. ХОТ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ

  • Төвлөрлийг сааруулах, хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож бусад хотын хөгжлийг дэмжих
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянах

ДӨРӨВ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛДИЙГ ШИНЭЧЛЭХ

  • Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх;

Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ололтоо бэхжүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан,  хөгжлийн шинэ боломжийг бий болгосон, хөгжил дэвшил хүн бүрд хүртээмжтэй сонгодог парламентын тогтолцоотой улс болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж