Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдаж 27 сар өнгөрсөн. Тиймээс хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байсан.
Гэхдээ одоогоор шийдвэр албажаагүйгээс нислэгийг эхлүүлээгүй байна.
Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Одоогоор тус компаниудад ямар нэгэн албан шийдвэр, мэдэгдэл ирээгүй учир энэ сард нислэг эхлэхгүй байж ч магадгүй аж.
МИАТ, "Аэро монголиа" компанитай холбогдож тодруулахад Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан шийдвэр албан бус байгаа. Одоогоор Хятадын тал руу нислэг үйлдэх хуваарь болоод ямар, ямар авиа компаниуд үйлчлэх талаар шийд ирээгүй гэсэн юм.
Харин гадаад харилцааны яамнаас асуухад, ИНЕГ болон агаарын тээврийн авиа компаниуд хуваарь болон нислэгийн чиглэлийг тодорхой болгоно. ГХЯ-наас агаарын хилийг нээх талаар санал хүсэлтийг хүргүүлсэн. Түүнээс тус чиглэлд үйлдэх нислэгийг ИНЕГ хариуцна гэлээ. Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болсон. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцсон бөгөөд Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг албаныхан хэлсэн. Нөхцөл байдлаас шалтгаалж агаарын хилийг нээх асуудлыг дахин хойшлуулж болзошгүй байна.
АВТОЗАМЫН БООМТУУДЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
Түүнчлэн ГХЯ-наас өгсөн мэдээллээр автозамын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Шивээхүрэн-Сэхээ автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хятадын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламж барьж байгуулжээ. Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр боомтуудын үйл ажиллагааг эхлүүлээд буй юм.
Холбоотой мэдээ