Зуны сар зургаа биш ээ, Эрчим хүчний сайд аа!

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Зуны сар зургаа биш ээ, Эрчим хүчний сайд аа!

Зуны сар зургаа биш ээ, Эрчим хүчний сайд аа!

Бороо орохоор үүртэй болно гэж боддог, нар гарахаар мартчихдаг бор шувууны тухай нэг үлгэр байдаг. Тэрэн шиг монголчууд утаа, угаар, тог цахилгаан, түлээ, түлшний асуудлаа аль хэдийнэ мартчихаж.  Атал зуны сар зургаа биш болохоор нэг л өглөө өвөл болж, өнөөх асуудлууд нь ар араасаа ундрах нь гарцаагүй.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улс цахилгаан эрчим хүчний хүчин чадлын дутагдалд орсон тухай ч нуухгүй ярих болсон. Тэрбээр “2023 оны өвлийн ачааллыг амжилттай давах бэлтгэлийг хангаж байна. Ачаалал аравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Тэр болтол бидэнд засварын, хөрөнгө оруулалтын, техник зохион байгуулалтын ажлаа хийх цаг хугацаа байна. Ер нь эрчим хүчний салбар энэ цаг үед үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа салбар. Эрчим хүчний салбарын бүх тоног төхөөрөмжийг импортоор гаднаас авдаг. Өнгөт металлын үнэ их өслөө. Өнгөт металл ордоггүй эрчим хүчний сэлбэг, материал, тоног төхөөрөмж огт байхгүй учраас үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна” гэжээ.  Үнэн ч байх, үнийн өсөлтөд нэрвэгдээгүй салбар үнэндээ Монголд алга.

Эрчим хүчний яамны бодлогоос харвал “2030 он хүртэл эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам шинэчилнэ. Ингэснээр эрчим хүчний салбарын алдагдал буурна. Учир нь, бид өртгөөс 50 хувиар бага үнээр эрчим хүч нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна. 2020 онд 67.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2015 оноос хойш үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Нийслэл шинэ дагуул хоттой болж, эдийн засгийн чөлөөт бүсүүд нээснээр цахилгаан, дулааны эрэлт улам өсөхөөр байна” гэжээ. Тэгэхээр тог, цахилгааны үнэ нэмэгдэх магадлал өндөр гэсэн үг. Өнгөрсөн хоёр жил тог цахилгааны мөнгөө “Эрдэнэт”-ээр даалгуулсан иргэд энэ сараас өөрсдөө төлж эхэлнэ.

Эрээний хилийн хориг Монголын эдийн засагт асар том хямрал авчирч болзошгүй байгаа. Энэ хямрал ирэх намраас бодитоор иргэдэд мэдрэгдэнэ шүү гэж эдийн засагчид ч анхааруулсан. Өргөн хэрэглээний бараанаас гадна түлээ түлшний асуудал ч үүсэх нь тодорхой.

Тог цахилгааныхаа асуудлыг шийдлээ гэхэд цаана нь өвөлд өнөтэй орох түлээ, түлшний том асуудал гарах нь нэн ойлгомжтой. Эрээний хил хаангуут л шуудайны хомсдолд орсон тохиолдол бий. Тэр ч бүү хэл түлшээ авч чадахгүй иргэд оймсоо, ороолтоо түлж байгаад баригдсан явдал гарсан. Тэгэхээр түлээ, түлшний бэлтгэлээ базаах, гэр хорооллоо түлшээ түлшээр тасалдуулалгүй хангах нь Д.Сумъяабазараас эхлээд Н.Тавинбэх, Ц.Даваацэрэн нарын толгойны өвчин болж мэдэх нь ээ.

Хэрэвзээ сайжруулсан түлшний хангалт муу бол иргэд угаар гардаг л юм түлэх байх. Гэтэл МАН-ыхан. Улаанбаатарын утаа арилчихлаа гэж улс төрийн пропагандаа хийчихсэн байдаг. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан мөнгө бараг нэг их наяд төгрөг болсон. Харамсалтай нь, эхний өвлийг эс тооцвол сайжруулсан түлш түллээ ч утаа буураагүйг өнгөрсөн өвөл бид өөрсдөө нүдээрээ харсан шүү дээ. Утааны сургаар улстөрчид хар толгойгоо хамгаалаад эхэлдэг. Улаанбаатар эргээд утаатай болчихсон сайжруулсан түлшний чанар муудсантай холбоотой гэх иргэдийн шүүмжлэлд Эрчим хүчний сайд хариулт өгөхдөө сайжруулсан түлшний чанарыг гадагшаа явуулж шинжлүүлнэ гэсэн. Үнэндээ сайжруулсан түлшээ шинжлүүлэхээр гадагшаа явуулсан эсэх, хариу нь ирсэн үгүй нь, чанар, стандарт нь хангагдсан, хангагдаагүй гэх хариулт алга. Араас нь асууж, сураглаж буй албан тушаалтан ч байхгүй байна.  Хэрэвзээ үнэхээр чанар стандарт нь хангаагүй бол сайжруулах, өөрчлөх ажлаа өнөөдрөөс эхлүүлэх ёстой биш үү.

Улаанбаатарын утаа, агаарын бохирдлыг шийдэх гол үүрэгтэй хүмүүс бол Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, хотын дарга Д.Сумъяабазар. Хоёулаа энэ асуудлыг одоогоор хоолтойгоо холиод идчихээгүй л бол хоёр гуравхан сарын дараагаас л иргэд бухимдаад эхэлнэ шүү гэдгийг урьдчилаад сануулчихад буруудахгүй. Учир нь, зуны сар зургаа биш болохоор.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж