Лионель Месси бол маргаангүй бүх цагийн үеийн хамгийн шилдэг хоёр хөлбөмбөгчийн нэг. 2004 онд Барселона клубын төлөө дебют тоглолтоо хийснээсээ хойш л тэрбээр ур чадвар, цуу алдраа цэнхэр гаригт цуурайтуулсан. Энэ спортыг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ түүний дараагийн хувилбарыг хүмүүс нэрлэж л байдаг. Харамсалтай нь, тэдний хэн нь ч өдгөө Лионель Месситэй зэрэгцэж ирээгүй байна. Тэгвэл “Дараагийн Месси” гэгдэж байсан тоглогчид өдгөө хаана байна вэ?
Боян Кркич – Виссель Коби
Бояны замналын эхлэл гайхалтай байсан. Тэрбээр Барселонагийн төлөө талбайд гарсан хамгийн залуу тоглогч болж, Мессигийн амжилтыг эвдэж байв. Гэвч үүнээс хойш өөдөлсөнгүй. Италийн Рома, АС Милан, Английн Сток Сити зэрэг багуудад тоглож байсан тэрбээр өдгөө 31 нас хүрчихсэн Японд явна.
“Израил Месси” Гаи Ассулин – Чөлөөт агент
Месситэй адил Ла Масиагаас гарч ирсэн тэрбээр Барселонагийн төлөө нэг ч тоглолтод оролцож чадаагүй. Сүүлд тэрбээр Италийн дөрөвдүгээр лигийн Кремад багт харьяалагдаж байв. 31 настай тэрбээр одоо чөлөөт агент.
“Хорват Месси” Ален Халилович – Рединг
Хорватын Динамо Загребаас Барселонад сүр дуулиантай нэгдэж байсан түүнийг ирээдүйн од, дараагийн Месси гэж олон ч хүн ярьж байсан. Харамсалтай нь санаснаар болсонгүй. 25 настай Халилович Английн Чемпионшип дивизоны Рединг багт тоглож байна.
“Баск Месси” Икер Муньяин – Атлетик Билбао
Каталон үндэстний адилаар Баск үндэстэн ч өөрсдийн Месситэй болохыг хүссэн. Үндэстнийхээ итгэлийг алдаагүй Икер Муньяин өдгөө багийнхаа ахлагч болсон. Месситэй харьцуулахад том амжилт үзүүлээгүй ч Атлетик Билбаогийн фэнүүдийг олон жил баярлуулж яваа залуу.
“Ирак Месси” Хумам Тарик – Аль Ахли
Европт ирж гангараагүй ч Хумам Тарик ойрхи дорнодод муугүй амжилт үзүүлсэн. 26 настай тэрбээр Иракийн шигшээ багийнхаа төлөө 74 тоглолтод оролцсон үзүүлэлттэй.
“Шотланд Месси” Райан Гаулд – Ванкувер Уайткапс
Шотландын Данди Юнайтедэд байхдаа тодорсон Райаныг тухайн үедээ том багууд сонирхож, эцэстээ тэрбээр Португалын Спортингийг сонгосон. Гэвч энэ нь тийм ч зөв шийдвэр байсангүй. Одоо тэрбээр АНУ-ын Мэйжор лигт хүч үзэж явна.
“Япон Месси” Рёо Мияаичи – Йокахама Ф.Маринос
Алдарт дасгалжуулагч Арсен Венгерийг алмайруулж, Арсеналтай нэгдэж байсан Япон залуу үндсэн багийнхаа төлөө ердөө ганцхан тоглолтод оролцсон үзүүлэлттэй. Английн доод лигийн багууд, Нидерланд лигт тоглож байсан Рёо одоо нутагтаа бөмбөг өшиглөж байна.
“Япон Месси” Такэфүса Күбо – Реал Мадрид
Дөнгөж 21 настай Күбо хүү анх Барселонад байсан ч удалгүй буурь сэлгэн Реал Мадридыг сонгосон. Гэхдээ үндсэн багт боломж олдоогүй учир Ла лигийн Маллорка, Вилльяреал, Гетафэ зэрэг багууд руу зээлээр явжээ. Реал Мадрид түүнд боломж олгоно гэж фэнүүд нь найдаж байна.
“Солонгос Месси” Лий Сүн Вү – Сүвон
Барселонад 12 настайдаа нэгдэж, Ла Масиад өнгөрүүлсэн эхний улиралдаа 29 тоглолтод 39 гоол оруулсан гэгддэг Лий Сүн Вү үндсэн багтаа багтаж чадаагүй. 24 настай тэрбээр одоо нутагтаа замналаа үргэлжүүлж байна.
“Египет Месси” Мохаммед Салах – Ливерпүүл
Швейцарийн Базельд байхдаа "Египет Месси" гэж олонд танигдсан Салах өдгөө дэлхийн шилдгүүдийн нэг болсон. Хүмүүс ч түүний “Египет Месси” гэх нэрийг мартжээ. Месситэй зүйрлэгдэж байсан тэрбээр одоо түүнтэй харьцуулагдах болов.
“Африк Месси” Кристиан Ацу – Аль Раед
Английн Челсид дөрвөн жил данстай явсан ч нэг тоглолтод оролцож чадаагүй "Африк Месси" одоо 30 нас хүрч, Саудын Арабд хөлбөмбөг тоглож байна.
“Герман Месси” Марко Марин – Чөлөөт агент
Челси жинхэнэ Мессиг авч чадаагүй ч дараагийн Месси нарыг олноор эгнээндээ элсүүлсэн. Тэдний нэг нь Марко Марин. Эден Азар, Оскар нартай хамт Челсид нэгдэж байсан тэрбээр дөрвөн жил Англид байхдаа ердөө 16 тоглолтод оролцжээ. Сүүлд Унгарын дээд лигт тоглож байсан Марко Марин одоо ажилгүй.
“Альпийн Месси” Шердан Шакири – Чикаго Файр
Шакиригийн ур чадвар, техник, Байерн Мюнхен, Ливерпүүлд хүртсэн цом зэрэг нь Месситэй дөхнө. Гэвч тэрбээр хэзээ ч Европын шилдгүүдийн тоонд багтаж явсангүй. 30 настай Шакири Америкт замналаа үргэлжлүүлж байна.
“Иран Месси” Сардар Азмун – Байер Леверкузен
Оросын Зенитээс Германы Байер Леверкузенд очсон Иран довтлогч өнгөрсөн улирал лигтээ ердөө ганцхан гоол оруулжээ. Гэхдээ тэр шигшээ багийнхаа супер од. Азмун Иранийн төлөө 62 тоглолтод 40 гоол оруулсан супер үзүүлэлттэй.
“Норвеги Месси” Мартин Одегард – Арсенал
15 настайдаа л Европын том багуудын арааны шүлсийг гоожуулж байсан Норвеги хүү олон сонголтын эцэст Реал Мадридтай нэгдэж байв. Үүнээс найман жилийн дараа Одегард шигшээ багийнхаа ахлагч болж, Английн Арсеналд тун давгүй тоглолтыг үзүүлж байна.
Жерар Деулофеу – Удинезе
Барселона өөрсдийн Ла Масиа хүүхдийн академиас Месси шиг олон хүүхдүүд төрүүлэхийг хичээсэн. Гэвч тэр бүр бүтэлтэй байсангүй. Асар өндөр хүлээлттэй гарч ирсэн Деулофеу Английн багуудаар хэсч, одоо Италийн Удинезед хүчин зүтгэж явна.
“Парагвай Месси” Хуан Итурбе – Арис
Португалын Порто, Италийн Рома зэрэг багуудад замналынхаа эхэн үед тоглож, олны анхааралд өртөж байсан Итурбе одоо Грект байна. 29 настай түүнийг Европын том багт дахин тоглоно гэж мэргэжилтнүүд үзэхгүй байна.
Холбоотой мэдээ