Төрийн өмчийн компаниудыг алдагдалтай ажиллуулсан захирлуудыг чөлөөлнө
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Төрийн өмчит компаниуд “Угжны хурга” шиг тэтгүүлээд байж байдаг болчихсон. Шоовдор хүүхдүүд нь хувийн хэвшлийнхэн, айлын эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд байна. Төрийн өмчит компаниудад дарга, даамлын “халаасны” хүмүүс, “цүнх баригч” нар томилогдог. Дарга нартаа таалагдах гэж мөнгө зөөдөг ийм л болсон. Үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани бий. ТУЗ-д 10 орчим хүн байна гэвэл үндсэндээ нэг компанид 20 орчим хүн нийтдээ 470 хүн хэн нэгний гар хөл болж байна. Энэ хүмүүс хамгийн их цалин авч, зугаалдаг. Төрийн өмчит компаниуд ямар өр зээлтэйг байгааг хэлж өгөөч.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД 18 ИХ НАЯДЫН ӨРТЭЙ БАЙНА
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ: -2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наядын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 8.7 хувь буюу 860 тэрбум, цэвэр ашгийн хэмжээ 830 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн өмчийн оролцоотой 105 компани бий. Өр авлагын тухайд 18 их наядын өр төлбөртэй байна. Үүнээс жин дарж буй компанийг нэрлэвэл “Эрдэнэс Монгол” нэгдэл 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, Монголын төмөр зам 1.5 их наяд, Эрдэнэт үйлдвэр 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбумын өртэй гэж гарч байна. Мөн компаниудын өндөр үнийн дүнтэй хуулийн этгээдийг товч танилцуулъя.
Мөн өндөр хөрөнгийн дүнтэй хуулийн этгээдийг товч танилцуулъя. “Эрдэнэс Монгол” нэгдэл 29 их наяд, “Эрдэнэт” үйлдвэр 5 их наяд, Хөгжлийн банк 4 их наяд, “Төрийн банк” 3.7 их наяд гэх жишээтэй байна.
Ашгийн талаар танилцуулахад, хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдээр “Эрдэнэт” үйлдвэр 3.1 их наядаар тэргүүлж байна. Эрдэнэс Монгол нэгдэл 1.5 их наяд, Диспетчерийн үндэсний төв нэг их наяд байна. Хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт” үйлдвэр 901 тэрбумаар манлайлсан бол “Эрдэнэс Монгол” нэгдэл 102 тэрбум, Монголросцветмет 85 тэрбум, Улаанбаатар төмөр зам 69, Төрийн банк 45 тэрбум гэсэн үзүүлэлттэй байна.
ТӨХК-ИЙГ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛУУЛБАЛ ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА, ТУЗ-ИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Харин тийм ээ С.Бямбацогт гишүүн ээ. Ийм системээр 30 жил явлаа. Үүнийг өөрчлөх гэж энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Гэнэт мэдэж байгаа зүйл биш. Төрийн өмчит компани алдагдалтай ажилладаг, алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д төрийн төлөөллүүд ордог тогтолцоог халахын тулд хуулийн төсөл оруулж ирлээ. ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Гүйцэтгэх удирдлагыг мөн ялгаагүй ТУЗ-ийн баталсан дүрмээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн өмчийн оролцоотой компаниудад тавьдаг тогтолцоог бий болгох нь энэ хуулийн үзэл баримтлал юм. Төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлнө. Чөлөөлөх үндэслэл болно. Дараагийн өөр төрийн өмчит компанид, ТУЗ болон захирлаар очих нөхцөл бололцоог хаана. ТУЗ-д нөөцийн систем бүрдүүлнэ. Төрийн төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно гэсэн агуулгаар орж ирж буй.
Төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкин дах өр төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг асуудал Засгийн газар дээр огт яригдаагүй. Харин тухайн компаниудын хувьцааг дахин хөрөнгөжүүлэх, санхүүжүүлэх байдлаар Хөгжлийн банкин дах өр төлбөрийг барагдуулах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шатандаа явж байна. Яг адилхан хувийн сектортой адилхан Хөгжлийн банкны өрийг төрийн өмчит компаниудаар өөрөөр нь төлүүлэх бодит ажил хийгдэж байна.
ЗАСАГ ДАРГА ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛДОГ БАЙЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Хуулийн төсөлд Засаг дарга орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийг чөлөөлөхөөр байна лээ. Тэдгээрийг сонгон шалгаруулахдаа орон нутгийн өмчийн хариуцсан засаг захиргааны нэгж гэсэн байсан. Томьёолол нь буруу шүү. Засаг дарга ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Урамшууллын тогтоодог байж болохгүй. Иргэдийн хурал байх ёстой. Өмчийн эзэн өөрийнхөө төлөөллийг томилдог, харин Засаг дарга санал болгодог байвал дээрх байх. Орон нутагт улстөржилт, хахуулыг бий болгодог газар бол орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байдаг. Яагаад гэхээр ТУЗ-д улстөрчид орж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчийн компанийн ТУЗ-д орно. Цалин урамшуулал авна. Нэг хүн гэхэд 100 гаруй сая төгрөг авна. Гүйцэтгэх захирал ТУЗ-тай гэрээ байгуулаад дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд бизнес төлөвлөгөөнөөс давсан нэг хувь гэдэг байдлаар тавьчихаар хэдэн зуун сая, тэрбумын асуудал болж байна.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хууль олон саад бэрхшээл туулж энэ танхимд орж ирсэн. Энэ танхимд оруулахгүй байх их том мөнгөний сонирхол байж ирсэн. Өнөөдрийг хүртэл төрийн өмчит компаниудыг байгуулж, хүнээ тавьж шахаа хийж, хамаг баялгийг хувьдаа идэж, гахай шиг таргалж ирсэн хүмүүс оруулж ирэхгүй саад болж байсан. Х.Нямбаатар сайд уг хуулиар авлигачдын эрх ашгийг хөндөж буй. 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ байгалийн баялгийг нийт ард түмэнд хүртээх өөрчлөлт хийсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр “Баялагтаа эзэн Монгол” байсан. Баялгийн сангийн хууль, Газрын багц хууль орж ирэх ёстой. Цогцоороо нийт ард түмэнд баялгийг хүртээх зүйлийг хийнэ.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Төрийн нийтийн өмч гэдэг нэр томьёог эргэж харах хэрэгтэй. Төр нийтийн аюулгүй байдлыг сахин хангах гадаад дотоод чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс иргэдийн санаачилгаар бий болгосон засаглалын нэг байгууллага. Энэ томьёоллоор авч үзвэл нэр томьёоны хувьд эргэж харах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.
-УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт бүгд ярьж байна. Ярьж байгаа бол 6.2-ийг янзалчихмаар юм байна лээ. Дэлхийд төрийн нийтийн өмч гэдэг ойлголттой нэг ч улс байхгүй. Google-ээс хайхад ийм үг гарч ирэхгүй. 1921 онд Үндсэн хууль бичиж байсан н.Цэвээнжамсрайнов бол улсын эрх гэж Үндсэн хуулийг томьёолж байсан. Яагаад гэхээр улс гэдэг ойлголтод төр, иргэд хамтдаа багтаж байж улс гэж яригддаг. Ард түмэнгүй төр, төргүй ард түмэн гэж байхгүй. Тиймээс улсын өмч гэдэг агуулга нь зөв юм байна лээ.
ЭНЭ ХУУЛЬ ЗӨВ ГАРСАН БОЛ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Энэ хуулийг зөв хийхгүй бол баялгийн сан, орлого, хуримтлал, хөгжлийг ярих боломжгүй. Зөв хийсэн хуулиа ягштал мөрдүүлж чадахгүй бол төрийн өмчийн компани гэж ярих хэрэггүй. Өнөөдөр төрийн өмчийн компани хувийн хэвшилтэй өрсөлдөж, чөлөөт зах зээлийн зарчим дээр хуульчилж оруулж ирж болохгүй. Тусгайлсан хууль гаргах гэж байгаа бол суурь зарчмыг тусгах ёстой. Угтаа бол хууль гаргахгүйгээр Компанийн тухай хуульд “Засгийн газар ямар нэг байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх, томилгоо хийхийг хориглоно” гэсэн зүйл заалт байх ёстой байсан юм. Өнөөдөр орж ирсэн хуульд алдаа байна. Төрийн нөлөөллийг илүү ихэсгэх, компани бие дааж шийдвэр гаргах эрхэд нь нөлөөлөх хууль болох гээд байна. Энэ хууль зөв гарсан бол төрийн өмчийн хороо татан буугдах ёстой. Төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яам төрийн өмчийн компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой.
Ашгийн төлөө арилжааны зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Томилгоог Засаг дарга, ТУЗ-ийг яамдууд томилох гэж байна. Болохгүй бүтэхгүй зүйлээ хуульчилж оруулах шаардлага байгаа юу. Өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг, дарамт шахалт үзүүлдэг байдлыг хуульчлах шаардлагагүй. Нэг заалтыг хараарай. “Засгийн газрын бүрэн эрх гэж юу байна вэ гэвэл 21.2.11-т нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах саналыг төрийн болон орон нутгийн өмчийн гүйцэтгэх захиралд өгнө гэж байна. Гишүүд энэ заалтыг анхаарах ёстой. Яг ийм заалт байхгүй байхад хэрэгжүүлдэг байсан. Үүнийг хуульчлах ямар шаардлага байгаа юм. "Тавантолгой"-д 1.5 их наядыг төмөр замд хэмээн гаргаад тавьчихсан. Эрдэнэтийн орлогоор жорлон ухаж байна. Дэлхийгээс гажсан хууль зохиох шаардлагагүй.
Хууль зүйн яамны ТНБД П.САЙНЗОРИГ:
-Зарчмын хувьд Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Энэ хуулийн үндсэн институтийн ч гэсэн төр өөрөө оролцох, оролцохгүй салбараа тодорхойлж бизнесийн үйл ажиллагаанд оролцох, үнэхээр компани байгуулж бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бол төрийн өмчийн бодлого буюу зохицуулах чиг үүргээ ялгамжтай ханд гэдэг зүйл бий. Татвар авдаг төр хэмээх институцийн чиг үүрэг юу юм, төрийн өмчийн компанийн ард нийтийн баялаг яваа шүү дээ.
Энэ хуульд төрийн Сангийн яам гэдэг юм уу төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх агуулга байхгүй. Мэдээж төрийн өмчийн компани байгуулж байгаа бол ногдол ашгийн бодлогоор Сангийн яамтай уялдана. Энэ хууль Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн хууль, Хөгжлийн сангийн хуультай уялдана.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Бидний хамгийн арчаагүй байдал сая танилцуулгад байна. Төрийн өмчийн нэгдсэн бүртгэл байхгүй учраас Төрийн өмч, Сангийн яам, Аудитын газар гурван өөр тоо хэлж байна. Үнэндээ төр өмчөө мэдэхгүй байна. Энэ хууль гарвал Б.Цэнгэл дарга юу хийх нь нэмэгдэж, юу хийх нь хасагдах юм. Хууль зүйн техник, найруулгаа бодоорой. 24 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчийг хариуцсан тухайн засаг захиргааны нэгжийн чиг үүрэг гэж заасан байна. Засаг захиргааны нэгжийн чиг үүргийг энэ хуульд заахгүй. Улс төрийн албан тушаалтныг ТУЗ-д оруулахгүй нь зөв. Гуравны нэгээс доошгүй нь төрийн захиргааны төлөөлөл байна гэж байна. Томьёоллоор төрийн захиргааны байгууллага гэдэг нь яам, агентлагаа хэлээд байгаа юм уу. Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гэж цаашдаа хууль тогтоомжид бий болох юм уу.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал хэллээ. Тэрбээр “Сүүлийн үед төр сошиалаар асуудалд ханддаг нь хэрээс хэтэрч байна. Өчигдөр Зайсанд хэдэн гэр буулгах, тэндэхийн ажилтныг баривчиллаа. Энэ арай хэтэрч байна. Төр зөвшөөрснөөс бусдыг явуулах боломжтой. Харин аж ахуй нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Өөрсдөө аялал жуулчлал явуул гэж зөвшөөрөл өгчхөөд буцаагаад дээрэмдэнэ гэдэг буруу зүйл. Эндээс харахад төр олон зүйл рүү төр дайрч орлоо. Төр Хөтөл рүү дайрч орсноос болж цемент гаргахаа байчихсан. Хөгжлийн банкнаас зээл авсан "Бэрэн"-ийн асуудал юу болов.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй. Чанартай мах байгаа. Үүнийг экспортолбол 100 гаруй мянган ам.доллар олох боломжтой. Ингэж сошиалд автаж төр засгийн үйл ажиллагаа явагдана гэдэг буруу. Цаашдаа бүх зүйлийг та нар социализм руу буцаагаад аваач л даа. Хамаг орлого олдог бизнес рүү гээ дайрч болохгүй. Эцэстээ ямар ч орлогогүй болох байдал руу очиж байна. Чөлөөт зах зээлийг дэмжих арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ.
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сонсоно
УИХ-ын хаврын ээлжит чуулганы /2022.06.10/ хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна.
· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариу сонсох
1.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариу
2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Төрийн өмчийн талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариу
· Бусад
Холбоотой мэдээ