Үйлдвэрлэгчдээ сөхрүүлэх Үндэсний засаг

Хуучирсан мэдээ: 2022.06.10-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчдээ сөхрүүлэх Үндэсний засаг

Үйлдвэрлэгчдээ сөхрүүлэх Үндэсний засаг

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр өмнө нь хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгоод аваад, засан тохинуулагчаараа “оймс” гэж олноо алдаршсан нөхрийг илгээжээ. Хувийн хэвшлийнхэн шулаач гэх хуучны коммунист сэтгэлгээ нэвт шингэсэн “Чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар” гэх уриаг албан ёсны цахим хуудастаа байршуулсан байх юм. Эрэлт нийлүүлэлтээс хамаарч үнээ тогтоодог зах зээлийн жам ёсны хуулийг гажуудуулж буй тод жишээ. Төр хувийн хэвшилээ сөхрүүлэх бодлого барьж буйн баталгаа нь эл болов.

Хөгжлийн банкны дуулиан дэлгэгдэхэд хамгийн түрүүнд хараалж байгаад харлуулсан зээлдэгчид нь дэлхийн стандартыг нэвтрүүлсэн цементийн үйлдвэр барьсан хоёрхон бүсгүй байсан. Тэднийг өчнөөн хөрөнгөтэй хэр нь хүү багатай зээл авчаад төлөх болохоороо луу унжиж байгаа мэтээр нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх мэдээллийг цацсан. Авч асуудал бодит байдал дээр ондоо төдийгүй тэд зээлээ төлөх хугацааг нь хойшлуулж, валютын үнийн ханшаас үүссэн алдагдалд наанатай, цаанатай хандахыг хүссэн нь ил болсон билээ.

Энэ ажлыг эхлүүлэхийн тулд нэгэн статистик гарган тавьсан нь цементийн үнэ 2020 оноос хойш 30 хувиар өссөн гэх мэдээлэл байв. Гэтэл хил хаагдсанаас шалтгаалан цементийн импорт 33 хувиар буурчээ. Харин дутагдсан цементийн хэрэгцээг дотоодын аж ахуй нэгжүүд хангаж эхэлсэн байна. 2020 оны арванхоёрдугаар сард тонн цемент 190 мянган төгрөг байсан бол 2022 оны гуравдугаар сард 250 мянган төгрөг болон нэмэгдсэн байна. Угаас нийлүүлэлт багасахад эрэлт нэмэгдэж, үнэд өөрчлөлт ордог гэдгийг энэ нийгмийн эд эс бүхэн ойлгодог. Харин эрх мэдэлтнүүд үгүй байж мэднэ. Цементийн үнэ өсөх гол шалтгаан нь түүхий эдийн үнэ, ханш, тээврийн өртөг, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотой гэж аж ахуй нэгжүүд мэдээлжээ.  Цар тахлын үеэс эхэлсэн ханшны өсөлт Орос, Украины дайнтай холбоотойгоор тавьсан хориг арга хэмжээнүүдээс улбаалан, эрчим хүчний тариф 92, нүүрс үнэ 130,  төмөр замын тариф 26, тээврийн үнэ бүр 900 хувиар тус тус өссөн үзүүлэлт байна.

Шадар сайдын судалгаа, шинжилгээгүй хардлагаар хийсэн мэдээллийн ачаар энгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж улам бүр алсарч байх шиг. Засгийн газраас Монголбанкинд тулгасан попролын улмаас ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулснаар, түүнээс үүдэх зардлыг МИК нөөц сангаасаа гаргах болж, улмаас банкнуудын олгосон ипотекийн зээлийг худалдан авах боломжгүй болжээ. Ингэснээр шинээр байр авч буй иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжгүй болж байна. Эцсийн цохилт иргэд дээр ирж буйн ганц жишээ нь энэ.

Архи үйлдвэрлэгчдийг ад үзэж, улстөрд орохыг нь хуулиар хориглох тухай санаачлага гаргаж байсан улстөрчийн өөрийнх нь үйлдвэр өнөөдөр хүнд байдалд орчихлоо. Үмхий махнаас үүдэлтэй эхэлсэн үйл явц үйлдвэрлэгчдийн эсрэг олон нийтийг турхирах болов. Хиам, махан бүтээгдэхүүний худалдан авалт эрс буурсан талаар захын хүнсний дэлгүүрээс мэдэж болохоор байна. Зөвхөн өөрийгөө бодоод өрсөлдөгчөө, бусдыгаа булшлах гэсэн улстөрчийн увайгүй үйлдэл яван явсаар өөрийнх нь бизнестэй нүүр тулахад оройтсон гэмшил болсон нь ойлгомжтой.

Монголд архи үйлдвэрлэгчдийг ад үзэх хандлага улстөрчдийн зүгээс байнга гардаг болсон төдийгүй гэр бүлийн хүчирхийлэл, салалт, гэмт хэргийн хамаг буруутан нь хар ус мэтээр ярих үзэгдэл газар авчээ. Гэвч архидалтын эх үндэс болсон ажилгүйдэл, ажлын байрны хомсдол, ашиг орлогогүй байдлыг хэн ч ярихгүй. Хамгийн сүүлд л гэхэд олимпийн аварга Н.Түвшинбаярын хүн амины хэргийн буруутай нь хүн биш архи мэтээр ярьцгааж байна.

Гэтэл иргэдийн амарч зугаалах, агаар салхинд гарах боломжийг хаан боогдуулсан үндэслэлээр Дугуй цагааны шавар гэрүүдийг хүч түрэн нураав. Өмчөө сүйтгүүлсэн эзэмшигч нь тэмцсэн боловч цагдаагийнхан хүчээр баривчилах нь тэр. Архидалтын үүр, уурхай болсон амралтын газрыг нураасанд олон нийт алга ташаад сүйд. Гэхдээ хувийн өмч рүү эрх мэдлээр халддаг энэ мэт үйлдэл улам бүр газар авсаар байх аж.

Гэтэл архи үйлдвэрлэгчдийг ад үздэг шиг Монголд ямар ч татваргүйгээр цэцэглэдэг импортын виски, коняк гэхчилэн өндөр градустай согтууруулах ундаа хүргэлтээр зардаг бүхэл бүтэн сүлжээ бий болчихлоо. Түүнийг хэн ч ярьдаггүй төдийгүй татвар төлж, хэвийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдээ ад үзэх маягтай. Асуудлыг хүчээр хориглоод амжилт олсон түүх дэлхий дээр алга. Харин түүний лайгаар далд бизнес цэцэглэж, гэмт хэргийн бүлэглэлүүд дийлдэхээ байсан түүх өчнөөн олон аж.

Төрийн хувийн өмчид халдах тэрхүү түрлэг үнэтэй хаус, эрх мэдэлтний өмчтэй нүүр тулахаараа ямар хүчгүй болдог жишээ нураасан шавар гэрийн хойхно сүндэрлэсэн хаус хорооллоос харж болно.

Ер нь төр үндэсний үйлдвэрлэл гэсэн бүх зүйл рүү дайрч байна. ТҮЦ-ны ядарсан эмэгтэйгээс элдэв шошго нэхэж, түүнийгээ олны танил дуучинтай лайвдаж эхэлсэн нөхөр өдгөө сайд болтлоо дэвшжээ. Махны үнийг хүчээр барих гэж баахан байцаагчдаа “Хүчит Шонхор” дээр байршуулан сүрийг үзүүлж л байсан. Гэтэл иргэдэд хамгийн хэрэгтэй эрүүл ахуйн стандарт шаардлага хангаж буй эсэхийг огтхон ч шалгадаггүй, шаарддаггүй байсан нь одоо батлагдаж байна.  Үүний буруутан нь үйлдвэрлэгчид бус төрийн хяналтынхан билээ. Тэд цемент рүү дайрсан. Цемент юу боллоо.Үнэ нь өссөн. Одоо мах руу дайрч байна. Үүнийх нь балгаар өдийд хямдарчихдаг мах үнэтэй хэвээрээ л үлдлээ.  Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой болохоос дайрч болохгүй. Гэтэл үндэсний үйлдвэрлэлээ сөхрүүлэх үйл ажиллагааг үндэсний Засгийн газар нь хийж байна. Үр дүнд нь цөөхөн хэдэн үйлдвэрлэгчдээ улам бүр цөөрч, үнийн өсөлт, бусдаас хамаарал улам бүр газар авч байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж